Сүүлийн үед Засгийн газар болон ШУА–н хооронд үл ойлголцол үүсч, жагсаал цуглаанд хүрсэн нь тулгарсан асуудлын талаархи байр суурины зөрүүнээс эхтэй байна. ОХУ-д шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлт эхлэх үед ШУА-ийн тоталитар удирдлага Төрийн дум дахь Коммунист намын фракц, думын академич гишүүдээр дэмжүүлэн эсэргүүцэж жагсаал зохион байгуулсан удаатай. Гэвч тэд өдгөө засгийн газраас хэрэгжүүлсэн өөрчлөлтийг зөвшөөрөх боллоо. Ерөөсөө хөгжлийн зүй тогтол ингэж өөрөө өөртөө зам гаргадаг. Монголын шинжлэх ухаан хөгжлийн жамыг сөрж биш дагаж өндийх нигууртай бөгөөд ингэвээс “нийгэм-соёлын үзэгдэл” төдий бус, “улс орны эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах салбар “ болон хувирах болно.
Шинжлэх ухааны удирдлага, зохион байгуулалтын бүтэц (ШУУЗББ)-ийн зөвлөлт загвар
1. Ерөнхий сайдын УИХ дээр хэлсэн үг, түүнтэй холбогдон авах зарим арга хэмжээг нэг удаагийн хөрөнгө хэмнэх явцуу явуургүй утгаар бус, ШУУЗББ -г өөрчилж, тунгалаг ардчилсан тогтолцоо бүрдүүлэх өргөн утгаар ойлгож болох байна. Засгийн газрын тэргүүний зүгээс ШУУЗББ –н асуудлыг хөндсөн нь цагаа оллоо. Одоо энэ асуудлыг тал талаас нь ултай хэлэлцэж, судалгаа тооцоотойгоор үр нөлөөтэй хэрэгжүүлэх ёстой. ШУУЗББ –г өөрчлөх нь Боловсролын Чанарын Шинэчлэл –н бодлогын үргэлжлэл бөгөөд их сургуулиудын шинэчлэлтэй гүн холбоотой, магадгүй түүнийг амилуулах суурь болох чухал асуудал мөн юм. Энэ нь цаад агуулгаараа монголын хөгжлийн өмнө тулгарсан том СОРИЛТ.Учир нь, монголын хөгжил бэрхшээлтэй учран бүдэрч, тэнүүчилж байгаа нь хөгжлийг хөтлөх шинжлэх ухаанч бодлого үгүйлэгдсэнийх. Тэр бодлогыг социализмээс өвлөсөн ШУУЗБ –н тоталитар бүтэц боловсруулж чадахгүй.
2. ШУУЗБ-н зөвлөлт загвар монголын ард түмний 1990 онд сонгосон сонголтыг сөрж, ТӨР-ийн нэрийг ашиглан эрдмийн хамт олныг намын гишүүнчлэл, үзэл бодол, насаар нь ялгаварлан задалж байна. Сүүлийн үед хүрээлэн, их сургуулиудыг эсрэгцүүлж, эрдэмтдийнхээ оюуны хомс нөөцийг задлан сарниулагч болж хувирсан нь бүр ч тодорлоо. Манай ШУА ардчилал, эрх чөлөө, шударга ёсыг сөрөн зогсож буй сүүлчийн цайз болов. ШУА –ийн хүрээлэнгүүдэд эрдэмтдийг хянадаг “ намын үүр хороод “ үүсэж, судлаач эрдэмтэд нь айдастай, оюуны эрх чөлөөгүй болжээ. Хэрвээ бид оюуны эрх чөлөөгөө алдвал цаана нь юм үлдэх үү? Ардчилсан чөлөөт нийгмийн дотор буй ШУУЗББ-н зөвлөлт загвар шударга ёсыг уландаа гишгэж, нийгмийн эрүүлжих үйл явцыг дотроос нь мэрэн ганхуулж байна. ШУУЗББ –н хуучин загварыг өөрчлөх ёстой гэдэг нь хэнд ч тодорхой болоод байна. Сургамж: Эдүгээ дэлхийд төрийн ШУА бүхий Куба, Монгол, БНАСАУ байх бөгөөд 2012 оноос Кубын ШУА их сургуулиудтайгаа хамтрах, гадаад орнуудын ШУА –тай харьцах, дэлхийн эрдэмтэдтэй ойртох зайлшгүй шаардлагын үүднээс үндэсний шинжтэй болж, 1861 -1962 онд байсан ROYAL хэлбэрээ буцаан авах бэлтгэлдээ оржээ. Ингээд Монгол ШУА, БНАСАУ-ын ШУА хоёр ижилсэн үлдлээ. Бид эрдэм оюуны хүрээг зохион байгуулдаг ШУУЗББ –н түвшнээр дэлхийд хамгийн сүүлд орсон нь монголын нийт эрдэмтдийн хувьд онцгой гутамшигтай хэрэг болов. Уг нь бид 20 жилийн өмнө нилээд урдуур байсансан. Бид 1990 оны эхээр хийсэн улс төр, эдийн засгийн шилжилтээс ШУУЗББ –г таслан орхисон нь алдаа байжээ. Ийнхүү 1990 оны ардчилсан хөдөлгөөний үндсэн үзэл санаа, үнэт зүйлс хөсөр хаягдав.
ӨНӨӨГИЙН БАЙДАЛ
1. Нийгэмд биеийн хар хүч, болхи толхи үйлдэл, муйхар мунаг сэтгэлгээ, хөөрүү цэнгэл, феодал ёс суртахууныг хөөрөгдөж, тэр нь олон түмний гэнэн сэтгэхүйг дарангуйлан, доройтуулж, бузарлаж гүйцлээ. Монголчуудыг соён гэгээрүүлэх үйл орхигдож, нийгмийн оюуны уур амьсгал булингартаж, шинжлэх ухаанч бус номлолууд идэвхжиж, хүмүүс саруул ухаанд итгэх итгэлээ гээж байна. Олон түмэн барьц алдан тэнүүчилсээр эцэстээ ёс суртахууны уналтад оров. Нийгмийг соён гэгээрүүлэх гэсэн цөөнхийг төрөөс дэмжихгүй байгаагаар үл барам тэднийг хажиглан гадуурхсаар. Энэ бүхний гайгаар монгол хүний оюун санааны хөгжил олон жил ужгирсан том саадтай учрах нь тодорхой болов. Эдгээрийн цаад угт монголын эрдэм оюуны хүрээг бохирдуулан булингартуулж, хүчийг нь задалж буй ШУУЗББ –н хуучин загвар байгаа гэдэг нь илэрхий юм.
2. Эрдмийн орчин бохирдох нь залуу оюун ухаанд гойд харш ажээ. Гадаадад байгаа оюунлаг эрчтэй залуус эх орондоо ирэх дургүй байгаа нь зөвхөн цалин хөлсний асуудал бусаа. Харин ч бидний өмнөх тогтолцооноос уламжлан авч,өнгөрсөн жилүүдэд баяжуулсан “үзэл бодол, зэрэг, цол, нас, тушаал, эрх ямба, аймаг, хошуу“-г харгалзаж асуудлыг шийддэг феодалжсан гаж тогтолцоо гадна байгаа төдийгүй одоо бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж буй залуусыг хэлмэгдүүлж байна. Олон сайхан эрдэмт судлаач төсөл олж авах, ахуй амьдралаа залгуулахын эрхэнд дуугаа хураан дүнсийж, дотроо буцлавч гаднаа долигнон царайчлахаас өөр гарцгүй болж, санаа сэтгэлийн хувьд гундуу, гутруу явах болов. Yүнийг харж мэдэрсэн оюунлаг эрчтэй залуус эрдэм судлалын ажлаас дайжиж байна.
3. Шинжлэх ухаан боловсрол хоёр нэг угшилтай, амин холбоотой салбарууд юм. Монголд шинжлэх ухаан, боловсрол хоёр ерөнхийдөө тусдаа байгаа нь хөгжлийн зүй тогтол биш. Монгол улсын засгийн газраас олон улсын жишгийг дагаж их сургуулиудад суурилсан шинжлэх ухааныг хөгжүүлэх чиглэл барьж байгааг бид зөв гэж үзэж байна. Ялангуяа, жижиг буурай оронд энэ зам гойд тохиромжтой бөгөөд оюуны хүч нөөцийг төвлөрүүлдэг сайн талтай. Тухайлбал, Эстони улсад 1988 оноос эхлүүлсэн шинэчлэлийн зорилго нь: Улс орны оюуны бүх нөөцийг нэгтгэн зангидах явдал байжээ.Шинэчлэл нь Зөвлөлтийн загвараар эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийг их сургуулиас гадна байгуулсан тогтолцоог өөрчлөхөд чиглэжээ.Үүний үр дүнд Эстонийн их сургуулиуд судалгааны шинжтэй болох боломж бүрдсэн аж. Эстони улс оюуны гол хүчээ Тарту Их сургууль дээр төвлөрүүлж байна.
4. Эдүгээ манай оюуны гол нөөц үндсэндээ их сургуулиуд дээр төвлөрчээ. Хүрээлэнгийн зарим судлаач “ Их сургуулиудад эрдэм шинжилгээний ажил хийх суурь боломж бүрдээгүй, тэнд хичээл л заадаг“ гэж байгаа нь баримтаар нотлогдохгүй байна. Томсон Ройтерсийн Web of Knowledge (TRWoK) бүртгэлд орсон бүтээлийн тоогоор (2013 оны улсын дүнг 100% гэвэл) ШУА-34%, их сургуулиуд - 66%, үүнээс МУИС дангаараа -31% тай байна. TRWoK бүртгэлээр 1990-2011 онд ШУА - 46%, МУИС - 24% байж. Тэгэхлээр, 2013 он гэхэд ШУА 12% -р буурсан бол МУИС 7% -р өсжээ.
5. Шинжлэх ухаанд зориулсан улсын төсвийн зардал олигтой нэмэгдэхгүй байгаа нь одоогийн ШУУЗББ-тэй шууд холбоотой. ШУУЗББ –н одоогийн төлөв нь хөрөнгө шингээх чадваргүй бөгөөд зарцуулсан хөрөнгийг голдуу хоосон цаас - тайлан болгож хувиргадаг, эцсийн үр нөлөө маш сул юм. Ийм нөхцөлд хөрөнгө олгогч хэн ч гэсэн эрсдэлд орохоос сэргийлж таарна. Манай ШУУЗББ - нь үндэсний бус, тунгалаг бус, нээлттэй бус, ардчилсан бус байгаад хэргийн учир оршино.
ШИЙДЭЛ, ГАРЦ
1. Эдүгээ дэлхий дээр ШУА-г Үндэсний хэлбэртэй, тунгалаг, ардчилсан, шинжлэх ухааны төлөөх суралцдаг нийхэмлэг байна гэж үзэж буй. An Academy of Sciences is a national academy or another learned society dedicated to sciences .Гэтэл манай ШУА одоогоор энэ 4 шинжийн алийг нь ч хангахгүй байна. ШУА хэдэн хүрээлэнг өмчлөн явцуурч, булингартаж, дарангуйлалд дулдуйдсан, бараг юу ч сурдаггүй хачин гаж араншинтай, төрийнх ч юм шиг, биш ч юм шиг, хурлийз газар болжихуй. Үүний уршгаар, Их сургуулиуд, Хувийн сектор, ТББ –иудад буй шинжлэх ухааны ажил, эрдэмтэд ШУА –н гадна орхигдож, улсын хэмжээний шинжлэх ухаан технологийн бодлого нэг мөр цэгцрэхгүй байна. ШУА нэг юм ярина, МУИС өөр юм ярина, гэтэл ШУТИС, ЭМШУИС, ХААИС бүгдээрээ өөр өөрийн салбарын бодлогоо тулгана, хажууунаас нь хувийн сектор бүр өөр юм ярина, ТББ бас дуугүй байхгүй, ингээд бөөн холион бантан.
2. Зүүн хойт Азийн бүс нутаг үндэстэнийхээ IQ-р дэлхийд оройлж, монгол хүний тархи хэмжээгээрээ дэлхийд тэргүүлж байна. Монголчууд төрөлхийн мэдрэмжтэй, сэргэлэн, оюунлаг хүмүүс. Энэ чанар бага насны хүүхдүүдэд их тод илэрдэг. Монголчууд бидний хэнтэй ч үл зүйрлэх туйлын давуу тал бол энэ юм. Үүнээс өөр юу хэрэгтэй гэж ? Харамсалтай нь, монгол үндэстэний энэ давуу талыг тоталитар загварын ШУУЗББ нухчин дарж, сөхрөөж өдий хүрлээ. ШУУЗББ –г орчин үетэй нийцүүлэн өөрчилж, тунгалаг, ардчилсан зарчимд шилжүүлж, эрүүлжүүлэх нь үндэстний хөгжлийн тулгуур шаардлага боллоо. Ингэх аваас Мянганы Сорилтын Сан мэт томоохон хандивлагчдаас их хэмжээний хөрөнгө шингээж, өсгөн үржүүлэх боломж бүрдэнэ. Хэрвээ ШУУЗББ -г үндэсний шинжтэй тунгалаг ардчилсан горимд шилжүүлэх аваас манай төр ШУТ –н санхүүжилтийг ДНБ –ний 2 % -д хүргэх буй заа.
3. ШУУЗББ хуучнаараа өдий хүрсэнд ШУА буруутай биш ээ. Асуудлын учиг ТӨР –н буруу оролцоонд оршино. Олон Улсын ШУА –н Холбооноос “ШУА –нь засгийн газар, үйлдвэр, мэргэжлийн нийгэмлэгүүдээс хараат бус байна” хэмээн мөрдүүлжээ.Энэ үндсэн зарчим манайд бүрэн алдагдсан. Монголд ШУА –нь одоогоор засгийн газраас бүрэн хараат байна. Засгийн газар ШУА –д жил бүр бараг 2 тэрбум төгрөгийг зүв зүгээр өгч байна. Тэр ч бүү хэл, ШУА –н гишүүдэд тусгай хий нэмэгдэл өгч байгаа нь академчидийн амыг барих, тэднийг манкурт боол болгох арга бөгөөд ийм аргыг Гитлер, Сталин хоёр гарамгай хэрэглэсэн түүхтэй. Засаг солигдох бүрт манай ШУА ихээхэн эвгүй байдалд орж, улмаар улс төрчдийг овжин аргаар өөртөө илбэдэн гоходдог боллоо. ШУА шинжлэх ухааны бодлогын стратеги, хэрэгжилтийн асуудлаар нэг ч үг ганхийхгүй, таг дуугүй байхаас өөр замгүй болоод байна. Хараат байхын аюул энэ.ШУА–д удирдлагын явцуу бүлэглэл үүсэж, зарим хүрээлэнгийн ажил нэг л ахицгүй болсоныг үгээр шүүмжлэх бус үйлээр засах учиртай. Хүрээлэнгийн захирал, академич нэгэн “Энэ ШУА нэг л биш ээ“ гэсэн нь юуг өгүүлсэн бол?
4. Төсвөөс иргэний харъяаллын суурь судалгааг санхүүжүүлж байгаа социализмээс уламжилсан алдаатай практикийг энэ оноос эхлэн шууд зогсооё. Иргэний нээлттэй суурь судалгаа нь ерөөсөө их сургуулийн бүх багш, хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтны зайлшгүй чадах ёстой чадварын минимум шаардлага юм. Иргэний салбарт хамаарах онолын суурь судалгаа нь чөлөөт хүсэл, сонголтоор хэрэгждэг. Тийм судалгааг их сургуулийн профессор бүү хэл патентийн товчооны жирийн ажилтан залуу (А.Эйнштэйн) гэртээ өөрийн сонирхлоор хийж байдаг. Монголд онолын суурь судалгаа нь хэдхэн доктор Sc зэрэгтэй ахмад хүний хийдэг ажил мэт болж, тэрүүхэндээ хана босгож, залуусыг гадуурхан түлхэж байна. Үүнийг халж, бүх хүнд ижил боломж олгоё. Чадварлаг залуус чухам үүнийг л хүсэмжилж байна.
5. Монгол улсад онцгойлон хөгжүүлэх шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлийг тодруулж, тэдгээрийг хаалттай горимд оруулж, суурь судалгааг түүнд бүрэн хамаатуулъя. ОХУ –д ийм болов.
6. Юуны өмнө ШУА –н харъяа хүрээлэнгүүдийг БШУЯ –ны мэдэлд бүрэн татан авъя. Дараа нь тодорхой судалгааны үндсэн дээр хүрээлэнгүүдийг их сургуультай ойртуулах оновчтой арга замыг олъё. Хүрээлэнгийн залуу докторууд хөгшин захирлаа хатуу шүүмжилж, шинэчлэлийг шаардах болсон нь хүрээлэнгийн дотоодод бүрэлдсэн хэцүү төлөв байдал (удирдлагын дарангуйлал, ажилтны сул дорой байдал, авилгал, хахууль, долигнол гэх мэт) – с эхтэй байх. Тийм хүрээлэнгүүд сэхэл авахгүй хэмжээнд очих аюултай тулгарсаныг анхаарч яаравчилъя.
7. Монголын ШУА –г хэдхэн хүрээлэнгийн эрх ашгийг муйхраар улайран хамгаалдаг салбарын шинжтэй явцуу сонирхлоос салгаж, их сургууль, хүрээлэн, хувийн сектор, ТББ –д буй нийт эрдэмтдийн төлөөх үндэсний том академи болгоё. ШУА –н удирдлага монголын нийт эрдэмтдийн эрх ашгийг ухаарч, ШУУЗББ -н өөрчлөлтийг дэмжинэ гэдэгт итгэж байна. ШУА хэдхэн хүрээлэнг толгойлох бус, монгол улсын шинжлэх ухааныг оройлон манлайлж, улс орноо хөгжүүлэх шинэ бодлого боловсруулдаг, бүх судлаачийг тэгш оролцуулдаг, тэднийгээ өөрийн ба хүний гэж алагчилдаггүй, том төслүүдэд эксперт хийдэг, улс төрчид, төрөөс бүрэн хараат бус, жинхэнэ чөлөөт ШУА байх учиртай. Зах зээлийн жам ёс ийм бөгөөд монголын эрдэмтэд үндэсний-тунгалаг–ардчилсан–суралцдаг ШУА -г хүсэмжилж байна.
8. 1994 онд НҮБ, ЮНЕСКО –р захиалж хийлгэсэн ШУУЗББ –н өөрчлөлтийн саналыг хүлээж авсансан бол манай орны өнөөгийн байдал ихэд өөр байх байж. Ядаж л улс төрийн намууд өмнөө улс гэрээ хөгжүүлэх нэгдмэл бодлоготой, эрдэмтдийн оюуны хүч нэгдэж төвлөрсөн, их сургуулиуд судалгааны төлөвт шилжиж дууссан, шинжлэх ухаанч бус хуурамч номлолууд амилах хөрсгүй болсон гээд юу эсийг хэлж болох. Харамсалтай нь, тэрхүү чухал баримт бичгийг нуун дарагдуулсан билээ. Бид 20 жилийг алдлаа.
9. ШУА–н харъяа хүрээлэнгүүдийн залуу докторуудаас гаргасан шаардлагыг харгалзаж зарим академич“ Академич нарт жил бүр зүгээр өгдөг 348 сая төгрөгийг хүрээлэнгүүдийг дэмжихэд зориулъя, бид ичиж байна “ гэсэн шинэ санаачлага гаргажээ. Манай академичид шударга үнэнийг эрхэмлэж эхэлсэнд талархууштай. Энэ санаачлагыг засгийн газар дэмжиж, тус хөрөнгийг судалгааны зориулалтаар залуу Ph докторуудад ГРАНТ болговол зохих байна.
10. Эдийн засгийн хэмнэлтийг ШУА –н хий санхүүжилтээс эхлэе. Үндэсний - тунгалаг – ардчилсан – суралцдаг ШУА-тай болсоны дараа санхүүжилтийн асуудлыг нэг мөр шийдье. 2013 онд ОХУ –д гурван ШУА–аа нэгтгэж, хөгжлийн макро бодлого боловсруулах, салбар дундын асуудал шийдвэрлэх, эксперт хийх үүрэгтэй үндэсний ШУА –г байгуулсан. Энэ оноос шинэ ШУА –н гишүүдийн хиймэл нэмэгдлийг зогсоож, оронд нь хоёр дахин өсгөсөн цалин олгохоор шийдвэрлэв. Ажил хийж цалин авах нь шударга бол юу ч хийхгүй атлаа ард түмний халаасруу гараа шургуулах нь гэмт хэрэг болой.
11. ШУУЗББ -н өөрчлөлтийн дэлгэрэнгүй саналыг мэдээж,хөндлөнгийн экспертүүд л боловсруулж чадна. Экспертийн комисст УИХ, Засгийн газар, БШУЯ, ШУА, Их сургууль, хүрээлэнгийн төлөөлөл орох ёсгүй. Баримт дурдваас, ОХУ –ын Боловсролын академийн харъяаны 4 хүрээлэнг нэгтгэх шийдвэрийг БШУ –ны сайд Д.Ливанов саяхан гаргав. Нэг хүрээлэн гэхэд л 400 гаруй судлаачтай байж. Тэдний 360 нь ( 90 % ) дээд сургуулийн жирийн багшийн бичиж чаддаг сурах бичиг зохиох ажлыг суурь судалгааны халхавч дор төсвийн санхүүжилтээр хийж, тэгээд өөрсдөө зарж хөлждөг байсныг хөндлөнгийн экспертүүд илрүүлжээ. Шинээр байгуулсан “Боловсролын хөгжлийн стратегийн хүрээлэн“-д тэрхүү хүрээлэнгээс шилдэг 40 судлаач орох юм байна. (Манай зарим хүрээлэнд ийм байдал газар авсан )
Бидний 40 хүн ШУУЗББ–г өөрчлөн шинэчлэх энэхүү саналыг дэвшүүлэв. Асуудал нилээд ужгирсан, хуучин тогтолцооны энерц их байгаа болохоор эсэргүүцэл байж таарна. ШУУЗББ –н өөрчлөлтийг хойшлуулах нь шийдэл биш, тэрээр байдлыг улам дордуулна. Үндэстэний хөгжлийн тулгуур шаардлага болоод байгаа энэ чухал асуудлаас зугтах биш, түүнийг шийдэх ёстой. Шинжлэх ухаанд, хөгжлийн зүй тогтолд, ҮНЭН–д итгэхийг уриалъя. Ухарч болохгүй, учир нь ард маань ангал байна.
ШИНЖЛЭХ УХААНЫ УДИРДЛАГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН БҮТЦИЙГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧИЛЬЕ.
1. Ц.Дэмбэрэл, Ph D, проф, Монгол улсын гавъяат багш
2. С.Галсан, Sc.D,проф, Монгол улсын ардын багш
3. С.Будням, доктор Sc, профессор,математикч
4. О.Лхагва, Sc.D,проф, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн
5. Ж. Гарьдхүү, Sc.D,проф, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн
6. Х.Ислам, Sc.D,проф, Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн
7. Л.Жамц, Sc.D,проф, Монгол улсын гавъяат багш
8. Ц.Дашдорж, Ph D, проф, Монгол улсын гавъяат багш
9. М. Шагдарсүрэн, Ph.D, проф,Монгол улсын гавъяат эмч
10. Г.Эрдэнэжав, Sc.D,проф, ОХУ –ын БУ –ын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн
11. Лх.Тэрбиш, Sc.D,проф, зурхайч,Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн
12. М.Отгон, Ph.D, проф,Эрүүлийг хамгаалахын гавъяат ажилтан
13. Ч.Дашдаваа, Sc.D,проф, түүхч
14. Ч.Зэгиймаа, Sc.D,проф, ХИС
15. Б. Эрдэнэбаатар, Sc.D,проф, мал зүйч
16. Ц.Нямжав, Ph.D ,проф, МУБИС
17. Ч.Нацагдорж, Ph D, проф, ШУТИС
18. Ц.Батөлзий, Ph.D , проф, физикч
19. О. Насанбат, Ph.D, проф, эдийн засагч
20. Д.Нарандэлгэр, Ph.D ,проф, Удирдлагын академи
21. Ц.Нансалмаа, Ph.D, проф, ХААИС
22. И.Гончигбат, Ph D, проф, архитекторч
23. М. Хасбаатар, Ph.D, проф, эдийн засагч
24. Ж.Цэвээнжав, Ph D, проф, ШУТИС
25. Ч. Эрдэнэ, судлаач, Английн Вангийн Нийгэмлэгийн гишүүн
26. Б.Анхбаяр, Ph.D, ШУА –д ажиллаж буй 6 залуу докторыг төлөөлөв.
27. Ж.Бадрах, Ph.D, ШУА –д ажиллаж буй 7 залуу докторыг төлөөлөв.
Зочин · 2015/01/08
Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд бичлээ гэнэ үү!Энэ сайт юу гээд тэнэгтээд байгаа м бол!
Зочин · 2015/01/08
ОХУ-ын Термок нэрийн вакум цонхны дулаан баригч,хүйтнийг үл нэвтрүүлэгч 4мм,5мм,8.5мм зузаантай тусгаарлагчыг ашигласнаар шилэн багцанд үүсдэг цантаж хөлрөх,мөстдөг асуудал арилна.Мөн өрөө тасалгааны дулаан +2.5-+4 хэмээр сайжирдаг.Тасалгааны интерьер дизайнд ач холбогдол өгнө.Олон удаа ашиглаж хэрэглэдэг.Үр дүн нь шууд мэдрэгдэнэ.Үнэ 1м нь:10500(12500төг),11500(13500төг),16500(19000төг)төг болж хямдарч байна.Тусгаарлагч материал бага хэмжээтэй үлдсэн шүү.Орос тех.Утас:95000020,95050020