Залуус цагийн ажил хийчихээд буцаж явахдаа үүрэглэж, осолджээ
2015/01/21
Франц улсад энэ сарын 13-нд буюу өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригт автомашины ноцтой осол гарч, дөрвөн монгол залуу харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Тус улсад ажиллаж, амьдарч байсан 27 настай С, 32 настай Н, 40 настай О, 42 настай Ц нарСАЕN хотоос70 гаруй километрийн цаана явж байгаад осолдсон байна.
Талийгаач нарын ар гэрийнхэн эхнээсээ Франц улсыг зорьсон гэнэ. Гадаад харилцааны яамнаас талийгаачдын ар гэрийнхэнд бичиг баримт бүрдүүлэх, виз гаргуулах зэргээр туслалцаа дэмжлэг, үзүүлж байгаа гэнэ.
ДӨРӨВ ХОНОГ АЖИЛЛАСАН ЗАЛУУС ГЭР РҮҮГЭЭ ЯАРЧ ГАРСАН ГЭНЭ
Ослын талаар Францын хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарчээ. Тэд цагийн ажил хийчихээд гэр рүүгээ буцаж явахдаа орон нутгийн замд осолдсон байна. Тус улсын цагдаа нар талийгаачдын ар гэрийнхэнд ослын талаархшинжилгээний дүгнэлтийгтанилцуулжээ. Ослын талаарх дүгнэлтээр "Мерседес бенз" маркийн авто машины жолооч урсгал сөрж, эсрэг урсгалаар явж байсан хүнд даацын ачааны машиныг мөргөсөн байна. Талийгаач нарын цуснаас авсан шинжилгээгээр ямар нэгэн согтууруулах ундааны зүйлс хэрэглээгүй болох нь тогтоогдсон" гэжээ. Франц улсын САЕN хотод 200 гаруй монгол хүн амьдардаг гэнэ. Харамсалтайгаар амиа алдсан залуусөөр хотод очиж дөрөв хоног паркийн ажил хийсэн байна. Ажлаа дуусгаад ажлынхаа хөлсийг авчихаад гэр рүүгээ буцаж явахдаа харамсалтайгаар амиа алджээ. Шөнө хөдөлсөн тэд 06:00 цагийн орчимд урсгал сөрж хүн даацын автомашиныг мөргөж осолдсон байна.
Тэдний хоёр нь тус улсад цагаачлах эрхтэйгээр ажиллаж, амьдарч байсан гэнэ. Харин хоёр нь хараар амьдардаг байжээ.Тэд Францад очоод1-6 жил болсон гэнэ. Талийгаачдынхоёр нь ар гэрийнхэнтэйгээ амьдардаг байжээ. Талийгаач нарын нэг нь эхнэр хүүхэдтэйгээ өнгөрсөн оны есдүгээр сард Францад ирсэн байна. Гэр бүлээрээ цагийн ажил хийж амьдардаг байж. Бүр хүүхдээ амьдарч байсан хотынхоо сургуульд оруулсан байна. Тэд өдрийн 40-50 еврогийн хөлстэй цагийн ажил хийдэг байжээ.Талийгаачид гэрийнхэндээ "Паркийн ажил олдлоо. Дөрөв хоног ажиллах юм байна. 200 евро өгөх гэнэ. Дээр нь илүү цагийн мөнгө өгнө гэсэн. Дөрөв хоног ажил хийгээд мөнгөтэй болоод ирнэ" гэх хэлээд гэрээсээ гарсан байна. Дөрөв хоног тасралтгүй ажилласан байна. Даалгасан ажлыг нь шөнөөр дуусгаж хөлсөө авчихаад гэртээ харьж амрахаар шууд явцгаасан гэнэ. Дөрөв хоног ажиллаж ядарсан жолооч залуу үүрэглэж, явахдаа урсгал сөрж машинтай мөргөлдсөн бололтой.
"НАЙЗ МИНЬ ЭХНЭРТЭЭ ДӨРӨВ ХОНООД ИРНЭ ГЭЖ ХЭЛЭЭД ГАРСАН БАЙНА ЛЭЭ"
Өглөө ажилдаа гарахдаа эхнэр хүүхдээ үнсээд гарсан, ах, эгчтэйгээ нийлж амьдралаа босгох гэж алс оронд ирсэн, амьдрал зохиож эхнэр, хүүхэдтэй болж амжаагүй хоёр залуу харамсалтайгаар нартаас буцжээ. Дөрвөн өдөр нойр, хоолгүй шахам ажилласан тэд гэртээ харих гэж яваад үүрээр осолдож амиа алдсан. Франц улсад сурч, ажиллаж байгаа монголчууд талийгаачдын буяны ажилд зориулан хандив цуглуулж байгаа гэнэ. Мөн ар гэрийнхэнд нь туслах ажлын хэсэг байгуулагджээ. Энэ талаар Франц улсын САЕN хотод амьдарч байгаа Ч.Батсүхтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.
-Осол хурдны зам дээр болсон юм уу?
-Үгүй ээ. Орон нутгийн жижиг зам дээр гарсан. Дөрвүүлээ явж байгаад осолдсон. Гурван залуу нь газар дээр амиа алдсан байсан. Харин нэг нь эмнэлэгт очсон боловч тархиндаа хүнд гэмтэл авсны улмаас амиа алдсан.Уг нь хоёр хоноод тархиндаа мэс засал хийлгэсэн юм. Үнэхээр харамсалтай зүйл болоод байна. Бид хамтарч цагийн ажил хийж мөнгө олдог байсан юм.
-Талийгаач нарын ар гэрийнхэн очиж байгаа гэсэн үү?
-Тиймээ. Эхнээсээ ирсэн байгаа. Бид газарчилж, осол болсон газар дээр буяны ажил хийсэн. Монгол ёс заншлаар осол болсон газрыг аргадаж, сүү цагаан идээ цацсан.Ар гэрийнхэн эх нутаг руу нь авч явахаар ярилцаж байна. Бид 06:20 цагийн орчимд осол гарсан гэдгийг мэдсэн. Ослын газарт очиход хүн харахын аргагүй болсон байна лээ. Ачааны машины өөдөөс халз мөргөсөн учраас унаж явсанмашин нь авах юмгүй болчихсон байсан. Бид осол болсон даруйд ар гэрийнхэнтэй нь холбоо барих гэсэн боловч чадахгүй байсаар 21:00 цагт Монгол руу утасдаж хэл дуулгасан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр согтуу байсангэх мэт худал мэдээлэл гаргаад байна. Тэд архи, дарс огт уугаагүй, эрүүл явсан байна лээ. Харин тэндээ амраад ирэлгүй шөнө гарч давхиж яваад л ийм харамсалтай зүйл болчих шиг боллоо. Франц улсад ажиллаж амьдарч байгаа монголчууд дөрвөн залуугийн буяны ажилд зориулж хандив цуглуулж байна. Хэдийгээр хүний нутагт байгаа ч гэсэн осол болж дөрвөн залуу амиа алдсан мэдээг сонссон даруйдаа л монгол хүн бүр цуглараад бидний амьдарч байсан хотод ирсэн.
-Тэд ажилдаа сайн болохоор энд тэндээс ажил хийлгэх захиалга олон ирдэг байсан гэсэн?
-Тийм ээ. Үнэхээр ажил сайн хийдэг байсан юм. Энд тэндээс захиалга сайн ирдэг болохоор Францын хотуудыг тойроод л ажил хийдэг байлаа. Талийгаач нараас гэр бүлээрээ ирсэн залуутай их дотно байсан. Найз минь эхнэр, хүүхдэдээ "Өдрийн 50 еврогийн ажил хийхээр явлаа. Дөрөв хоноод л ирнэ. Мөнгөтэй болоод ирэхээрээ Монгол руу мөнгө явуулна. Хүүгээ сайн харж байгаарай" гэж утсаар яриад гэрээрээ оролгүй шууд явсан гэсэн.Талийгаач нарын ар гэрийнхэн маш хүнд байдалтай байна гэв.
Э.БААТАР
Зочин · 2015/01/22
төр засаг нь олигтойхон байсан бол юу гэж ингэж харь нутагт мөнгөний төлөө явж байхав дээ гэр бүлийнхэнд нь гүн эмгэнэл илэрхийлье
Зочин · 2015/01/22
manihgui cn mongol hun gej bodood opobdood baina.Ene zurgiig dahij bitgii tab.