Өнөөдөр манай улсад 500 орчим хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд тэдгээрээс МҮОНРТ олон нийтийн статустай, Монцамэ агентлаг Засгийн газраас хамааралтай, бусад нь үндсэндээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай байна.

Ийнхүү манай салбарын 99  хувь нь хувийн хэвшилд тулгуурлаж, бүх эрсдлээ өөрсдөө үүрч чадаж байгаа нь энэ салбарын хэдэн зуун хөрөнгө оруулагч, хэдэн мянган ажиллагсдын гавьяа юм. Гэтэл сүүлийн үед МҮОНРТ нь мэдээллийн зах зээлд үйл ажиллагаа явуулж буй арилжааны телевизүүдийг үгүйсгэсэн байр суурийг идэвхтэй илэрхийлэх болсон нь телесэтгүүлзүй хэмээх томоохон салаа салбарыг, цаашилбал Үндэсний сэтгүүлзүйг бүхэлд нь талцуулан хагаралдуулах, бие биенээ үгүйсгэх, өөрөө сайхан харагдахын тулд өрөөлийг муулах бохир соёл бий болгох сөрөг үр дагавартай, буруу алхам болохыг сануулж байна.

Аливаа мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэхдээ тэнцвэртэй байдлыг эрхэмлэх нь сэтгүүлзүйн алтан дүрэм, аливаа төрлийн цагдан хяналт (цензур)-ыг халах нь манай салбарын эрхэм зорилго гэдгийг үргэлж санаж, мэргэжлийн нэр хүнд, эв нэгдлээ ямагт дээдлэж явахыг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд ажиллаж буй нийт ажилтан ажилагсдад анхааруулж байна.

 

Монголын Сэтгүүлчдийн Эвлэл