С.Шаарийбуу: Хэрэгтнийг цаазаар авахад намайг гар бие оролц гэвэл оролцоно
2015/01/21
Манай улсын иргэн Ш.Алтантуяаг хөнөөсөн этгээд 9 жилийн дараа ял авлаа. Олон ч жил сунжирч, хүмүүсийн анхаарлын төвд байсаар ирсэн уг хэрэг одоо л шийдэгдэх гэж байх шиг байна.
Тодруулбал, Малайзын дээд шүүхээс хэрэгтэнд ялын дээд хэмжээ болох цаазаар авах ял оноосон талаар албан ёсны мэдээлэл ирсэнийг Гадаад харилцааны яамны эх сурвалж онцоллоо. Өөрөөр хэлбэл, түүнийг хөнөөсөн хоёр этгээдийн нэг нь цаазын ял сонссон нь энэ.
Харин нөгөө нь оргож алга болсон бөгөөд Австралид хууль бусаар оршин сууж байгаа гэх мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацаад байгаа. Ийм л мэдээллүүдээр дуулиант хэрэг дахин сөхөгдөж эхэллээ.
Юутай ч хэргийн талаар, олон нийтийн дунд тарж байгаа мэдээллүүдийн талаар талийгаачийн аав С.Шаарийбуугаас тодрууллаа.
-Талийгаачийн аминд хүрсэн этгээдэд цаазын ял оноосон талаар таньд Гадаад харилцааны яамнаас албан ёсоор мэдэгдсэн үү?
-Шүүхээс түүнд ял оноосон гэдэг нь үнэн гэсэн. Манайхаар бол Засгийн газрын мэдээлэл эсвэл эмхэтгэл ч юм уу сар бүр гардаг тийм зүйл Малайзад бас байдаг юм байна. Гагцхүү Малайзын тэр эмхэтгэл дээр 14 хоногийн дараа хэрэгтэнд ял оноосон тухай гарна гэж Гадаад харилцааны яамнаас надад хэлсэн. Тэр үед буюу уг мэдээлэл албан ёсоор Малайзын эмхэтгэл дээр гарч олон түмэнд мэдээлэгдсэний дараа хэрэгтнийг яллаж, шийтгэлийг нь оноох юм гэсэн. Өөрөөр хэлбэл, хурлын шийдвэрийг албан ёсоор мэдээлсэний дараа шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болж байгаа гэсэн үг.
-Зарим хэвлэл мэдээллээр нэг хэрэгтнийг нь Австрали руу оргоод явсан гэх юм. Энэ талаар таньд мэдээлэл байна уу?
-Австралидаа л байгаа гэсэн. Эрэн сурвалжилж хайж байгаа байх. Олсон талаар би албан ёсоор сонсоогүй.
-14 хоногийн дараа шүүхийн хурлын мэдээлэл албан ёсжих үед та очих уу?
-Намайг авч явна гэвэл би очно. Надаар цаазлуулдаг бол цаазлана. Яадаг юм бол мэдэхгүй байна.
Ямар ч байсан Хууль зүйн яам Малайзын хооронд эрх зүйн гэрээ байгуулах гэж байгаа юм. Бодвол эрхзүйн гэрээгээ байгуулах гэж манайхаас хүмүүс явах байх. Тэр үед хамтраад л явна гэж бодож байна.
Намайг харуулж байгаад дүүжилдэг бол харна. Дүүжлүүрнийх нь олсыг тасал гэвэл тасалж, хөл доорх зүйлийг нь ав гэвэл авч л орхино. Эрх биш түүнийг манай улсаас хүн байлгаж цаазлах байлгүй дээ.
Манай улсаас хүн байхгүй бол тэр хүнийг үнэхээр цаазаар авахуулж байна уу, зохиомол уу гэдгийг мэдэхгүй шүү дээ.
-Ер нь одоо цаазаар аваад дуусдаг юм байна. Эцэст нь нөхөн төлбөрийн асуудал гэж ер нь байна уу?
-НҮБ-аас эхлээд олон газар хандсан.Тэд энэ хэрэгт үйл ажиллагаа явуулж байдаг байлгүй дээ. Нөхөн төлбөрийн ямар ч асуудал яригдахгүй л байна. Тэртээ тэргүй сонсогдох байлгүй.
-Талийгаачийн хүүхдүүд сайн уу?
-Дажгүй байгаа. Гадаад харилцааны яамнаас бол яг л чиний мэдэж байгаа бүхнийг надад хэлсэн.
-Манай улсаас шүүх хуралд нь суусан хүн бий юу?
-Манай улсаас шүүх хуралд нь Тайландад суугаа өргөмжит консул суухаар явсан. Гэвч онгоц нь цагаасаа хоцроод хуралд сууж чадаагүй гэсэн. Хурал 30 минут үргэлжилсэн гэсэн. Өргөмжит консулын хувьд шүүх хурлын мэдээллийг үнэн л гэж байна лээ.
Юутай ч олон жил шийдэгдэж чадахгүй байсан уг хэрэг ийн эцэслэгдэх бололтой. Хамгийн харамсалтайгаар үлдсэн ар гэрийнхнийх нь хувьд хэрэгтнийг өөрсдийн гараад дүүжилэхэд ч татгалзаж чадахгүй гэдгээ хэллээ.
Олныг цочирдуулсан уг хэрэгт тухайн үед Малайзын улс төрийн дээд тушаалтнууд холбогдож нэлээд шуугиан дэгдээж байсан. Түүнчлэн 2002 онд Францаас “Scorpene” шумбагч онгоц худалдан авсан 1.1 тэрбум ам.долларын гэрээтэй холбоотой асар том авлигын хэргийн сэжүүр ч гарч ирж байсныг та бүхэн санаж байгаа биз ээ. Шумбагч онгоц худалдан авах гэрээнд оролцсон Ш.Алтантуяагийн цогцос Куала Лампур хотын ойролцоох ойгоос олдсон билээ. Гэмт этгээдүүд түүнийг буудаж амь насыг нь хөнөөгөөд биед нь тэсрэх бөмбөг уяж дэлбэлсэн байв. Малайзын улстөрч А.Р.Багинда Ш.Алтантуяаг хөнөөсөн хэрэгт холбогдож ял сонссон ч 2008 онд цагаатгагдсан юм. Харин Азилах Хадри болон Сирул Азхар Умар нарт 2009 онд анхан шатны шүүхээс цаазаар авах ял оноосон боловч 2013 онд давж заалдах шатны шүүх ялын тогтоолыг хүчингүй болгож байв. Ийнхүү өнөөдөр эдгээр залуус гэмт хэрэгт буруутай нь тогтоогдож цаазаар авах ял сонслоо.
Зочин · 2015/01/23
Я Н Х А Н ны тоо цөөрөө л биз
Зочин · 2015/01/22
ter baganda gedeg baliar aluurcnind yagaad zugeer uldeeb.
өндөр болгох ну · 2015/01/22
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. ҮНэ: 22 000₮