ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх нь зөв үү, Ерөнхий сайд аа
-Шинжлэх ухааны салбараа айлын хатавчинд аваачихыг хүсэхгүй байна-

ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх нь зөв үү гэдэг асуудал өөрийн эрхгүй гарах боллоо. Учир нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн шинжлэх ухааны салбарт бүтцийн өөрчлөлт, цомхотгол хийхийг энэ салбарт ажиллагсад, эрдэмтэд эсэргүүцэж байгаа юм. Хэдийгээр нэмнэлт, цомхотгол хийж болох ч шинжлэх ухааны салбараа айлын хатавчинд аваачих дэгдсэн шийдэр гаргаж болохгүйг сануулж байна. Өөрөөр хэлбэл, ШУА-ийн бүтцийг өөрчилсөнөөр нийт 600 сая төгрөгийг хэмнэнэ гэдэгтэй санал нийлэхгүй байгаагаа тэд мэдэгдэж, нийт эрдэмтдийг төлөөлж Ерөнхий сайдад шаардах бичиг гардуулахаар болсон юм. Гол нь бүтцийн өөрчлөлтөөр ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэхийг эсэргүүцэж, эрдэмтэд энэ сарын 30-нд Чингисийн талбайд жагсаал зохион байгуулахаар болоод байгаа нь энэ.

Харин ШУА-ийн хүрээлэнгүүдийг их сургуулиудтай нэгтгэх асуудалд зарим эрдэмтэд “Ардын хүүхдийн хэдэн төгрөгийг авчихаад олигтой сургаж чадахгүй байж дахиад шинжлэх ухааныг гардаж хөгжүүлнэ гэж худлаа шүү. Нөгөө номхон тэмээ ноолоход амар гэдэг шиг хандаж байгаа юм. Эрдэмтэд, судлаачид ямар гудамжид гараад жагсах биш гэж бодож байгаа биз. Уг нь оюутны 70 мянгын хажууд эрдэмтдэд, хүрээлэнгүүдэд өгч байгаа мөнгө хариугүй, гэхдээ хийж байгаа ажил нь хязгааргүй. МУИС-ийн Математикийн хүрээлэнг Р.Гончигдорж гишүүн захирал байхад тусдаа бие даасан хүрээлэн болгосон. Одоо Математикийн хүрээлэн гэж гудамжаар хаягийг нь хайгаад, их сургууль, хүмүүсээс асуугаарай. Олдохгүй л болов уу. М.Энхсайханы үед Зах зээлийн хүрээлэн гэж судалгааны том байгууллага байсан. Гэтэл алга болчихсон. Тэгэхээр одоо байгаа хүрээлэнгүүдийг их сургуультай нийлүүлнэ гэдэг үндсэндээ энэ хоёрын араас явуулна гэсэн үг. Тийм болохоор Ч.Сайханбилэгийн Засгийн газар шинжлэх ухааныг булшлах алхам хийх нь гээд бухимдаад байгаа юм” хэмээн ярьж байна. Энэ нь үнэний ортой байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр Ерөнхий сайд гаргасан шийдвэрээ эргэн харах болж байх шиг байна. 

Нөгөөтэйгүүр ШУА-тай холбоотой асуудлаар өчигдөр 20 гаруй гишүүн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлэв. Тэгэхээр асуудлыг хаа хаанаа харах хэрэгтэйг сануулсан хэрэг. Гишүүд шардлагадаа "ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийг төрийн өмчийн их сургуулиудад механикаар нийлүүлэх нь шинжлэх ухаанаа хөгжүүлэх олон улсын жишиг, өөрийн улсын уламжлалаас ухарсан ноцтой үйлдэл гэж үзэж байна. Дэлхийн аль ч улсад шинжлэх ухаан нь зөвхөн их сургууль дээр хөгждөг, эсвэл ШУА нь харьяандаа хүрээлэнгүй байдаг хэмээн худлаа тунхаглаж явдаг цөөн хүний хоосон үгэнд дөрлөгдөн ийм ноцтой алдаатай шийдвэр гаргахгүй байхыг Танд зөвлөе. Ийм шийдвэр гарснаар улс орныг эдийн засгийн хүндрэлээс гарахад ямар ч эерэг нөлөө үзүүлэхгүй бөгөөд харин хөл дээрээ тэнцэж яваа шинжлэх ухааны салбараа унагах аюултай" гэж дурдсан юм. Харин Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагыг дэмжиж Р.Гончигдорж гишүүн гарын үсэг зурсан нь энэ салбарыг сургуулиудаас тусад нь хөгжүүлэх хэрэгтэй гэснийг давхар сануулав.
 
С.БАЯСГАЛАН