ХААИС-ийн экс захирлын хэргийг дахин шүүнэ
2015/01/17
Хөдөө аж ахуйн их сургууль /ХААИС/-ийн захирлаар ажиллаж байсан Б.Бямбаа болон Д.Янжмаа, Б.Болдбаатар, Ц.Амарсайхан нарын хэргийг ирэх мягмар гариг /01.20/-т дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны II шүүхэд хянан хэлэлцэнэ.
Б.Бямбаа нарыг албан тушаалаа урвуулан ашиглаж, хуурамч бичиг баримт үйлдэн, сургуулийн хөрөнгөнөөс их хэмжээний мөнгө шамшигдуулсан байж болзошгүй гэж сэжиглэж байгаа юм.
Энэ хэргийг шүүх хурал өнгөрсөн 2014 оны зургаадугаар сард тус шүүхэд болж, Б.Бямбаа нарыг гэм буруугүй гэж үзэн, цагаатгах шийдвэр гаргасан ч шийдвэрийг дүүргийн II прокурорын газраас хүлээн зөвшөөрөлгүй, шүүхэд эсэргүүцэл бичсэнээр хэргийг дахин шүүхээр болж байгаа юм.
Авлигатай тэмцэх газраас явуулсан мөрдөн байцаалтаар Б.Бямбааг Хөдөө аж ахуйн их сургуулийн захирлаар ажиллаж байхдаа тус сургуульд 800 орчим сая төгрөгийн хохирол учруулсан. Ингэхдээ тус сургуулийн дэд захирал Ц.Амарсайханаар хуурамч тушаал гаргуулж, гэрээ материал бүрдүүлэн, ерөнхий санхүүч Д.Янжмаагаар хууль бус гүйлгээ хийлгэсэн гэж үзэн, хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлж байсан юм.