АТГ төрийн нийт 152 байгууллагын авлигын эсрэг явуулж буй үйл ажиллагааг хөндлөнгийн шинжээчид буюу төрийн бус байгууллагуудын төлөөллийг оролцуулан үнэлгээ өгөх ажлыг 2 дахь жилдээ зохион байгуулжээ.

Авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны нэгэн цөм болсон энэ арга хэмжээг зохион байгуулах нь төрийн байгууллагууд, нийтийн албан тушаалтнуудыг авлигын эрсдэл, зан үйлээс хамгаалах, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой аж. Энэ жилийн хувьд төрийн байгууллагууд авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр өмнөх онтой харьцуулахад идэвх санаачлагатай ажилласан хэмээн хөндлөнгийн шинжээчид дүгнэсэн байна.

Үнэлгээнд Улсын Их Хурлаас байгуулагддаг 7 байгууллага /Монголбанк, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний аудитын газар, Үндэсний статистикийн хороо, Төрийн албаны зөвлөл, Хүний эрхийн үндэсний комисс/, 16 яам /2014 онд ажилласан хуучин бүтцээр/, Засгийн газрын тохируулагч, хэрэгжүүлэгч 26 агентлаг /Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тагнуулын ерөнхий газар үнэлгээнд хамрагдаагүй/, аймаг, нийслэл 22, нийслэлийн 9 дүүрэг, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 44 хуулийн этгээд, нийт 124 байгууллага хамрагджээ. Үнэлгээ нь авлигын эсрэг хууль тогтоомжоор хүлээсэн үүргийн биелэлтийг 0-70 оноо, авлигатай тэмцэх санал, санаачилгыг 0-30 оноо, нийт 100 оноогоор үнэлдэг бөгөөд энэ жилийн улсын дундаж үнэлгээ 60%-тай байгаа нь өнгөрсөн онтой харьцуулбал 11.8%-аар нэмэгдсэн үзүүлэлттэй гарчсан байна.

Энэ онд нийслэлийн 9 дүүргийн Засаг даргын Тамгын газрын авлигын эсрэг үйл ажиллагааг анх удаа үнэлсэн ба Сүхбаатар дүүрэг 74.8, Сонгинохайрхан дүүрэг 73.9, Чингэлтэй дүүрэг 67.6, Баянзүрх дүүрэг 58.5, Хан-Уул дүүрэг 56.1, Баянгол дүүрэг 55.7, Багануур дүүрэг 53, Налайх дүүрэг 42.9, Багахангай дүүрэг 22.8 оноогоор тус тус үнэлэгджээ. Дүүргийн дундаж үзүүлэлт 56.1%-тай байжээ.

Хамгийн муу оноог авсан байгууллага нь Хүүхдийн төлөө үндэсний газар 44 оноо, "Багануур АЗА" автозамын компани 27 оноог тус тус авчээ. Мөн УИХ-ын дэргэдэх байгууллага болон яамдуудад авлигатай хэрхэн тэмцэж, урьдчилан сэрийлэн ажиллаж байгааг "Онч шийдэл" төрийн бус байгууллагаас дүгнэжээ.

Тус байгууллагаас хийсэн судалгаагаар Үйлдвэр хөдөө аж ахуйн яам 87.7 оноо, Боловсрол шинжлэх ухааны яам 81 оноо, Барилга хот байгуулалтын яам 78 оноотойгоор эхний байруудад үнэлэгджээ. Харин авлигаас урьдчилан сэргийлэх, тэмцэх ажлыг хангалтгүй хэрэгжүүлж байгаа яамдаар Гадаад харилцааны яам 25, Эдийн засгийн хөгжлийн яам 23 оноо авсан ажээ.

Харин сайн үнэлгээг аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газруудаас хамгийн өндөр оноог буюу 82 оноог Орхон аймаг авчээ. Тус аймаг нь мэдээллийн ил тод байдлыг ханган маш сайн ажилласан байна. Цахим хуудасны мэдээлэл, төсөв, санхүү, хүний нөөц, худалдан авах ажиллагаатай холбогдсон бүх мэдээлэлүүд болон утсаар иргэдээс гомдол санал авсан болон 26 ТББ-тай хамтарч ажилласан байжээ.

“Онч шийдэл” ТББ-ын гүйцэтгэх захирал, хуульч, судлаач Ө.Эрдэнэ-Очир "Судалгааны ажлын зорилго нь Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж компани, байгууллагуудын авлигын эсрэг чиглэлээр урьдчилан сэргийлэх, соён гэрээрүүлэх, хуульд заасан үүргээ биелүүлэх, мэдээллийн ил тод байдлыг хангах чиглэлээр хэрхэн ажиллаж байна. Ажил нь үр дүнд хүрч байна уу зэрэг асуудалд оршиж байгаа юм" гэсэн юм. Мөн Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгж компани, байгууллагуудын хувьд мэдээллийн ил тод байдлыг хангах мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан төсөв, санхүү, хүний нөөц худалдан авах тухай мэдээллээ цахим хуудсандаа байршуулдаггүй. Зарим байгууллага нь бүр цахим хуудасгүй ч байх жишээтэй. Энэ нь нэг талдаа хаалттай мэдээллийн цаана авлигын гэмт хэрэг үүсэх бас нэг нөхцөл болж байгаа хэмээв.

152 байгууллагын авлигын эсрэг явуулж буй  үйл ажиллагаанд авсан үнэлгээг танилцуулж байна.

 

График 2

График 3

График 4

График 5