Шийдлийн Засгийн газар АН, МАН, МҮАН зэрэг олон намын бүрэлдэхүүнтэй байгуулагдсан болоод ч тэр үү албан тушаал эрх мэдлийн хуваарилалт үргэлжилсэн хэвээр байна.

Намууд сайд болон дэд сайдад нэр дэвшигчдээ өнгөн дээрээ хэл амгүйхэн тодруулсан мэт боловч хөшигний цаана өнгө мөнгөний ширүүхэн тулаан болсон нь нэгэнт ил болсон. 

Харин Төрийн нарийн бичгийн дарга нарын сунгаанд олон хүн өрсөлдөх магадлалтай байсан ч Төрийн албаны зөвлөлийн сонгон шалгаруулалтад тэнцсэн хүмүүсийг энэ албанд томилохоор болсон билээ. Үүнээс гадна агентлагуудын дарга нарын томилгоо ч анхаарал татаж байна. Тухайлбал, Шадар сайд У.Хүрэлсүх өөртэй нь хамтарч ажиллаж чадахгүй гээд хэвлэлийнхэнд мэдэгдэн ажлаа өгсөн О.Магнайгийн оронд МАН-ын Шинэчлэлийн хорооны дарга Т.Аюурсайханыг томилсон. 

Тэгвэл МАН-ынхан ГЕГ-ын даргад УИХ-ын гишүүн асан Р.Рашийн хүргэн, Зүүний хүчний холбооны нөлөө бүхий эрхмүүдийн нэг Б.Цэнгэлийг зүтгүүлж байгаа сурагтай.  МАН-д ийнхүү албан тушаалын төлөөх марафон үргэлжилж байгаа бол АН-д намынхаа аппаратад ажиллаж,  төдийгөөс өдий хүртэл зүтгэсэн залуус нь ажилгүйчүүдийн эгнээнд шилжиж байна. Тухайлбал, тус намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан О.Чулуунбилэг өчигдөр ажлаа өгчээ. Хамгийн сонирхолтой нь Л.Эрхэмбаяр АН-ын генсек болмогцоо нарийн бичгийн дарга нараар УИХ-ын гишүүн, “Алтангадас” фракцын Г.Батхүү, “Шонхор” фракцын С.Эрдэнэ, МҮДН фракцын Д.Бат-Эрдэнэ, МоАХ фракцын Л.Эрдэнэчимэг нарыг сонгожээ. 

АН-ын шинэ генсек нам дотроо ийм томилгоо хийсэн нь “АН-ын шинэ генсек нам дотроо ийм томилгоо хийсэн нь АН-ын фракцуудын төлөөлөлүүд нарийн бичгийн дарга нарын суудлыг эзэлсэн нь УИХ-ын 2016 оны угтал ажил юм. Шинэ нарийн бичгийн дарга нар ирэх сонгуульд намын нэрсийн жагсаалтаар нэр дэвших тохиролцоогоо хийсэн бололтой" гэж хардахад хүргэж байгаа юм. 



Ж.Гал