ШӨХТГ-аас өнгөрөгч гуравдугаар сард “Аса” циркийн үйл ажиллагаанд шалгалт хийж, “Зориулалтын дагуу ашиглахгүй байна” гэсэн дүгнэлт гаргаж, зөрчлөө арилгах есөн сарын хугацааг тус циркийн удирдлагуудад өгсөн. Энэ талаар өчигдөр ШӨХТГ-ын дарга О.Магнай мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Цирк циркээрээ л үйл ажиллагаа явуулах байх ёстой. Гэтэл баар цэнгээний газар болж хувирлаа. Циркийн талаар ярих нь хувийн өмчид халдаж байгаа хэрэг биш.

Анхнаасаа циркийг хувьчлахдаа менежментийн гэрээгээр буюу “Тухайн объектыг хувьчилж авсан иргэн циркийн үйл ажиллагааг үргэлжлүүлнэ” гэж авсан. Энэ асуудлыг шийдвэрлэхээр Төрийн өмчийн хороо /ТӨХЛоос ажлын хэсэг гарч “Аса” циркийн одоогийн үйл ажиллагаанд шалгалт явуулна гэсэн.

Гэтэл одоо болтол таг. Сүүлдээ надаас зугтаагаад, энэ шалгалтын талаар хариу өгөхгүй байна. Манайхаас “Роял плаза” гэх байгууллагад нь албан бичиг хүргүүлсэн. Гэтэл албан бичгийн хариу ирүүлэхгүй УИХ-ын гишүүд, дарга нарыг утсаар яриулж байна.

Тухайлбал, ССАЖ-ын сайд асан Ц.Оюунгэрэл “О.Магнай наад ажлаа зогсоо” гэж утсаар ярьж байсан. Ийм салбарын сайд байж болох уу. Манайх уг нь Ц.Оюунгэрэлийг сайдаар ажиллаж байх хугацаанд “Циркийг зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулах шаардлагатай байна” гэсэн хүсэлт явуулсан. Гэтэл сайд нь хариу ирүүлэхгүй удсаны эцэст ийм хариу өгсөнд гайхсан.

Харин ашгүй Ц.Оюунгэрэл сайдаасаа огцорлоо. Дараагийн сайд энэ асуудлыг анхааралдаа аваасай гэж хүсч байна” гэв. Мөн “Мөнгөтэй, бяртай хүмүүст ч хууль үйлчилнэ гэдгийг дахиад хэлье. Ямартай ч хуулийн дагуу бүх зүйлийг явуулах учраас ТӨХ-ныхон “Аса" циркт шалгалт явуулах хэрэгтэй байна” хэмээн онцолсон юм.

ШӨХТГ-ын даргыг цагдаагийн байгууллага байцааж байна

Уг мэдээллийн үеэр арилжааны банкуудын үйл ажиллагааны зардал хэмээн иргэдээс авдаг нэг хувийн хүү мөнгөний талаар тодруулсан юм. Тэрбээр “Арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо үйл ажиллагааны зардал нэрийдлээр нэг хувийн шимтгэл авдаг. Зээлсэн мөнгөний нэг хувийг суутгадаг атлаа тэр суутгасан мөнгөнийх нь хүүг иргэд төлж байгаа нь байж боломгүй асуудал шүү дээ.

Манайхаас явуулсан шалгалтаар энэ үйлчилгээг хууль бус болохыг тогтоож, банкуудад шаардлага хүргүүлсэн. Гэвч арилжааны банкны эзэд үүнийг эсэргүүцэн шүүхэд хандаж, шүүх хурал нь удаа дараа хойшилсоор өдий хүрлээ.

Тухайлбал, анхны шүүх хурал өнгөрөгч аравдугаар сарын 15-нд болох тов гарсан. Гэтэл банкны удирдлагууд шүүхтэй тохиролцоо хийж шүүх хурлыг аравдугаар сарын 29 хүртэл хойшлуулсан. Гэвч дахин хойшилж арванхоёрдугаар сарын 9-нд шүүх хурлын товыг зарласан ч дахиад ямар шалтгаантай нь тодорхойгүй хойшилчихлоо.

Одоо энэ сарын 24-нд болох тов гарсан. Энэ удаад хойшлуулахгүйгээр шүүх хурлаа явуулмаар байна. Хэн нь буруутайг тогтоомоор байна шүү дээ. Намайг шүүхэд өгсөн үндэслэл нь “Хэвлэлээр банкны үйл ажиллагааны талаар мэдээлсэн’’ гэж үзсэн.

Би хэвлэлээр мэдээлэл өгсниихөө төлөө ял авах ёстой юм бол ялаа үүрье л дээ. Хамгийн гол нь шүүх хурлаа хиймээр байна. Шүүх хурлаар банкуудын буруутайг тогтоовол өнгөрсөн гурван жилийн хугацаанд авсан нэг хувийн хүүгээ иргэдэд эргүүлж өгөх ёстой.

Энэ нь хэдэн их наядаар тоологдох мөнгө учраас банкууд ийнхүү асуудлыг сунжруулж шүүх хурлыг хойшлуулж байна. Шүүх ч гэсэн мөнгөтэй хүмүүсийн талд ажилладаг нь эндээс харагдаж байна. Мөн хэрэгтэй холбоотойгоор Захиргааны хэргийн 20 дугаар шүүхийн шүүгч С.Төмөрбаатар намайг “Банкны эздийг дарамталсан” гэх асууДалд буруутган Чингэлтэй дүүргийн цагдаад өгсөн. Өдөр болгон шахуу цагдаагаас намайг ирж мэдүүлэг өгөхийг шаардаж байна” гэв.

УИХ-ын гишүүн Д.Арвин эвлэрлийн гэрээгээ зөрчжээ

Харин ШӨХТГ-ын дарга О.Магнай СӨХ-ны асуудлаар мэдээлэхдээ “СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүнээр УИХ-ын гишүүн Д.Арвин ажилладаг. Уг дээд зөвлөл нь бусад орон сууцны СӨХ-ноос татвар авдаг. Өөрөөр хэлбэл, иргэдээс татвар авч байгаа гэсэн үг.

Үүнийг тооцвол 568 сая төгрөг хуримтлуулсан байна. Тиймээс уг’татварыг цуцлуулж, иргэдэд эргүүлж олгуулахаар энэ оны нэгдүгээр сард шүүхэд хандсан. Мөн тус газрыг татан буулгах асуудлыг ч хөндсөн.

Тэр үеэр СӨХ-ны дээд зөвлөлийн тэргүүн Д.Арвин “Манайхыг битгий татан буулгаач. Одоо СӨХ-ноос татвар авахаа болъё” гэсэн. Ингээд манайхтай 2013 оны долдугаар сарын 3-нд эвлэрлийн гэрээ байгуулсан. Гэтэл дахиад татвар авч эхлэсэн учраас тус СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах хүсэлт гаргаад байна” гэсэн юм.

ШӨХТГ иргэдийн эрх ашгийг зөрчсөн эдгээр зөрчлүүдийг арилгахын тулд тууштай тэмцэж шүүх хурлыг товлосон хугацаандаа явуулж, иргэдийн талд шийдвэрлэж өгөхийг хүсч байгаа аж.

Б.Цэцэгдэлгэр