Т.Аюурсайхан: Шударга, зөв өөрчлөлтийн төлөө цаашдаа ч явна
2015/01/15
ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.
-ШӨХТГ иргэдийн эрх ашгийг хөндсөн асуудалтай байнга нүүр тулдаг болохоор “Амар газар биш” гэж олон нийт хардаг. Та цаашдаа ямар арга барил, зарчмаар ажиллах бодолтой байна вэ?
-“Хэрэглэгч та хаан” гэдэг үгийг хоосон өргөмжлөл, уриа лоозон төдий болгохгүйн төлөө ажиллана. Дээр нь шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө ажиллана. Энэ ойлголт нийгэм, эдийн засагт маш их дутагдаж байгаа гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. ШӨХТГ-ыг одоогоос арван жилийн өмнө байгуулсан. Энэ хугацаанд холбогдох хууль тогтоомжийн орчин бүрдэхийн хэрээр ШӨХТГ-ын чиг үүрэг өргөжиж ирсэн. Үүнийгээ дагаад манай байгууллагын хэрэгжүүлж байгаа ажлын тоо, далайц улам өргөн болж байна. Ер нь иргэдийн сайшаалыг авч, үр дүнд хүрсэн ажил ч байна. Үйл ажиллагааны зарим алдаа дутагдал ч байна. Ерөнхий зургаар нь харвал ШӨХТГ-ын ажил хэвийн үргэлжилж байна.
-Таныг Шинэчлэлийн хорооны Т.Аюурсайхан гэдгээр нь олон нийт мэднэ. Гэхдээ өмнө нь хаана ажиллаж байсан, ямар мэдлэг боловсролтой хүн ШӨХТГ-ын даргаар ирснийг сонирхох хүн цөөнгүй байгаа байх.
-Би ажлын гараагаа хувийн хэвшлээс эхэлж байлаа. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн Шадар туслах, Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, асуудал эрхэлсэн хорооны дарга, тус дүүргийн Засаг даргаар ажиллаж байсан. БНТУ, БНСУ, Япон улсад их сургууль, ХААИС-д докторантурт суралцаж төгссөн. Эдийн засагч мэргэжилтэй. Орос, англи, турк, япон хэлтэй.
- О.Магнай даргын өмнө нь хэрэгжүүлж байсан ажлыг үргэлжлүүлэх үү. Танд “Үүнийг л нэг өөрчилмөөр байна” гэсэн шинэ санал, санаачилга байна уу?
- ШӨХТГ-ын чиг үүрэгт заасан ажлыг чиг шугамынх нь дагуу хийгээд л явна. Өөрчлөх юмсан гэсэн санаа, сэдэл олон байна. Одоо аливаа асуудлыг шалгаад шууд хуулийн заалт барьж, хариуцлага тооцно гэж зүтгэдэг хандлага байна. Зах зээлийн судалгаа гаргаж, тухайн асуудалд шинжлэх ухааны онол, практикийн хувьд эдийн засаг болон нийгмийн байдалд ямар нөлөө үзүүлэх нь вэ гэдгийг нь сайтар тооцдоггүйг анзаарсан. Шүүх хурлаар байцаагчийн гаргасан шийдвэр хүчингүй болох тохиолдол гардаг нь үүнтэй холбоотой гэж үзэж байна. Энэ байдлыг засч залруулахын төлөө ажиллана. Тиймээс зах зээлийн судалгаа хариуцсан нэгжтэй болсон. Зөвхөн судалгаа гэхгүйгээр сургалтад ч анхаарал хандуулна. Юу, юугүй шалгаж, торгохоос илүүтэй иргэд, аж ахуйн нэгжид хууль тогтоомжийг сурталчлах, хэрэглэгчийн эрхээ хэрхэн хамгаалах талаар тогтмол сургалт явуулах бодолтой байна.
-О.Магнайг “Энэ байгууллагын даргаар ажиллахдаа иргэдэд хэрэгтэй олон шийдвэр гаргасан” гэж олон нийт ам сайтай байгаа. Тэгэхээр таныг иргэд О.Магнай даргатай харьцуулж эхлэх байх. Та энэ хандлагыг хэрхэн хүлээж авах вэ?
-Миний хувьд өөрийгөө хэн нэгэн хувь хүнтэй харьцуулахыг хүсэхгүй байна. Хүн болгон ажлын арга барил, мэдлэг боловсрол, ур чадвараараа ялгаатай. Хамгийн гол нь энэ байгууллагын чиг шугам байгаа. Үүнийг л хазайлгахгүй барих ёстой гэж бодож байна. Би шударга, зөв өөрчлөлтийн төлөө явсаар ирсэн. Цаашдаа ч явна гэдэгтээ итгэлтэй байна.
-Өнгөрсөн хугацаанд циркийг тойрсон асуудал нэлээд их маргаан дэгдээсэн. Үүнд ямар нэг шийдэл гаргах болов уу ?
-Циркийн асуудлаар Төрийн өмчийн хороонд санал хүргүүлж, шүүхэд хандсан. Үр дүн нь ямар байгааг явцын дунд мэдээлж болох байх гэж бодож байна. Ойрын хугацаанд үнэ тогворжуулах хөрөнгийн дөрвөн их наяд төгрөгийн хөнгөлөлттэй зээлийг ямар компаниуд авч, юунд зарцуулав гэдэгт анхаарал хандуулна. Эдийн засгийн хямралаас болж олон аж ахуйн нэгжүүд хаалгаа барьж байна. Гэтэл цөөн хэд нь төрөөс асар их дэмжлэг аваад түүнийгээ зориулалтын бусаар зарцуулсан байвал энэ шударга өрсөлдөөн мөн үү. Үүнийг тогтоохын төлөө ажиллана. Түүнчлэн шатахуун, дулааны үнэ яагаад нэмэгдэв гэдгийг судлах ажлын хэсгүүдийг байгуулсан. Орон сууцны метр квадратын зөрүү, банкны шимтгэл зэрэг өмнө нь эхлүүлсэн ажлыг үргэлжлүүлж үр дүнд хүргэнэ гэсэн бодолтой байгаа. Түүнчлэн иргэд, аж ахуй нэгжээс ирүүлсэн гомдол саналууд ч их байна.
-МАН-ын Шинэчлэлийн хороо Н.Алтанхуягийн Засгийн газрын бодлогыг хатуу шүүмжилж, жагсаал, цуглаан хүртэл хийж явсан. Та бүхний үйл ажиллагаа Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахад тодорхой хэмжээний нөлөө үзүүлсэн байж таараа. Үүнийх нь шанд таныг “ШӨХТГ-ын даргаар томиллоо” гэж харж байгаа хүн цөөнгүй бий. Энэ тухай та ямар бодолтой байна вэ?
-Шударга ёс, зөв өөрчлөлтийн талаар дуугарч явдаг болохоор энэ ажлыг хийхэд тохиромжтой хүн гэж үзсэн юм болов уу. Ямар ч байсан намайг энэ ажлыг хийж чадна гээд санал болгосон. Шинэчлэлийн хороо улс төрийн намуудыг шинэчлэх, төрийг эрүүлжүүлэх, нийгмийг хөгжүүлэх зорилготой төрийн бус байгууллага. Хамт олноороо ярилцаж байгаад, төрийг эрүүлжүүлж, нийгмийг хөгжүүлэх зорилгынхоо хүрээнд хувь нэмрээ оруулах боломжтой гэдэг утгаар нь энэ ажлыг хүлээн авсан. Би гудамж, талбайд дуугарч байгаад ажил аваад чимээгүй болдог хүн биш. Ажил албан тушаалтай үхэн хатан зууралдахгүй цаг нь болохоор өгчихөж чадна. Зарим хүмүүс албан тушаал аваад амаа таглууллаа гэж бодож байж магадгүй. Тийм зүйл огт байхгүй. Шинэчлэл, өөрчлөлтийн төлөө тууштай тэмцэнэ гэдэгтээ итгэлтэй байна. Би эх орондоо хайртай, шударга ёсонд итгэдэг, хийж бүтээх хүсэл эрмэлзэлтэй хүн. Ухвар мөчид аргаар бус өөрийн хүч хөдөлмөр, мэдлэг, боловсролоороо өөрийгөө чадна гэдгээ харуулах ёстой гэдэгт итгэдэг олон мянган залуучуудын зөвхөн нэг төлөөлөл гэж боддог.
-Таныг “ШӨХТГ-ын даргаар ирэх сургаар ажилчид нь өргөдлөө өгөөд эхэлжээ” гэсэн мэдээлэл зарим цахим хуудсаар гарсан. Энэ бодитой мэдээлэл үү?
-Намайг ажлаа авахад зарим хэлтсийн удирдлага өргөдлөө өгсөн байсан. Өөр ажилд орох хүсэлтээ илэрхийлсэн хүн ч байгаа. О.Магнай даргын үед ажлаасаа хууль бусаар халагдсан ажилчдыг ажилд нь буцааж авах шүүхийн шийдвэр гарсан байсан. Гэвч энэхүү шүүхийн шийдвэр хэрэгжихгүй байсныг биелүүллээ.
-Засгийн газраас хэмнэлтийн горимд шилжиж, бүсээ чангалах чиглэл өгч байна. Танай байгууллагад санхүүгийн хэмнэлт ямар байдлаар нөлөөлж байна. Танайх цомхотгол хийсэн үү?
-Улсын төсвийг хэмнэлтийн горимд шилжүүлэхтэй холбоотой УИХ, Засгийн газрын шийдвэрүүд гаргах болсон нь өмнөх Засгийн газрын алдаатай бодлого, үйл ажиллагаатай шууд хамааралтайг энд зориуд хэлмээр байна. Би хоёр жилийн өмнөөс нөхдийнхөө хамтаар Засгийн газрын бодлого, шийдвэр алдаатай явж байгааг энэ нь хүндэрвэл эдийн засгийн аюулгүй байдал, үндэсний аюулгүй байдалд эрсдэл учрах нөхцөл байдал үүсэхээр байгааг сануулж, таслан зогсоохын төлөө ажиллаж байсан. Өмнөх Засгийн газар алдаагаа засах нь бүү хэл бүр хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тиймээс Засгийн газартай хариуцлага тооцох хөдөлгөөн өрнүүлж, олны хүч дэмжлэгтэйгээр үр дүнд хүрсэн. Алдаатай бодлогоос гадна “Чингис” бондын 1.5 сая ам.доллар, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн дөрөв орчим их наяд төгрөг, Хөгжлийн банкны 580 орчим сая ам.долларын эх үүсвэрийн буруу менежмент өнөөдрийн хүндрэлтэй байдлыг шууд бий болгосон. Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу манайх цомхотгол хийсэн.
-Танай байгууллага харьцангуй орон тоо цөөтэй иргэдийн эрх ашгийг хөндсөн өргөн хүрээтэй асуудлуудтай нүүр тулдаг газар гэж ойлгож байгаа?
-Тэгж ойлгож болно. Бидэнд олгодог төсөв мөнгийг нь чамлалгүй, хүн хүчний бэрхшээлдээ түүртэлгүйгээр их ажлыг хийх боломжтой. Хэрвээ хийх сэтгэл байвал боломжууд өөрөө ургаад л гараад ирдэг.
-Ярилцсанд баярлалаа.
zochin · 2015/01/17
harvaas yu hiij chadna gej man-aas ogson uureg daalgavariig mash sain hiij chadna.Sayhan nileen sain shudragam hun bolj togolson iim yumnuud ch dee.Man-iin shine ye ooriigoo mash tom geed enduurchee. odoo ene agentlagiig tatan buulgah heregtei ***l hudlaa tsirkiig avchihval ch chadahgui dee.chi hunii ugeerl yavna oor yah ch bilee cham shig hun.
Зочин · 2015/01/16
Мөнгө олох хамгийн амархан арга олсоон. !!!! Үнэн гэдгийг нь би өөрөө 450 до******** авч байж итгэлээ. Зөвхөн интернэт байхад л хангалттай. Интернэт ухаж, дэмий тэнэж байхдаа л амжуулчихна. Тур******д доорх http:/http://TheWeeklyJob.com/?id=320934/ороод бүртгүүлээд үз дээ. Бүртгүүлсэн тохиолдолд танд 25 до******** автоматаар өгөгдөх ба танд мөн адил ийм линк өгөгдөнө. Тэрхүү линкээ мөн адилаар бу******д тараа. Байж болох бүхий л сувгаараа тараа. Ингэснээр таны линкээр орж бүртгүүлсэн хүн нэг бүрийн тоогоор 10 до******** өгөгдөнө. Ингэснээр доод тал нь 300 до********т хүрснээр та мөнгөө авах эрхтэй болох юм. Сарын сүүлийн 24-30 ны хооронд танд цалин өгөгдөх бөгөөд до********ын данс, Money Gram, Western Union зэрэг олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээгээр цалингаа авах боломжтой. Та хэрхэн ямар аргаар линкээ сайн түгээнэ таны авах мөнгө 300-аас 10000 до********т хүрэх боломжтой. Энэ нь онлайн хандалтын бизнес бөгөөд сүлжээтэй бага зэрэг төстэй ч илүү хялбар арга юм. Жич: Нээсэн хаягаараа 30 хоногийн туршид ороогүй тохиолдолд автоматаар хаагдана. 3 хоногт л 500$-ын ажил үнэн шүү. Танд амжилт хүсье. Танаас ямар ч зардал гарахгүй
Экс-коммунист · 2015/01/16
Экс-коммунистууд олигтой ажиллахгүй л дээ. Тэгсхийгээд аяыг нь дагуулаад явна, цаагуураа иргэд хохирно. Ийм байдал энэ хүний ярианаас мэдрэгдэж байна.
Зочин · 2015/01/16
Магнайгийн хэмжээнд хүрч ажиллаж чадахгүй бол ямар дарга байхав дээ. Энэ хүн дээрээс өгсөн үүрэг даалгаварыг биелүүлж ажилладаг хүн шиг санагдсан. Хэзээ лантуу бууна, тэр үед л бидний төлөө хөдлөх байх даа. Зайлуул.