Монголын үндэсний бөхийн холбоотой зарга хийх бөхчүүд төдийгүй иргэд ч олширч байгаа аж. Энэ холбоонд хууль бус явдал улам газар авсаар байна. Сүүлийн хоёр, гурван жилийн турш аварга А.Сүхбат нарын бөхчүүд нь Үндэсний бөхийн холбооны Ерөнхийлөгч Р.Нямдоржийн хууль дүрмээ гажуудуулсныг шүүмжлээд сүүлдээ цөхрөнгөө барсан уу, чимээ аниргүй болцгоосон.   

Р.Нямдорж нь дүрмийнхээ дагуу цэцдийн зөвлөлөө хуралдуулахгүйгээр өөрөө өөрийгөө Ерөнхийлөгчид өргөмжлөөд  энэ хүндтэй албанд 12 жилийг элээжээ. Цэцдийн зөвлөлөөс нь ажлын хэсэг гарч “Их Эе”-ийг хуралдуулан тэндээсээ Ерөнхийлөгчөө сонгодог дүрэмтэй. Үүнийгээ Р.Нямдорж мөрдөж ажиллаагүй байгаа юм байна.

Олон жилийн турш ийнхүү нэг эзний гарт атгуулсан байгууллага ялзрах нь тодорхой. Энэ бол амьдарлаар батлагдсан бодит үнэн юм. Иймээс бөхчүүдийн цолны найраа гэгч улигт авлига, хээл хахууль  салахгүй байна. Сүүлийн жилүүдэд мөн допингийн асуудал манай бөхчүүдээс уяатай юм шиг  байдаг болсон.

Бөхийн өргөөг анх барихад улс орон даяар хандив сэлт цуглуулж, Зэвсэгт хүчнийхэн, ялангуяа Барилгын цэргийнхэн хөлс хүчээ дуслуулсан байж барьсан юм. Тухайн үед Ш.Жадамбаа генерал орой үдшийн цагаар барилгачин офицер, ахлагч нар дээрээ очиж, өвлөөс өрсөн ажлаа амжуулахыг шавдуулж байсан нь өдгөө үүнийг мэдэх  цөөн хэдэн хүний дурсамж төдий болж үлджээ. Төсвөөс тэр үеийн ханшаар 800 сая төгрөг зарцуулсан гэдэг.

Өнөөдөр Бөхийн өргөөний орлого тодорхой бус. Бүр тас нуудаг гэнэ. Р.Нямдоржоос энэ тухай асуугаад нэмэргүй гэж бөхчүүд гомдоллож байна. Жилдээ ядаж тайлангаа тавьдаггүй, бөхчүүддээ болон олон нийтэд мэдээлдэггүй. Ийм байх нь Р.Нямдоржийн хувьд илүү ашигтай байсан биз. Орлогоосоо хэдийг өөртөө авч, хэдийг нь бөхийн өргөөгөө засч тохижуулахад зориулах нь түүний хувийн асуудал болж хувирсан байна. Мөн хувьчилж авах далд санааг тэр их эртнээс цээжиндээ тээж яваа нэгэн болов уу. Засгийн газраас нийгмийн салбарт хувьчлал хийхээр төлөвлөж буй тул бөхдөө хайртай, Монгол бөхөө эртний сайхан уламжлалаар нь авч үлдэх, улмаар цаашид шинэчлэн хөгжүүлэх хүсэлдээ хөтлөгдсөн залуус хувьчлуулахгүй гэж байна. “Монгол бөхийн хөгжил шинэчлэл” Төрийн бус байгууллагынхан өчигдөр энэ санаа бодлоо албан ёсоор мэдэгдлээ.

 

Үйлийн лайтай амьтан шүү, энэ Р.Нямдорж гэдэг нөхөр. Болимоор юм. Хууль журмаа зөрчөөд байгааг нь улаан цагаан хэлээд байхад зайлаад өгөхгүй юундаа хоргодоод суудаг юм болоо.

Б.Отгонбаяр