Анзаарсан байх, та бүхэн. Монгол телевиз оройн мэдээнийхээ өмнө "Бид бусад шиг захиалгат болон төлбөртэй мэдээ явуулдаггүй" гэх утгатай бичиг гаргадаг.

Тус телевиз үүгээрээ бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд руу дайрч, тэднийг олон нийтэд муухайгаар харагдуулахыг хичээдэг. Монголчууд хэзээнээс л хаяагаа хадрахгүй, харснаа харвахгүй гэцгээдэг. Гэтэл Монгол телевизийнхэн хаяагаа хадрах нь байтугай нэг тогооноос хамт хоол иддэг атлаа бусад телевиз, сонинууд руу орой бүр нулимж байна.

Бид сонины сэтгүүлч. Өглөөний ургах нартай хамт сониныхоо шинэхэн дугаарыг уншчихаад л "Одоо дахиад хүнд хэрэгтэй юу бичих вэ, хүмүүсийн сонирхдог ямар мэдээ мэдээлэл тавих вэ. Хэнийг алдаршуулж, гавьяаг нь нийтэд хүргэх билээ. Ямар хүмүүсийг дэмжих вэ" гээд л эрэл хайгуул хийж өдөржингөө л нийгмийн амьдрал дунд буцалж, асар их хөдөлгөөнтэй, эрчимтэй амьдрал дундаас чухал сонирхолтой мэдээллийг олдог. Бүхэл өдрийн туршид ийн хөдөлмөрлөцгөөдөг улс. Бусад сонин, телевизийнхэн ч ялгаагүй ийм байдлаар, ийм л хөл хөдөлгөөн дунд ажиллаж, бичиж, сурвалжилж явдаг шүү дээ. Гэтэл яагаад Монгол телевиз орой болгон бусад руугаа ингэж дайрч, муулж хараар будаж байдаг юм бэ. Тэдэнд бусад руугаа нулимах эрхийг хэн өгсөн юм.

Тус телевизийнхэн яагаад мэдээллийн хөтөлбөрийнхөө өмнө бусдыгаа харлуулсан тодотгол хийх болсон шалтгааныг нь бүгд л мэднэ. Нэгэн хүн "Mc Donalds"-ийн салбар нээгдлээ гэсэн зар сурталчилгааны мэдээгээ барьж ирэн нэгдүгээр нүүрт төлбөртэйгээр гаргасан. Хэд хэдэн сонин, телевизэд ч тэр рекламаа төлбөртэйгээр тавиулсан байдаг. Дэлхийн нэр хүндтэй, томоохон компанийн салбар орж ирнэ гэдэг нэг талдаа улс орны маань нэр хүндийн асуудал байдаг. "Mc Donalds" нээгдэх нь гэх сураг тухайн үедээ хүн бүрийн сонорыг мялаасан мэдээ болсон. Тийм учраас хэвлэл мэдээллийн байгууллагууд ач холбогдол өгч, баярлаж хүлээж авсан юм. Тэгтэл тэр мэдээлэл оргүй худал болж таарсан. Монгол телевиз "Mc Donalds"-ийн салбар нээгдлээ гэсэн худал зарыг сурталчилгааны мөнгийг нь төлж зориудаар тавиулсан нь илэрсэн. Тэгээд л бусдыгаа захиалгатай мэдээ гаргадаг, мөнгө өгвөл юу ч нийтлэхэд бэлэн гэх мэтээр Монголоор нэг шуугиан дэгдээж, бүр хэлэлцүүлэг өрнүүлж олныг хамарсан үйл явдал болгохыг хичээсэн. Ийм явцуу аргаар шуугиан дэгдээснээрээ Монгол телевиз хэвлэлийн болон хүн төрөлхтний амьдрах наад захын зарчмыг мэддэггүйгээ нотолчихсон. Тэглээ ч хоолны газар нээгдлээ гэдэг мэдээг хэн ч эргэж шалгах шаардлага байдаггүй юм. Үүнийг нэг жишээгээр хэлье л дээ. Үсчин сахал хусах гээд иртэй тонгоргоо барихад хэн ч хоолой огтлох гэж байна гэж айдаггүй шүү дээ. Яг л үүнтэй адилхан байхгүй юу, тэр чинь. Төсөөлөөд үз дээ, хэн ч худлаа мэдээллээр бусдыгаа хорлох гэж мөнгө төлдөггүй. Гэтэл энэ үйлдлийг газар даахгүй баянаараа "Гацуурт"-ынхан л хийж чаддаг. "Гацуурт" гэдэг нь Монгол телевизийн эзэн компани. Хүмүүс гэр орондоо амарч, халуун ам бүлээрээ дуртай нэвтрүүлгүүдээ үзээд сууж байхад Монгол телевиз мэдээнийхээ өмнө гэнэт л салбартаа хамт ажиллаж байгаа нөхдөө "Захиалгатай, төлбөртэй л мэдээ гаргадаг" гэж цочтол нь цацаад уур амьсгалыг эвдчихдэг.

Монгол телевизийнхэн хэзээ болтол бусдыгаа доромжлох юм бол. Хэзээ болих юм бэ, үүнийгээ. Танай телевиз тэгээд захиалгатай мэдээ хийдэггүй юм уу гэж асууя. Өдөр болгон Оросын хямд гурилыг биш Монголын үнэтэй гурилыг заавал ид гээд байдаг чинь "Гацуурт" компанийн захиалгат мэдээ биш болж таарч байна уу. Өдөр болгон Л.Чинбат, Л.Цандэлэг гэсэн томоохон компанийн захирлууд өөрсдийнхөө л эрх ашгийг хамгаалан ярьж, нэвтрүүлэг хийлгэдгийг захиалгат биш гэх үү.

Бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд харин ч голтой, үнэн зөв байхыг эрмэлздэг нь өдөр тутмын үйл хэргээс нь харагддаг. Юм бүхнийг та нарын яриад байгаа шиг мөнгөөр хардаггүй юм аа гэдэг дээр та бүхэнтэй холбоотой нэг жишээ дурдъя. Танай таван одтой "Тэрэлж" зочид буудлын бассейнд дөрвөн настай хүү живж нас барсан харамсалтай хэрэг гарсан. Бид энэ хэргийг сурвалжилж хүү чухам юунаас болж амиа алдсан талаар тодруулсан. Гэвч бид тэр сурвалжлагаа нийтлээгүй. Яагаад гэвэл та нар гуйсан учраас. Мөнгөө барьж ирээд "Энэ л сурвалжлагыг битгий гаргаач" гэж цөхрөлтгүй гуйгаад байхад чинь бид үл тоож чадаагүй. Нэг салбарт зүтгэж яваа, нэг тогооноос хооллодог сэтгүүлчид учир тэр хэргийг осол байсан хэмээн үзээд гуйлтыг чинь биелүүлсээн. Биелүүлэхдээ барьж ирсэн мөнгөнөөс чинь татгалзсан шүү дээ. Та нар тодхон л санаж байгаа байх, хэргийн тухай мэдээллийг татуулчихаад мөнгөтэйгээ харьсан болохоороо. Хэвлэл мэдээллийн байгууллагууд гэж яадгаа алдсан, мөнгөнөөс болж юу ч хийдэг гэцгээдэг чинь худлаа байгаа биз дээ. Ёсзүй, хүн чанар гэж нэг зүйл байдаг. Тэрийгээ мөнгөнөөс худалдаагүй сонин, телевизүүд бас цаана нь зөндөө бийг энэ жишээ нотолж байгаа бус уу.

Үнэндээ тэр хэрэг Филиппин асрагчийн анхаарал болгоомжгүй байдал, "Тэрэлж" зочид буудлын харуул хамгаалалт, хяналт сул, ажилчдынх нь хариуцлагагүй байдлаас л болж гарсан байдаг шүү. Өөрсдийнхөө нэрийг хамгаалахын төлөө ингэж бусдын өмнө шалдаа буудаг атлаа яагаад бусдын нэр хүндэд орой бүр хайр найргүй халдана вэ.

Үнэндээ Монгол телевиз гэх энэ нэр нь өөрөө асуудалтай. Монгол телевиз гэдэг чинь МҮОНТ-ийн нэр биш юм уу. Бид хэзээ байтлаа хоорондоо "Монголын үндэсний олон нийтийн телевизийн Цагийн хүрд" гэж ярьж байлаа. Монголд телевиз үүссэн цагаас хойш буюу сүүлийн тавиад жил Монголын ард түмэн "Монгол телевизийн Цагийн хүрд" л гэж хэлж, ярьж заншсан биш билүү.

Тэгтэл яагаад Монгол телевизийн нэрийг "Гацуурт"-ынхан авчихсан юм бэ. Үүнээс хэн энэ нэрийг тэдэнд зүгээр өгчихөв гэдэг асуулт гарч ирдэг. Нөгөө талаар МҮОНТ-ийн нэр хүнд, нэршлийг "Гацуурт"-ынхан овжиноор ашиглаад телевиз байгуулахдаа Монгол телевиз гээд нэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн байх үндэслэлтэй. Иргэд Монгол телевиз гэхээр МҮОНТ-ийг л хэлж байна гэж ойлгодог. Энэ нь нөгөө талдаа олон нийтийг төөрөлдүүлсэн, МҮОНТ-ийн нэрийг зээлэх биш дээрэмдсэн ч хэрэг болж мэднэ шүү. МҮОНТ яагаад энэ асуудалд анхаарлаа хандуулж нэрийнхээ хойноос явдаггүй юм бол. Зүй нь МҮОНТ нэрийнхээ хойноос өдөр шөнөгүй заргалдах ёстой л доо. Эндээс харахад Монгол телевиз гэх энэ нэрийг өгч авахад авлига орсон юм биш биз гэсэн хардлага төрөх нь бий. Эл асуудлыг Авлигатай тэмцэх газар шалгах хэрэгтэй.

Өөрөө л цагаан бусад нь хар мэт авирлах ийм нэг байгууллага манай хэвлэлийн салбарт бидэнтэй зэрэгцэн ажиллаж байна. Алив зүйлд хууль, дүрэм журам баримтлах нь зүйтэй ч хүн чанар, хүний эрхэм ёсзүйг үргэлж бодолцож ажил хэрэгтээ шингээж байх хэрэгтэй л дээ. Төгсгөлд нь дахиж сануулахад орой болгон бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд руугаа шүлс, цэрээ цацахаа болихыг Монгол телевизээс шаардаж байна.

Д.ГАНСАРУУЛ