20 гаруйхан настай хосууд автомашин дотроо угаартаж нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн ням гаригт гарчээ.

Тодруулбал, баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороо, Цэргийн хотхоны гадна эл хэрэг болсон байна.

Хосууд машиныхаа суудлыг хойш хэвтүүлээд тэврэлдэж хэвтсэн байдалтай амиа алдсанбайсан бөгөөд  тус байранд оршин суух хүн  анх харсан байна. Эхлээд тэднийг унтаж байна гэж бодсон ч нэлээд удсаны дараа дахин харахад машин доторхи хоёр хүн ямар ч хөдөлгөөн үзүүлэхгүй байсан тул тухайн иргэн цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгчээ.

Мэдээллийн дагуу цагдаагийн алба хаагчид газар дээр нь очиж шалгахад Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 20 настай эмэгтэй Б, Чингэлтэй дүүргийн 17-р хороонд оршин суух 22 настай эрэгтэй О нар нь “Верна аксент” маркийн автомашиндаа угаартсан байдалтай амь насаа алдсан байжээ.

Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байгаа аж.

Ийнхүү болзож байсан хос маш харамсалтай байдлаар автомашин лотроо амиа алдсан байна.

Иймээс цагдаагийн байгууллагаас битүү гаражид машин дотроо сууж халааж байгаа тохиолдолд хаалга, цонхоо онгорхой байлгаж агаар оруулах, мөн согтуу үедээ асаалттай машинд удаан хугацаагаар суухгүй байх, хучлагатай чигээр нь машинаа халаахгүй байхыг нийт жолооч нартаа анхааруулж байна.