"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн санаачлагч, редактор П.Анужинтай хийсэн бямба гаригийн ¹299(4939) дугаар дахь "Манайд лили амьдардаг"ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

-Эхэн үедээ мэргэжлийн бус гэдгээс эхлээд хэл ам өөрт тань мэдрэгдэж л байсан байх. Гэхдээ мэргэжлийн байгууллагуудын шагнал танай нэвтрүүлэгт ээлж дараалан ирж, хүмүүсийн эргэлзээг, дэл сул яриаг дарж өгөх шиг болсон. Ер нь сэтгүүлч болох тухай боддог байсан уу?

-Би арван жил төгстлөө сэтгүүлч болно гэж боддог байлаа. Тэгээд өөр мэргэжил сонгосон ч хувь тавилан намайг хийх ёстой бас хүсч байсан ажилд минь хүргээд өгсөн. Арван жилд байхдаа монгол хэлний олимпиадад амжилттай оролцож, шүлэг бичдэг байв. Болгар улсад болсон Олон улсын хүүхдийн шүлгийн IV ассамблейд таван шүлгээрээ оролцож, мөнгөн медаль хүртэж байлаа.

-Арван жилд байхдаа л бүжиглэдэг, "Манлай охин" тэмцээнд түрүүлж явсан гэж дуулж байлаа. Бас шүлэг бичиж, уралдаанд орж байжээ...

-Хүүхэд бүр л шүлэг бичих гэж үздэг шүү дээ. Тэгээд монгол хэлэндээ сайн, шүлэг энэ тэр бичдэг хүүхэд бүр л тэр үед монгол хэлний анги, сэтгүүлчийн ангид орно гэж боддог байсан байх. Намайг хүүхэд байхад манайхан нагац ахынхтай хамт амьдардаг байлаа. Нагац анх маань Монгол Улсын шинэ төрийн сүлд, тамгыг бүтээсэн Ц.Ойдов юм шүү дээ. Ахынхаар тэр үеийн урлаг соёлынхон, яруу найрагчид, тэрслүү үзэлтнүүд гэгдэж байсан зохиолчид их цуглардаг байсан. Яруу найраг, ном зохиол, уран зураг, соён гэгээрүүлсэн их яриан дунд л миний хүүхэд нас өнгөрсөн санагддаг. Сургуулиа онц төгсч, их сургуулийн элсэлтийн шалгалтад өндөр оноо авчихаад хөөр болж зогсохдоо гэнэт л өөр шийдвэр гаргачихсан. Тэр үед хүүхэд бүр л МУИС-ийн харилцааны ангид орно гэдэг байлаа шүү дээ. Бусдыгаа дагаж шуураад л, өндөр оноо авсан хүн гээд л харилцааны ангид орчихож билээ.

-Та олон сайхан хүнтэй уулзаж ярилцаж, тэр хүмүүсийг нээхийг оролдож яваа хүн. Харин энэ удаад өөрийг чинь нээхийг хүсч байна. Ер нь хүүхэд үеэс чинь ярилцлагаа эхэлмээр байна. Эцэг, эхээс хэдүүлээ вэ. Ээж аавынхаа талаар ярина уу?

-Эцэг эхээс хоёулаа. Аав, ээж маань хуучны хэллэгээр сэхээтэн, баяжуулагч, эрдэс судлаач мэргэжилтэй хүмүүс. Тэднийгээ бүтэн илэрхийлэх сайхан үг надад дутах вий гэж айж байна. Ямартай ч би сайн аав, ээжийн охин гэдгээ л хэлмээр байна. Аав маань намайг нэгдүгээр ангид ортол газар буулгахгүй үүрч, эрхлүүлж өсгөсөн. Дүү бид хоёрыг ер бусын тайван орчинд, амар амгалан өсгөснийг би сүүлд хүний гэргий болсон хойноо ойлгосон. Намайг багад нэрээр минь дуудаж сэрээлгүй, үнсч сэрээдэг байж билээ. Миний ээж бол хэзээ ч нугарч хугарахгүй, тун зарчимч гайхалтай эмэгтэй. Ээж минь биш байсан ч дагаж биширмээр хүн.

-Телевизийн энэ том төсөлд орохоос өмнө зөв хооллолтын талаар хүмүүст зааж сургадаг багш байсныг тань мэднэ. Тэр замналд орсон чинь ч өөрийн учир шалтгаантай байсан гэдэг?

-Тийм ээ. Бүхий л зүйл учир шалтгаантай. Хүнд өвдөж, амьдралд тэсч үлдэх аргаа эрж хайж явахдаа хоол хүнсээр дамжуулан эрүүл болох ухааныг олсон юм. Хоол хүнс гэж ярих ч үүний цаана хүн болж, бие, хэл, сэтгэл гэгээрэхийн маш том ухаан байдаг. Бидний өглөө, өдөр, оройгүй ам руугаа халбагадаж байгаа хоол хүнс нь өөрийн биед ямар нөлөө үзүүлж байдгийг ухаж ойлгодоггүй. Хоол хүнсийг ходоодоо дүүргэх төдийд л боддог. Гэтэл хоол хүнс хүний эрүүл мэнд, гоо үзэсгэлэн, оюун санаанд хамгийн хүчтэй нөлөөлж байдаг зүйл. Өнөө цагт хэлбэрт ач холбогдол өгөхөө больж байна шүү дээ, хэлбэрээ анхаараад гаднаас нь угааж цэвэрлээд байхаас хүн болсоор бие махбодь, оюун санааны их цэвэрлэгээг дотроос нь хийх тухай огт мэдэлгүй, ач холбогдол өгөлгүй энэ насыг бардаг нь харамсмаар л санагддаг.

-Хүмүүст эрүүл хооллох, амьдралын зөв хэв маягийг мэдүүлж, түгээнэ гэдэг буянтай ажил. Одоо телевизийн энэ завгүй ажлын хажуугаар үүнийгээ хийж амжиж байна уу. Ийм ажлаа орхиод хэл ам дагуулсан энэ салбарт орсондоо харамсдаг уу?

-Баярлалаа танд, энэ ажлыг маань буянтай ажил гэж онцолсонд. Үнэндээ тэр сайхан ажлаа төдийлөн хийж амжихгүй л байна. Эрүүл зөв хооллолт, бие махбодио дотроос нь цэвэрлэж ариусгахын ухааныг хүмүүст түгээж, ярьж эхэлсэн цагаас хойш олон хүн эрүүл мэндийн асуудлаа шийдэж, баяр баясгалантай, өөртөө итгэлтэй амьдарч явааг харахад баярлах сэтгэл эрхгүй төрдөг. Түүнээс гадна Монголд органик хүнсийг хэрэглэх ёстойг ойлгосон хэрэглэгчдийг бий болгож, үүнийг дагаад ийм төрлийн бүтээгдэхүүний урсгал манайд орж ирж, дэлгүүр бүрт органик хүнсний тасаг цаашлаад төрөлжсөн дэлгүүрүүд бий болсныг иргэнийхээ хувьд монгол хүний эрүүл мэнд, хүнсний салбарт оруулсан хувь нэмрээ гэж боддог.

Телевизийн салбарт орсондоо огт харамсдаггүй ээ. Хийх л ёстой ажил маань байсан.

-Хүний юу идэж байгаа нь нүүрэн дээр нь илэрч, бодол санаад нь нөлөөлж байдаг гэж үнэн үү?

-Тийм ээ, хүний нүүрэнд илэрдэггүй нуугдаж үлддэг юм гэж нэгээхэн ч байхгүй. Бүр тод бичээстэй байдаг. Будгаар дарахын аргагүй, үгээр өөрийнхөө тухай юу ч гэж яриад нүүр царай, бие махбодь чимээгүйгээр бидний үнэн түүхийг илэрхийлж байдаг.

-100 эрхэм нэвтрүүлэг, 100 чухал сэдэв чинь гарах болгондоо л шуугиан дагуулах юм. Та нар чухам голыг нь олоод байна уу, эсвэл нийгэм маань ийм эмзэг мэдрэг байна уу. Сэдвээ, урих хүмүүсээ чухам ямар шалгуураар тодруулдаг юм бэ?

-Аль аль нь байгаа байх аа. Чухал 100 сэдэв бол хүмүүс бидэнд санал тавьж, эсвэл бид өөрсдөө тухайн сэдвийг хөндөж хийдэг. 100 Эрхмийн хувьд бол нэвтрүүлгийн зөвлөл гэж бий, түүгээрээ хэлэлцэн зочдыг шийддэг.

-"Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлэг бүрийн дараа мөнгө авсан байх гэсэн хардлага гардаг. Хэнээс ч хэзээ ч мөнгө авч байгаагүй талаар баталж чадах уу?

-Нэвтрүүлэгт орсон бүх зочдыг дуудаад асуухад хариулт тодорхой болно. Энэ бол нүүр бардам баталгаа. Өдийг хүртэл байнга хардуулж элдвээрээ хэлүүлж байгаа ч шантрахгүй, цуцахгүй хийгээд байгаа залуучуудаа муулж гутаах бус ядаж урам хайрлаж хэдэн дугаар хийлгээд авбал хожим бас хэрэг болж юуны магад гэж боддог. Манай багаас илүү чадалтай залуус зөндөө бий, гэхдээ ашгийн төлөө бус нэгдэж нийлж ийм ачаалалтай ажлыг хийж гүйцэтгэнэ гэдэг бол авьяас байгаад ч тийм амар хийчих зүйл биш. Багийнхаа тухай өдийг хүртэл хаа нэгтээ их даруу, дарж хариулж ирлээ. Бид түүх бичих гэж сэтгэл зүрхээрээ хичээн зүтгэж яваа, энэ бол бага хөдөлмөр биш. Мөнгөтэй л бол "Монгол Тулгатан" шиг нэвтрүүлэг хийнэ гэж ярьж бичихийг зөндөө үзлээ. Хийсэн юм бүхэн ашиг олж байх ёстой гэсэн ядмаг бодлоос илүү сэтгэлийн юм гэж байдаг шүү дээ, тэр тусмаа монголчууд бидэнд. Уг нь иймэрхүү агуулга хүрээтэй нэвтрүүлгийг улс нь бодлогоор санхүүжүүлээд аваад явах хэрэгтэй шүү дээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн хийх ёстой ажил. Төсвөөс өгдөг мөнгийг телевизийн сайн контентуудыг худалдаж авахад зарцуулдаг, эсвэл сайн уран бүтээлийн багт тендер зарлаад үндэсний бүтээгдэхүүн, уран бүтээлийг дэмжих бодлого явуулдаг байх ёстой. Өчүүхэн тус үзүүлэхгүй атлаа ийм байна, тийм байна гээд дээр доргүй муулаад доромжлоод байгааг юу гэж ойлговол зохилтой вэ. Амьдралд чинь хуруун чинээ тус болохгүй байж хүрч ирээд ингэ тэг гээд дайраад байвал хэн ч гэсэн нэг юм хэлэх л байх. Үүнтэй л ижил ойлголт.

-Ер нь ийм нүсэр, ажиллагаатай нэвтрүүлгийг амьдруулахын тулд төлбөр авдаг байж болохгүй юм уу?

-Хэнээсээ төлбөр авах вэ дээ. Манай нэвтрүүлгийн эрхмүүдийн дундаж насыг анзаарч харж байсан уу. Урсгал зардлаа л чадан ядан олох тухай бодохоос ашгийн тухай бодох ямар ч боломжгүй төсөл. Ядаж телевизийн сайн контент худалдаад авдаг эрүүл тогтолцоо байдаг бол урсгал зардлаа нөхнө гэхсэн, гэтэл тогтолцоо маань ямар байгаа билээ, оюуны өмчийн үнэлгээ ямар байгаа билээ. Өөр баг байсан бол энэ нэвтрүүлгийг аль хэдийнэ ашигтай байдал руу шилжүүлэх байсан байх аа. Бид энэ төслийг анхнаасаа ашиг олох зорилготой хийгээгүй, тэр зорилгынхоо төлөө өнөөдрийг хүртэл үнэнч яваадаа өөрсдөөрөө маш их бахархдаг. Бас биднийг телевизүүдэд мөнгө төлж цацдаг гэх нь бий. Хаана байна тэр их мөнгө. Харин ч контентийг худалдаж авах ёстой биз дээ.

-Б.Баатар найруулагч нэгэн ярилцлагадаа Б.Лхагвасүрэн, П.Анужин гээд хоёр амаргүй бие хүмүүстэй тулдаг талаараа ярьсан байсан. Үнэхээр та нар нэвтрүүлэг хийх гэж тулаан хийдэг хэрэг үү?

-Б.Баатар найруулагч өөрөө амар хүн биш шүү дээ. /инээв/ Бид гурав их тулнаа, овоо л юм болно шүү дээ. Гэхдээ Лхагваа ах бид хоёр нэвтрүүлгийн хувьд ижил зовлонтой хүмүүс болохоор амь нэгтэй байж чаддаг. Энд хоёр зүйлийг тодруулж хэлмээр байна, нэгдүгээрт зуунд олон төрөхгүй агуу яруу найрагч, сэтгэгч Лхагваа ахтайгаа аав, охин мэт ээнэгшин дасч, хамтран ажиллаж байгаагаа би хувь тавилан гэж боддог. Хоёрдугаарт, энэ цагийн телевиз болоод кино урлагийн тод хурц өнгө, авьяаслаг найруулагч Б.Баатартай ажиллаж байгаа нь нэвтрүүлгийн маань нэг амь шүү дээ.

-Б.Баатар найруулагч та хоёрыг нэвтрүүлэг эхэлснээс хойш л хамт амьдрах болсон гэх яриа тарсан. Үүнд яг чин үнэнээр нь хариулт өгч болох уу?

-Бид хэзээ ч хамтарч амьдарч байгаагүй. Бидэнд гэр бүлийн ямар ч харилцаа байхгүй.

-Гэр бүл, үр хүүхэдтэй чинь холбоотой асуулт та­вибал хэт хувийн асуудалд тань орчихсон явдал болдог юм болов уу...

-Гэр бүлийн асуудал гэдэг бол хүмүүсийн дотоод асуудал шүү дээ. Ганц Анужинтай холбоотой асуудал бол би хариулж болно оо, гэтэл гэр бүл чинь олон гишүүнтэй...

-Ямар ч улстөрч эмэгтэй, ямар ч урлагийн одод дайрч байгаагүй дарамт шахалт таныг тойроогүй гэдэгтэй олон хүн санал нийлэх байх аа. Хэвлэл мэдээллийнхэн ч өөрсдөө хүртэл энэ тохиолдлыг хүлээн зөвшөөрдөг. Таныг яагаад хэл ам тойрдоггүй юм бэ?

-Үнэхээр хэвлэлийн дайрлага гэхэд хэтийдэл болохгүй тийм урсгалыг биеэр үзэж туулж яваа нь үнээн. Өөрөө гуйж муулуулж, сайлуулж байгаагүй болохоор харин яагаад ингээд байдгийг би л асуумаар байдаг юм.

Ер нь хэвлэлийн дайрла­гад өртсөн гадна, дотногүй тэр олон хүний хэд нь ийм давалгааг гэтэлж, хэд нь унаж, хичнээн гэр бүл салж бас хэд нь тэсч үлдсэн бол доо гэж бодогддог. Зорилготой зорилгогүй худал үг гэрт ирж, амилаад эхлэхээр л амьдралаа хамгаалах итгэл, хүч дутаж эхэлдэг юм билээ. Шууд хэлэхэд, цаг зуурын өөрчлөлтөөс шалтгаалж амьдралаа өөрчлөх бүсгүй хүн биш гэдгээ хэлье.

-Намд элсч, намын батлах авахад чинь би хувьдаа их гайхаж байсан. Тийм сонголт үнэхээр хэрэгтэй байсан юм уу?

-Хувь хүний итгэл үнэм­шил, үнэт зүйл чухал ч гэ­­сэн хүн яах аргагүй нийг­мийн амьтан. Нийгмийн харилцаа тогтолцоогоор зохицуулагддаг. Ямар тогтолцоо байна хүссэн хүссэн хүсээгүй хүн тэр тогтолцооныхоо нэг хэсэг болж байдаг. Өнөөдрийн манай тогтолцоо бол улс төрийн намуудын тогтолцоо. Би хүмүүсийн төлөө, нийгмийнхээ төлөө ямар нэг зүйл хийхийг хүсч байвал энэ тогтолцоогоор дамжихаас аргагүй. Энэ зарчмаар л сонголтоо хийсэн.

-Үнэндээ улс төрд хөл тавиад тун удалгүй намын зарим гишүүний насаараа ч мөрөөдөөд бардаггүй Удирдах зөвлөлийн гишүүн болсон. Энэ чинь олон хүний уур, унтууг хүргэсэн гэвэл та санал нийлэх үү?

-Хүний олонд янз бүрийн л бодол байдаг байх даа. Би өмнөөс нь хариулах боломжгүй ээ. Улс төрийн намуудын хийх ёстой ажил бол хүний төлөө л ажил. Тэгэхээр удирдах бүтцэд нь хүний асуудлыг шийдэхэд хүйсийн, салбар салбарын бас бүх насныхны төлөөлөл байж гэмээнэ алдаагүй, ухаалаг шийдвэр гарах нь гарцаагүй. Энэ талаасаа би багтсан болов уу гэж боддог юм.

-Хийж байгаа уран бүтээлийг тань намынхаа эсрэг байна гэсэн шүүмж­лэл гарч, улмаар УЗ-ийн гишүүнээс чинь татгал­зуулах тухай ч явган яриа гарч байна. Та үүн дээр юу хэлэх вэ?

-Би намынхаа үзэл бодол, үнэт зүйлийн эсрэг ганц ч зүйл ярьж хийж яваагүй гэдгээ хариуцлагатай хэлэх байна. Мөн намын гишүүн байна гэдэг улс төрийн үзэл бодлын нэгдэл болохоос улаан хамгаалагчид биш гэж боддог. Нэвтрүүлгийн зочдын өнгө эсвэл сэдвээр намайг будна гэдэг утгагүй зүйл. Явган яриа бол явган л яриа. МАН улс төрийн ууган хийгээд тулхтай, туршлагатай бас чөмөгтэй хүчний хувьд хэзээ ч дэл сул, шальдир бульдир асуудлыг удирдлагын түвшинд хэлэлцдэггүй. Мөн МАН бол Ардчилсан намаас илүү ардчилал шинэчлэлийг эрхэмлэж, хамгийн гол нь үйл ажиллагаандаа бодитой тусгаж, алхам тутамдаа шинэчлэгдэн хөгжиж буй нам. Удирдлагын түвшинд шинэ залуус олноор ажиллаж байгаа нь үүний бас нэгэн баталгаа. Нийгэм, ард түмний нийтлэг эрх ашгийн төлөө хийж буй уран бүтээлийг маань удирдлагын зүгээс хэзээ ч шүүмжилж, хааж, боож байгаагүй гэдгийг ч би хариуцлагатай хэлье. МАН-ын тулгуур үзэл бол тусгаар тогтнол, нийтийн эрх ашиг учраас нийгэм, нийтийн төлөө хийж буй ажлыг маань гоочилж үзэх үндэсгүй. Манай нэвтрүүлэг хувь хүний болоод тухайн хүнтэй холбоотой он цагийн түүхийг давхар бичиж үлдээдэг. Хувь хүн өөрийн үзэж туулсан амьдралыг өөрийнхөөрөө ярьж үлдээж буй нь өөрөө түүх гэж бид боддог. Тэр хүний ярьсныг нэвтрүүлгийн уран бүтээлчидтэй холбож үзэх нь утгагүй юм.

-Улс төрд яагаад эмэгтэй хүмүүс оролцох ёстой юм. Оролцохгүй бол юунаас хоцрох юм, эсвэл эмэгтэй хүн байхгүй бол яг юу дутагдах вэ, тэнд.

-Заавал гэдэг зүйл ер нь байхгүй гэж боддог. Квотоор асуудлыг шийднэ гэвэл бүр утгагүй. Гэхдээ айл гэр, байгаль дэлхий бүхий л зүйл арга билиг, эр эмийн тэнцвэр дээр оршиж буй тул төрийн хэрэг ч мөн энэ тэнцвэр дээр орших байх гэж боддог. Эрчүүд давамгайлсан улс төрд эмэгтэй хүний ухаан мэдрэмжээр бүтдэг зүйл дутна, бүсгүйчүүд давамгайлаад ирвэл мөн л эр хүч дутаад ирнэ шүү дээ. Байгалиасаа тэс өөр хоёр бодгалийг хольж хутгаад өрсөлдүүлээд байх нь, эсвэл заавал байна, байхгүй гээд дайрч зүтгээд байх нь утгагүй. Ард түмний мэдрэмж агуу тул тухайн цаг үед аль нь илүүдээд эсвэл дутаад буйг мэдрээд л тэнцүүлээд өгнө.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын нэвтрүүлэг дуулиан тарилаа. Түүнийг оролцуулах цаг хугацаа нь мөн байсан уу. Гаргахын өмнө хаалт хориг байсан болов уу?

-Монголын ард түмнээс сонгогдсон дөрвөн Ерөнхийлөгч дөрвүүлээ манай нэвтрүүлгийн эрхэм зочин мөн гэж нэвтрүүлгийн зөвлөл үзсэн. Өмнө нь хоёр Ерөнхийлөгч орсон, энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр орсон. Түүний орох цаг хугацаа мөн байсан уу гэж чухам юутай холбогдуулж асууж байна вэ гэдгийг би асуумаар байна.

-Үнэнийг хэлэхэд өнөө­дөр Н.Энхбаяраас цэрвэсэн үзэгдэл илтэд байгаа гэвэл хилс болохооргүй бус уу?

-Би дээр хэлсэн. Нэвт­рүүл­гийн зөвлөлөөрөө оролцогчдоо тодруулдаг гэж. Яг тэр зарчмаараа энэ удаагийн дугаарт Ерөнхийлөгч Н.Энхбаяр оролцсон. Нөгөө талаасаа бидний хэт туйлшрамтгай, хэн нэгнийг хүчтэй чадалтай үед нь дагаж, шүтээд тэнхээрхсэн цагт нь бүгд нүүр буруулдаг зан ядаж хэвлэл мэдээлэлд тусахгүй байгаасай гэж би хүсдэг. Нэвтрүүлэг гарахын өмнө төвөгтэй байдлууд ихээхэн үүсч байсныг нуухгүй. Энд үүнийг ярих нь илүүц биз.

-Н.Энхбаяр гуайн нэвтрүүлгийн дараа зарим нь яаран нэвтрүүлэгт орж, ярилцлагынхаа багагүй хугацааг энэ сэдэв рүү хэлтийлгэж байна лээ. Намын гишүүний хувьд ирсэн анхааруулга, зэм байсан уу?

-Албан ёсоор ирсэн анхааруулга, зэм байхгүй ээ. Хувь хүн өөртэйгээ холбоотой зүйл дээр яриа өгөх эсэх бол цэвэр хүний эрхийн асуудал. С.Баяр даргын манай нэвтрүүлэг хийгээд уран бүтээлийн маань талаар харамгүй хэлсэн урмын үгийг уран бүтээлчид бид талархан хүлээж авсан. Нэвтрүүлгийн маань зочинтой холбоотой яриа болоод бусад зүйл миний хариулах зүйл биш. Хүн ер нь өөрт хамаатайг ярьж, шүүж бас хариулж байвал зохино гэж хатуу боддог. Төрийн өндөр дээд албыг он удаан жил хашиж, ард түмний итгэлийг хүлээж байсан эрхмүүд нэг нэгээрээ гарч ирж хэзээ ч огтлолцохгүй яриа тал талд өгч буй нь ч өнөөгийн Монгол төрийн эрхэм түшээдийн түүх болохоос түүнийг буй байгаагаар нь бичиж хүргэсэн уран бүтээлчид бидний ер нь хэвлэл мэдээллийнхний буруу огт биш.

-Ер нь таны уулзаж байсан эрхмүүдээс хамгийн сэтгэгдэл төрүүлсэн, дурсамж үлдээж чадсан зочин, үг юу вэ?

-Зочин бүгд л гүн сэтгэгдэл үлдээдэг, хооронд нь харьцуулж жишихийн аргагүй ч амьдралд биеэрээ зовж үзсэн, зовлонг тэсч, хат суусан хүний яриа хүчтэй хийгээд хийгүй байдгийг анзаарсаан.

-Танай нэвтрүүлэгт Женко Х.Баттулгыг ихээхэн нөлөөлдөг гэх юм. Бүр хөтлөгчөөр оролцож байсан удаа бий. Тэр хүнтэй та, танай баг ямар холбоотой юм бэ?

-Багагүй уран бүтээл хийлээ. Энэ хугацаанд бидний уран бүтээлд Х.Баттулга гэдэг хүн нөлөөлөөд дарамт болоод эсвэл мөнгө өгөөд явсан баримт би мэдэхгүй ээ. Үзэж хараагүй зүйлээ би юу гэж ярих билээ дээ. Элдвээр хардаж ядахдаа сүүлдээ ойр дотнын байдлаар холбоод ярьж байгааг ч дуулсан. Тийм зүйл байхгүй. Чухал 100 сэдэв нэвтрүүлгийн хувьд, нэлээд хэдэн дугаарыг бид хамтарч бэлтгэсэн. Чухал 100 сэдэв нэвтрүүлэг угаасаа хэн бүхэнд нээлттэй нэвтрүүлэг шүү дээ. Хөтлөгчөөр оролцохын тухайд найруулагчийн шийдэл. Найруулагч Б.Баатар болон Х.Баттулга гишүүний нөхөрлөлийн тухайд найруулагч нэгэнтээ хариулж ярилцлага өгсөн байсан шүү дээ. Хүмүүс чин үнэн нь юу болохыг мэдэхгүй атлаа өөртөө ойр байдаг, өөрийнхөө хэв маяг, ойлголтыг бусдынх гэж ойлгож, тулгаад байдаг юм уу даа.

-Танд заримдаа бүх зүйл улс төр дээр очиж холбогдож, огтлолцож бүх хардлага тийш чиглэгдэх нь хэцүү санагддаг уу?

-Бүх зүйл улс төр рүү яваад, айл хунар хүртэл улс төржиж, талцаж хуваагдаад байна гэдэг бол хүмүүсийн амьдрал ядуу, оюун санаа сэрээгүйн шинж. Төр хүчгүй байгаагийн шинж. Угтаа төр гэдэг бол захын хүний аманд хүндэтгэлгүй бувтнуулаад байх үг биш, хэний ч аманд багтаж хэн ч шүүж, хэн ч нулимж болж байна гэдэг бол төр хүндгүй байгаагийн шинж л гэж хэлнэ.

-Намын гишүүнээрээ бай, эсвэл уран бүтээлчээр үлд гэсэн сонголтыг тулгавал алийг нь сонгох вэ?

-Энэ хоёр харьцуулах зүйл биш ээ. Цаг цагаараа байдаг. Мөн өөрийгөө таньсан хүн өөрийн сонголтонд л амьдардаг, тэдэнд юуг ч тулгаж чадахгүй.

-Ер нь сайхан эмэгтэй хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ. Сайхнаа удталхадгалахын нууц юу бол?

-Сайхан эмэгтэй гэж дотноо гаднаа сайхан байхыг хэлнэ гэж жижүүрийн мэт хавтгай хариулдаг болжээ. Дотрын сайхныг дурьдах болсон том дэвшил юм даа. Сайхан гэдэг бол үгээр гэхээсээ мэдрэмжээр хариулагдах зүйл. Хамт байхнээ, харахнээ, ярихнээ сайхан мэдрэгдээд л байгаа бол сайхан гэсэн үг, би аливааг үгээр тодорхойлохоос аль болох зайлсхийдэг, үгээр хэлэмгүй сайхан гэж байдаг. Албан ажил гэх мэтийг тодорхой үгээр товч ярьж болдог. Хайр, гоо сайхны тодорхойлолт бол үгийн хүчнээс давдаг. Үг гэдэг хязгаартай харин мэдрэмж бол хязгааргүй. Сайхнаа хадгалахын нууц бол ухаарал, хөдөлмөр бас тэвчээр юм уу даа.

-Нээрээ, нэг хэсэг өөрийг чинь нүцгэллээ гэж баахан шуугисан, удалгүй эвлүүлэг байсан нь батлагдсан. Ингэж оролдох шалтгаан юу юм бол гэж бодож үзэж байв уу?

-Нүцгэлээд зургаа тавиад байна гэдэг миний ой ухаанд багтахгүй зүйл. Нарийн нандин гэдэг талаасаа шүү дээ. Харин хүн гэдэг талаасаа бол бүр сонин сэдэв биш ч байж магадгүй. Оролдоно гэдэг амжилттай яваагийн шалтгаан гэж надад олон хүн хэлдэг. Би хувьдаа онц ач холбогдол өгч тайлж бодож байгаагүй юм байна. Хүн хүний үзэж туулах харилцан адилгүй, тохиож буй бартаа саад, зовлон бүхэн түүний өсөх, хат суухын шалтгаан болж байдаг гэдгийг л мэдэж байна.

-Олон хүний нүдний өмнө амьдарч явна гэдэг амаргүй байх. Хүн энэ амьд­ралыг туулахдаа да­ваа нугачаа бүрийг л давж урагшлахаас аргагүй байдаг. Яаж тайвширч, хүч тэнхээг олж авдаг вэ. Бясалгадаг уу?

-Тийм ээ саад бэрхшээл, зовлонгарч ирлээ гээд зугтаалтай бас үхэлтэй биш. Хүн зовлон даадаг шүү дээ. Бүгдийг хайрлаж уучилж өршөөж тайвширдаг. Аливаад гомдох сэтгэлээ гээгээд ирэхээр хүч тамир орох шиг санагддаг. Бясалгалыг хүн бүр өөрөөр ойлгодог байх аа. Би хувьдаа аливааг гүн ухаарахыг бясалгал гэж боддог. Ярихаас илүүтэй бодож бясалгах нь давж байвал олон зүйлийн учир аандаа л олддог.

-Сүүлийн үед улстөрч­дийн хүүхдүүд үе залгам­жилж орж ирэх боллоо гэлцэх болсон. Таны төрсөн аав бас улстөрч хүн. Аавын зүгээс улс төрд хөл тавихад оролцоо байсан уу?

-Анх хөл тавихад оролцсон зүйл байхгүй ээ. Мэдээж эцэг үрийн бие биеэ дэмнэх сэтгэл аль алиных нь дотоодод байлгүй л яахав. Гэлээ гээд энд тэнд дэвшүүлж ахиулаад явсан ганц ч түүх байхгүй. Хэн хэн нь хийх ажлаа мөр мөрөөрөө л хийгээд явдаг. Намд элсэн орсон түүх бол Д.Оюунхорол гишүүнтэй анх уулзсанаар эхэлсэн юм шүү дээ. Ард түмнээсээ гурвантаа УИХ-д сонгогдсон энэ туршлагатай улстөрч, хүчирхэг эмэгтэйгээр чиг замаа заалгаж, гараас нь хөтөлж МАН гэдэг их айлын босгоор алхсандаа би баярлаж бас талархаж явдаг.

-Монгол тулгатан нэвтрүүлгийн олонд ил гараагүй зүйлс их байдаг нь лав. Хэзээ нэгэн цагт түүнийг ил гаргах нэвтрүүлэг эсвэл ном бичих үү?

-Сайхан асуулт байна. Их баярлалаа танд. Тийм ээ, зочдын маань олны хүртээл болоогүй олон яриа бидэнд үлддэг. Олон цаг, өдрөөр үргэлжилсэн яриан дундаас найруулагч маань илүү давуу эрхтэйгээр тодорхой яриануудыг сонгон оруулдаг. Зочинтойгоо ярилцаж байх зуур энэ хүний энэ л талыг илүү тод харуулах юмсан гэж эрхгүй бодогдох үе байдаг, гэтэл найруулга дууссаны дараа миний бодож байснаас өөр тал нь илүү тусч тодорсон байх нь их. Тийм учраас цаг нь болохоор "Миний мэддэг 100 эрхэм" гэдэг ном заавал бичиж, өөрийнхөө мэдрэмжээр тэр хүмүүсийг үлдээнэ гэж боддог.

-Хувцаслалт чинь ихээхэн анхаарал татдаг. Танд маш сайн дизайнер, имиж мэйкер байна уу. Эсвэл өөрийн мэдрэмж үү?

-Надад аль аль нь байхгүй. Ихэнх хувцасны дизайнаа өөрөө хийдэг, хэн нэгэн намайг надаас илүү ойлгож мэдрээд, миний донж төрхийг тодорхойлно гэж байхгүй ээ. Хувцаслалтын маань талаар маш олон хүн ярьж, асуудаг болохоор ямар нэг байдлаар анхаарал татаад байдаг юм байна гэж ойлгох болсон. Мэргэжлийн зарим хүн нэвтрүүлгүүддээ өмссөн өөрийнхөө загваруудаар шоу хийх хэрэгтэй гэх санал ч өгдөг.

-Сүүлийн үеийн зар сурталчилгааны хэв маягийн анхаарлын төвд та орж ирсэн гэдгийг олон хүн хүлээн зөвшөөрнө байх. Хорьтой биш гуч давсан бүсгүй хүн ингэж сурталчилгааны гол дүр болох болсон нь юутай холбоотой бол?

-Надад санал тавьж байгаа газрууд ихэвчлэн бидний хийж бүтээж байгаа зүйл таны ярьж зааж сургадагтай агуулга таарч байгаа тул дэмжин ажиллаач л гэдэг. Гадна төрх, наснаас минь илүүтэй миний үзэл бодол, санаж хүсч явдаг зүйлийг олж харж мөн чанарт минь нийцсэн санал ирдэгт талархалтай бас хүндэтгэлтэй ханддаг. Дотроосоо нийцтэй зүйл дээр ажиллахад дүр гаргаад байх ч шаардлага гардаггүй. Тэгээд ч би жүжигчин хүн биш, байгаагаараа л байж байдаг.

-Хамгийн сүүлд хэзээ их баярлаж, бас хэзээ нулимс унагав. Юунаас үүдэж...

-Нулимс унагаад ч тайвширч чадахгүй тийм мөч бүсгүй хүнд олон тохиолдохгүй байгаасай гэж чин сэтгэлдээ ерөөж явдаг. Бүсгүй хүн өчүүхэн зүйлд л баярлаж догдолж байдаг. Гомдохоосоо баярлаж талархахаа түрүүлж чаддаг байвал амьд байна гэдэг чинь тэр чигтээ баяр юм биш үү. Хамгийн сүүлд охин минь надад шүлэг зохиож өгснөө уншихад тэсэлгүй нулимс унагасан. Би чинь удаан хүсч хүлээж байж олсон хоёр хөөрхөн охинтой хүн шүү дээ. Том охин маань

"Манай гэрт лили ургадаг
Миний гэрт лили амьдардаг.
Манайд бас жижигхэн лили ч бий
Миний гэрт дандаа ургадаг
Үзэсгэлэнт лили бол миний ээж"
гэж зохиосон шүлгээ уншихад тэсэлгүй тэвэрч аваад зөндөө уйллаа. Үнэндээ шургаж унамаар, ажлын ачаалал их байдаг ч хүүхдүүддээ ямагт цаг гаргадаг. Гаргах ч ёстой. Би хүүхдүүддээ дэлгүүрийн талх, үйлдвэрийн тараг идүүлээгүй өсгөж байгаа. Намайг элдвээр бичсэн сонин хэвлэлийг олж харчихаад, "Миний ээж гарсан байна" гээд л баярлаад гүйж байдаг нялх амьтад. Надаас хэзээ ч урвахгүй, юу ч болж байсан зөвхөн миний талд л байх үнэнч хоёр хүн бол миний охид гэдгийг хором бүхэнд мэдэрдэг. Би ажил гэр хоёрын хооронд явдаг нэг л замтай хүн. Ажлаас илүү гарах мөч байх л юм бол би хүүхдүүдтэйгээ хамт байдаг. Ер нь үр хүүхдээ сэтгэл зүрхнээсээ хором салгадаг ижий гэж хаана ч байх билээ. Миний дуртай цэцгийн нэг бол лили буюу сараана цэцэг л дээ. Охид маань өөрсдийгөө, намайг хамгийн сайхан гэж боддог тэр л цэцгээр төсөөлж, тэр л ертөнцдөө амьдарцгааж байна. Хүн хэн нэгнээс илүүг хүсч, гадаад ертөнцөөс аз жаргалыг хайх тусмаа зовдог гэдгийг сүүлийн жилүүдэд илүүтэй ойлгосон. Харж, мэдэрч чадвал хүний жаргал гэдэг тийм хол байдаггүй, бас аз жаргалтай амьдрахад тийм их зүйл ч хэрэггүй гэж боддог. Миний дотоод сэтгэлд үнэт зүйл маань, намайг баярлуулдаг, хайрладаг бүхий л юмс бүгд байдаг. Надад байгаа бүхэндээ би сэтгэл дүүрэн, амар амгалан оршдог. Тийм ээ. Манай гэрт лили амьдардаг аа.

Ярилцсан

Э.ЭНЭРЭЛ