Төрийн соёрхолт зураач С.Саранцацралт гоо сайхандаа бараг мөнгө зарцуулдаггүй гэнэ. Учир нь тэрбээр телевизийн янз бүрийн сурталчилгаанд хууртагдаж, мөнгөө салхинд хийсгэхийг хүсдэггүй аж. Хумс, үс, арьсаа өөрөө арчилдаг бөгөөд төдийлөн үнэтэй бүтээгдэхүүн хэрэглэдэггүй байна.

Өөрөө зураач хүн учраас түүнд гоо сайханчаар нүүрээ будуулж, хумсаа маникюраар засуулах шаардлага байдаггүй аж. Харин эрхэм зураач бүсгүй үнэртэнд харамгүй мөнгө зарцуулдаг байна. Дашрамд дурдахад, Төрийн соёрхолт зураачийн эцэг, эх нь МИАТ-д насаараа ажилласан бөгөөд дунд сургуульд байхдаа л 600 төгрөгийн гутлаар гоёдог, ганган охин байжээ.

Эрх дураар нь өсгөж, чөлөөтэй сэтгэж, бодох боломжийг хязгаарлаагүй эцэг, эхдээ түүний хувьд талархаж явдаг бөгөөд хангалуун амьдралд өсөх нь хүүхдийн хүмүүжилд нөлөөлдөггүй гэж үздэг байна. С.Саранцацралт энэ талаар “Миний эмээ их айхтар хүн байсан. Олон хэлтэй, их эрдэмтэй эмээ байлаа. Эмээ маань хэлсэн нэг үг байдаг юм. “Ядуу айлын охин явснаас, баян айлын зарц яв” гэж. Үнэхээр л ядуу сэтгэлгээ гэдэг бол хүнийг их муухай болгодог талаар хэлсэн үг л дээ. Баян айлын зарц гэдэг хичнээн зарц ч гэсэн сэтгэлгээ нь баян болчихсон байдаг байна. Ядуу айлынх нь болохоор хичнээн жинхэнэ охин нь ч гэсэн ядуу сэтгэлгээтэй. Нэгэнт ядуу сэтгэлгээтэй хүн бол амьдралд их ядуу ханддаг. Ядуу байгаад баян болчихсон ч гэсэн юм нь байгаа мөртлөө түүнийгээ эдэлж хэрэглэж чаддаггүй, бусадтай хувааж чаддаггүй” гэжээ.