АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарь МҮОНРТ-ийн Ерөнхий захирлаар томилогдсон. Тэрбээр томилогдсоныхоо дараа "Энэ байгууллага бол миний мэргэжлийн хувьд өсөж торнисон газар.

Өнгөрсөн хоёр гаруй жилийн хугацаанд хөндлөнгөөс харж байхад энэ байгууллагыг орхиод явж болохгүй юм байна гэсэн хувь хүний дотоод сэтгэлийн дуудлага байсан. Нөгөө талаас 2015 оны төсөвт УИХ-ын гишүүд энэ байгууллагын төсвийг шууд 50 хувь хассан нь эдийн засгийн хувьд хүнд байдалд оруулж байгаа юм.

Яг ийм үед нь сэтгэлийн дуудлагаар ирж байгаа. Яагаад гэвэл улс орон болгонд Олон нийтийн радио, телевиз гэж байгууллага байдаг. Энэ нь өөрөө улс орны тусгаар тогтнолын баталгаа болдог. Тийм болохоор үүнд онцгой анхаарах ёстой. Энэ нөхцөлд өөрийнхөө зүгээс чадах зүйлээ хийлгүй өнгөрөөх юм бол би хожмоо харамсах болов уу гэж бодож байна. Өмнө нь би МҮОНТ-ийн захирлаар гурван жил ажилласан.

Тэр үед хийж бүтээхээр төлөвлөж, эхлүүлж байсан олон ажил маань зогсчихсон байгаа. Энэ бүхнийгээ үргэлжлүүлнэ. Олон жилийн түүхтэй, уран бүтээлийн арвин сан хөмрөгийг бүрдүүлж байгаа уран бүтээлчидтэй бүгдтэй нь хамтарч ажиллана. Олон жилийн туршид дарга солигдох бүрт удирдлагын бүтэц улам таргалж, данхайж байсан. Энэ тарган бүтцийг тураах ажлыг л нэн тэргүүнд хийнэ. Харин уран бүтээлчдийг бол халахгүй.

Ер нь төсвийн байгууллагуудын нэг том нийтлэг дутагдал нь байгаа мөнгөнд тохирч ажиллах. Намайг телевизийн захирал байхад надад ч гэсэн төсөв байдаггүй байсан. Гэхдээ би тэр том уран бүтээлүүдийг дандаа мөнгө босгож л хийсэн. Тэгэхээр байгаа нөхцөл байдалдаа тохирч жижгэрч ажиллах биш том мөрөөдөлдөө тохирсон мөнгийг олж ажиллах л ёстой. Санхүүгийн маш олон боломж байдаг. Дэлхийгээр нэг мөнгө тэнэж явна. Түүнийг зүгээр л олох ёстой" гэжээ.