Манай улсад ХДХВ-гийн анхны тээгч одоогоос 21 жилийн тэртээ буюу 1992 онд бүртгэгдсэн байдаг. Тэр үеэс “ДОХ” гэсэн гурван үг нийгмийг бүхэлд цочроож, айдас хүйдэс дагуулсан.

Анхны тохиолдол илэрснээс хойш хоёр дахь, гурав дахь, арав дахь гэх мэтчлэн явсаар өнгөрсөн долоо хоногт 140 дэх тохиолдол нь бүртгэгдсэн байна. Уг өвчний анхны хохирогч нь 2001 онд нас барсан байдаг.  Түүнээс хойш нийтдээ 17 хүн уг өвчнөөр хорвоог орхижээ. Харин ДОХ-ын халдвар тээсэн хоёр дахь хүн нь 1995 оноос хойш эмчилгээ хийлгэж байгаа билээ.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанаас үзвэл уг өвчний халдвар тээгч нь дунджаар 10 жил амьдрах  боломжтой гэнэ. Гэхдээ тухайн халдвар тээгчийн биеийн дархлаа, өвчин эсэргүүцэх чадвараас шалтгаалаад амьдрах боломжтой жил нь дээш доош хэлбэлзэх нь байдаг. 

Манай улсын хувьд халдвар тээгчдийн 97 хувь нь 20-45 насныхан байна. Тэд бүгд бэлгийн замаар халдвар тээсэн байдаг нь нөхөн үржихүйн замбараагүй байдал, гэр бүлдээ үнэнч бус байгаагийн нэг илрэл билээ. Харин хүйсийн хувьд авч үзвэл 80 хувь нь эрэгтэйчүүд байгаа нь судалгаагаар нотлогджээ.

Дээрх тохиолдлуудын бараг тал хувь нь сүүлийн гурван жилийн дотор бүртгэгдсэн байгаа сэтгэл эмзэглүүлж байна. Үүнтэй холбоотойгоор нэгэн чухал мэдээг онцлохоор шийдлээ.

Сүүлийн жилүүдэд уул уурхайн хөгжлийг дагаж Өмнөговь аймгийн нутаг “Цагаан хад”, БНХАУ-ын “Гашуун сухайт” орчимд монгол залуус ажиллах нь ихэссэн. Тэгвэл тус боомтод ажиллаж буй жолоочдыг БНХАУ-ын зүгээс  ДОХ-ын шинжилгээнд хамруулж байгаа гэнэ. Ингэхдээ тэдгээр иргэдээс 300 юань буюу монгол мөнгөөр 60 гаруй мянган төгрөг авдаг байна.

Уул уурхай дагасан тус газарт ДОХ-ын толхилдол илэрсэн гэж үзэж байгаа тул БНХАУ-ын зүгээс ийм хариу арга хэмжээ авч буй бололтой. Хамгийн гол нь урд хөршийнхөн манай иргэдээс сэрэмжлэн шинжилгээнд хамруулж байхад манай холбогдох байгууллагууд, энэ талаар мэдээгүй, сонсоогүй байгаа нь анхаарал татаж байна.

Энэ талаар холбогдох яам, салбарын дарга нар нь анхаарал хандуулах цаг болжээ. Харийн нутгийнхан манайханаас болгоомжилж байхад бид мэдээгүй дуулаагүй байгаа нь дэндүү хариуцлагагүй, хайхрамжгүй байгаагийн илрэл билээ. 

Манай 21 аймгийн 12т нь ДОХ, ХДХВ-гээр өвчлөгсөд бүртгэгдсэн байна. Үүнээс харахад угч өвчин зөвхөн нийслэл хотоор хязгаарлагдахгүй аймаг сумдаар ч таржээ. Уг өвчний тархалт их байгаа нь ажилгүйдэл, ядуурал, шилжилт хөдөлгөөн, архидалт, биеэ үнэлэх зэрэг нийгмийн сөрөг үзэгдлүүдтэй холбоотой хэмээн тайлбарлах хүмүүс цөөнгүй. Хэрвээ нэг халдвар тээгчийн ард 500 хүн бий гэж үзвэл, ДОХ-ын хамааралтай 7000 иргэн байна гэсэн тооцоог харж  болох юм.

Б.Хорлоо