“TIMES.MN” сайтын хамт олон бид эрхэм уншигч та бүхэндээ шинэ долоо хоногийн онцлох зочны ярилцлагаа хүргэж байна. 

Энэ долоо хоногийн онцлох зочноор олноо зөн билэгтэн хэмээн танигдсан Г. Намчин-Иш уригдсан  юм. Цэнхэр дэлгэцийн нэвтрүүлгээр ээдрээт олон нууцыг тайлж, зургаа дахь мэдрэхүйгээ гайхуулан алдаршсан эрхэмтэй  бөөгийн болоод далд ертөнцийн тухай ярилцлаа. 

 

 

- Онцлох зочны урилгыг хүлээн авсанд баярлалаа. Яриагаа сүүлийн үед айл бүрт тодроод байгаа бөөгийн сэдвээр эхлэе. Бөөг шашин гэж ойлгох уу? Эсвэл шашнаас өөр зүйл үү?

- Баярлалаа. Танай  сайтын уншигчдад шинэ долоо хоногийн мэнд хүргэе. Хүн бүрийн шинэ он, шинэ долоо хоног сайхан эхэлж байгаа гэдэгт итгэлтэй байна. Би далд ертөнц, бөөгийн амьдрал, хүний хувьсал өөрчлөлтийн талаар судалдаг. Ялангуяа монгол хүний оюун санааны геншил, түүний чадамжийн талаар өөрийн ойлголт цар хүрээг өргөтгөхөөр судалж байна. Бөө гэдэг нь нэршлийнхээ хувьд ямар нэгэн зүйлийн оноосон нэр. Мөн сүсэг болон хувь хүний байр байдал, нийгмийн гарал үүсэл, амьдралын хэв маяг зэргээс улбаалаад өөрийн гэсэн ёс заншилтай гэж ойлгож болно. Бөөг шашин мөн, биш гэж үзэх хүмүүс байдаг. Миний хувьд яалт ч үгүй шашин гэж үздэг.   

 

- Бөөгийн урсгал гэж байдаг уу? Харын бөө, цагааны  бөө гэдэг нь ямар учиртай  юм бэ?

- Хөгжим гэсэн нэг ерөнхий зүйл  дотор олон янзын урсгал байдагтай  адил бөө дотроо урсгалтай. Хувь хүний төлөвшил, ертөнцийг үзэх үзэл зэргээс хамаараад бөөгийн урсгалыг янз янз ойлгож болно. Тэрнээс биш хийсвэр байдлаар энэ нь цагаан, тэр нь хар гэж заагласан зүйл  байхгүй шүү дээ.

 

- Бөө нарт дагаж мөрддөг ёс зүйн хэм хэмжээ байдаг уу? Харын засал, хараал хийх зэрэг нь ёс зүйн хэм хэмжээнд нийцэх зүйл мөн үү?

- Бөө хүмүүст бөө “болох” гэдэг ойлголт байх ёсгүй. Харин бөө байх ухаан байх ёстой. Бөөгийн отог дотроо хар дархад, улаан хуулар, халх, захчин, буриад, цыган гээд янз янз байдаг л даа. Тэдний оюун санааны  хүч, байгаль орчинтой харьцах харилцаа, харьцаанаас шалтгаалаад бөөгийн хүч чадал хязгаарлагддаг. Нэгнээ хорлох, хар санах, сэтгэлд нь цөв суулгах, хараал жатга хийх гэдэг бол тухайн бөөгийн ёс зүйд алдаа байна гэж ойлгох хэрэгтэй.

 

- Ёс зүйн алдаа гаргаж буй бөөд тооцох хариуцдага гээч зүйл үгүйлэгдэж байгаа юм биш үү? Үүнд бөө нар өөрсдөө оролцох цаг нь ирсэн юм шиг. Эс бөгөөс харын засал гээч зүйл хийдэг зарим нэгнээс нь болж бөөгийн нэр хүнд бүхэлдээ сэвтэх аюултайг хэлэх хүмүүс байна л даа?

- Хараал харын засал гэдэг шашнуудад байдаг зүйл. Үүнийг нийгмийн хэрэгцээ байдлаар ойлгож хүлээж авч болно. Тийм учраас хараал, хар зүйл гэдэг нь оршсоор байх зүйл л дээ. Үүнтэй тэмцэх гэж оролдоод ч хэрэггүй гэж боддог. Харин цагаанаа хар нь давдаг байгаасай л гэж хүсдэг юм. Хүний сайн сайхны төлөө, хүссэн зорьсонд нь хүргэх зам мөрийг нь тэгшлэхийн төлөө хүч чадлаа зардаг нь давамгай байгаасай гэж хүсдэг. Мэдээж цагаан үйлийг хийж цагаан сэтгэл гаргаж буй нэгэн хар үйл хийж буй нэгнээс илүү явдаг гэдгийг бөө нар өөрсдөө ухамсарлах хэрэгтэй.

 

- Шашин бүрт засал гэдэг үйл байдаг уу? “Бөөгийн засал” гэж хүмүүс их ярих юм аа.

Манай нийгэмд шашны олон урсгал байна. Түүн дотроос зонхилж байгаа нь буддын шашин бөө хоёр байна. Энэ хоёр шашинд засал гэдэг зүйл бий.  Хүнд өөрт нь “би” гэдэг ертөнц байсаар байтал яагаад лам, бөө, үзмэрч, зурхайч нарт хандаад байна вэ гэхээр тэр хүнээс гадна хоёрдогч хүч хэрэгтэй гэж үзэж байгаа хэрэг. Харин хоёрдогч хүчин зүйл хүнд нөлөөлөх нь засал л юм даа.

 

- Бөөд оноосон засал гэж байдаг уу?

Байхгүй. Харин шарын шашинд оноосон засал гэж бий. Жишээлбэл Алтангэрэл судар, Манал судар гэх мэт. Тэр нь ажил үйлс бүтээдэг, өвчин эмгэгийг зайлуулдаг гэх мэт оноогдсон байдаг. Бөө бол тухайн үеийнхээ эрчим хүчээр нүдэнд үзэгдэж, чихэнд сонсогдсон мэдрэмж, мэдээлэл, өгүүлэмжээр бөөлсөн, зассан байдаг.  

 

- Сүүлийн үед бараг л айл бүр бөөтэй болжээ. Газар сайгүй олон бөө бий болж байгаа нь юутай холбоотой гэж та бодож байна вэ?

Тэнгэрийн цаг, газрын цаг, гал усны цаг гэж бий. Жаран жаран, жил жилээрээ, цаг цагаараа хүний оюун санааны хөгжил өөр өөр байна. Бөө олноороо төрж байгааг нийгмийн давалгаа гэж ойлгож болно. Түүнээс   цаг хугацааны, жам ёсны зүйл болчихоод бөө ингэж олноор төрөөд байна гэдэгт би хувь хүнийхээ хувьд итгэдэггүй. Харин шашинд төрийн оролцоо, ямар нэгэн хяналт байдаггүйтэй холбож ойлгож болно. Өөрөөр хэлбэл хэн дуртай нь бөө болох боломж, хэн дуртай нь хэн нэгнийг бөө болгох боломж бүрдчихсэн нийгэм байна гэсэн үг л дээ. Хэт олон бөө байна гэдэг түрхэн зуурын асуудал. Цаг хугацаанаас шалтгаалаад аяндаа шалгарал явагдана гэж үздэг.

 

Та олон шавьтай юу? Ямар хүмүүс бөө болдог юм бэ?

Надад шавь бий. Миний амьдралд олон ч алдаа бий. Хүмүүсийг бөө болгож алдсан удаа байна. Гэхдээ миний алдаа ямар нэгэн хүний алдаанаас эхтэй. Өөрөөр хэлбэл надад алдаатай зүйлийг зааж сургасан учир би алдаа гаргасан гэсэн үг. Алдаа хийдэггүй хүн гэж байхгүй. Харин алдаагаа давтдаггүй, засч чаддаг байх ёстой. Миний шавь гэдэг хүрээлэлд олон хүн байхгүй. Хэлсэн зүйлийг минь дагаж багшаа гэж хүлээж авдаг хүмүүс байдаг. Би тэдэнд санаа бодлоо тулгадаггүй, хэлэх заах зүйлээ хэлдэг.

 

- Бөөгийн сахиус, онгодыг олон янзаар л бичиж, ярих юм. Таны бодлыг сонсъё.

Хүн бүрийн үзэл баримлал гэж байна л даа. Онгод тэнгэр газарт, тэнгэрт байдаг гэж үздэг хүмүүс байна. Харин би тэнгэрт ч биш, газарт ч биш хүн таны өөрийн лугших судас, цохилох зүрхэнд тань бий гэж боддог. Харин онгодоо хөглөх гэдэг нь хувь хүний чадварт бий.

 

- Таныг бөө байсан гэж сонссон. Гэхдээ нэвтрүүлгийн үеэр өмсгөл өмсөж бөөлж харагдаагүй.

Надад нэвтрүүлэгт оролцохдоо бөөгийн өмсгөл өмсч оролцох сонирхол байсан. Учир нь бөөгийн өмсгөл өмсөөд, онгод тэнгэртэй харилцан үнэн дүр төрхөө нуугаад явахад юуг ч ичихгүй хэлж, хийж чадна гэсэн бодол байсан юм. Гэвч би тэгэхийг хүсээгүй. Миний үр хүүхэд хойч үетэй минь холбоотой асуудал учраас би үнэнээр, зөв замаар явахыг хүсдэг.

 

- Тэгвэл та нэвтрүүлгийн хүнд сорилтуудыг чухам юуны тусламжтай тааж, мэдэж байсан юм бэ? Бөө нар бол онгод тэнгэрээ дууддаг.  Харин та?

Би бөөгийн амьдралаар амьдарч ирсэн хүн. Харин одоо зөн билэгтэн гэсэн шинэ шатлалруу хувирч байгаа гэж ойлгож болно. Бөө байх зөн билэгтэн байх хоёр өөр хүсэл зорилго, ажил мэргэжил юм. Зөн билэг гэдэг бол оюун санаагаа бясалгалын түвшинд мэдэрч, бусад хий бодлуудаас зөнгөө ялгаж чадах чадварыг хэлнэ. Харин бөө гэдэг өөр ойлголт. Онгод, далд ертөнц, тэнгэрийн хаан, гал, ус, газрын хаан, лус савдаг, ертөнцийг бүтээсэн эзэн болгонтой харьцахыг хэлнэ гэж ойлгодог.

 

- Зөн билгийн тулаан нэвтрүүлгийг хүмүүс итгэх, үл итгэх байдлаар хүлээж авдаг. Нэвтрүүлгийн сорилтууд шударга явагддаг уу?

Дэлхийн зөн билэгчдийг шалгаруулдаг шалгуур, сорилт гэж байна. Өөрөөр хэлбэл зөн билэгтэн хүн ийм ийм зүйлийг мэдэж байх ёстой гэсэн сорилтууд байдаг. Үүнийг Дэлхийн зөн билгийн академиас гаргадаг. Үүний дагуу явна л даа. Дэлхийн 18 улсад зөн билгийн академи албан ёсны үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс идэвхитэй, сайн үйл ажиллагаа явуулдаг нь Монголын зөн билгийн академи. Нэвтрүүлгийн сорилтуудыг оролцогчид урьдчилж мэдэх боломжгүй. Цэвэр өрсөлдөөн явагддаг.

 

Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.