c81e728d9d4c2f636f067f89cc14862c

ХҮНС ХӨДӨӨ АЖ АХУЙН ЯАМНЫ САЙД

 

Р.БУРМАА-д

ӨРГӨХ БИЧИГ

Эрхэм сайд таныг ажлаа хүлээн аваад үйл ажиллагаагаа эхэлж байгаа энэ  үед тариаланчдын төлөөллийг хүлээн авч уулзаж байгаад баяртай байна. Таныг газар тариалангийн салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэн Хүнс Хөдөө Аж Ахуйн салбарын ирээдүйг улам батжин бэхжүүлэхийн төлөө ажиллана гэдэгт найдаж байна.

Тариаланч бидний өмнө тулгамдсан дараах асуудлыг анхааралдаа авч шийдвэрлэж өгөхийг хүсч байна.

  1. Ерөнхийлөгч саяхан хэлсэн үгэндээ: Тариаланчдын амжилтыг нураалгүй үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалсан. Хүнс Хөдөө Аж Ахуйн Яамны мэргэжилтэн энэ жилийн улаанбуудайн чанар сайн байгаа, дотоодын хэрэгцээг хангасан гэж мэдэгдсэн. Гэтэл 2015 оны 1 сарын 7-нд 20,000 тонн улаанбуудай импортлох импортын зөвшөөрөл олгожээ. Энэхүү шийдвэр нь тариаланчдын 2014 онд хураан авсан улаанбуудайн борлуулалтыг хаагаад зогсохгүй 2015 онд тариалалт хийх боломжгүй байдалд хүргээд байна. Тус холбооны гишүүн байгууллагуудад ойролцоогоор 40,000 тонн, ТЭДС-т 32,000 тонн нийт улсын хэмжээнд борлуулагдаагүй 72,000 тонн (бусад холбооны гишүүн байгууллага болон хүвь хүмүүсийн гар дээр байгаа улаанбуудай ороогүй) улаанбуудай байхад ямар зорилгоор улаанбуудай нэмж импортоор оруулж ирэх гэж байгаа нь асуудалтай байна. Иймд 2015 оны 01 сарын 07-ны өдөр баталсан энэхүү тушаалыг 2015 оны 1 сарын 20-ны дотор хүчингүй болгох.
  2. 2014 онд засгийн газраас хураан авсан улаанбуудайн тонн тутамд 100,000 төгрөгний нөхөн олговор (урамшуулал) олгохоор тариалан эрхлэгч аж ахуй нэгжүүдэд мэдэгдсэн. Гэвч нөхөн олговор (урамшуулал) -оо авч чадаагүй, банкны өр зээлээ төлж чадахгүй хүнд байдалд ороод байна. Иймд 2014 онд тариалсан улаанбуудайн нөхөн олговорыг (урамшуулал) анх мэдэгдсэн дүнгээр буюу тонн тутамд 100,000 төгрөгөөр тооцож 2015 оны 1 сарын 20-ны дотор олгох.
  3. Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөр дамжуулан гурилын үйлдвэрүүдэд хөнглөлттэй зээл олгосон байдаг. Гэтэл гурилын үйлдвэрлүүд улаанбуудайг тариаланчдаас зээлээр худалдан авч тухайн улаанбуудайн төлбөрийг өнөөдрийг хүртэл төлж барагдуулаагүй байна. Тариалан эрхлэгчид 2013 онд уринш хийж, 2014 онд тариалалж хураан авсан улаанбуудайн төлбөрөө 2015 он гарчаад байхад авч чадаагүй байгаа нь бүтэн 2 жилийн хөдөлмөрийн үр шимээ үзэж чадаагүй байна. Иймд энэхүү улаанбуудайн төлбөрийг тариаланчдад олгуулах талаар шийдвэртэй  арга хэмжээ авч тухайн хөнглөлттэй зээлийг зориулалтын дагуу зарцуулаагүй гурилын үйлдвэрүүдэд хариуцлага тооцох.

Цаашид газар тариалангийн салбарыг тогтвортой хөгжүүлж, улаанбуудайн дотоодын хэрэгцээг тогтвортойгоор ханган ажиллах цаашлаад экспортын гол нэрийн бүтээгдэхүүн болгоход хийгдэх ажил их байгаа боловч нэн тэргүүнд дээрх асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна.

 

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалан холбоо