Мөнхийн залуу Одгэрэл... Дөчин насны босго хэдийнээ давсан ч гэсэн загварын тайзан дээр  арван хэдтэй жаахан охидтой мөр зэрэгцэж, тэднээс илүү цоглог, өнгөлөг харагдах энэ бүсгүй хувийн амьдралаа нууцалж, олны нүдэн дээр тэр бүр гардаггүй. Энэ удаа  Топ модель Б.Одгэрэлийн дэлгэрэнгүй ярилцлагыг хүргэж байна. 

-Загварын тайзнаас буух тухай ярихад дэндүү эрт байна. Гэхдээ тайзнаас  буугаад чухам юу хийгээр төлөвлөж байгааг чинь сонирхож болох уу юу?
-Төлөвлөж бодож байгаа юм мэдээж байна л даа. Цаашид хийх ажил маань урлаг, загвар хоёртой тодорхой хэмжээгээр холбоотой л байна гэж төлөвлөж бодож байгаа юм бий л дээ. Яг одоогоор ийм юм хийнэ тэгнэ гэх нь арай эрт байна. 
-Би баян болонгуутаа хөгшчүүлийн асрамжийн газар байгуулж ажиллах талаар боддог. Таны хувьд хүмүүнлэгийн чиглэлээр ажиллах сонирхол мэдээж байгаа байх?
-Асрамжийн газар байгуулах гэдэг миний ч мөрөөдөл. Би японд ажлаар явж байгаад ахмадуудын асрамжийн газарт очсон. Давхар болгон өөр өнгөтэй. Хэвтрийн асруулагч бүрт тус тусад нь сувилагч үйлчилдэг. Усанд оруулдаг өрөө нь бүрэн тоноглогдсон нь хөл муутай, хэвтрийн хүмүүсийг усанд оруулаад ваннаас нь өргөөд гаргадаг өргүүртэй байх жишээтэй. Тэр асрамжийн газарт ороод гарахад монголдоо ийм жишиг асрамжийн газар барих юмсан гэсэн хүсэл төрж байсан. Магадгүй миний ирээдүйн төлөвлөгөөнд энэ санаа байгаа. 
-Охин чинь нэлээд том болчихлоо. Ганцаараа өсч байна. Дүүтэй болгох бодол таньд бий юу?
-Энэ талаар одоохондоо бодоогүй л байна. 
-Мэдээж та ганц охиныхоо ирээдүйн боловсролд ихээхэн анхаардаг нь тодорхой. Охиноо хаана сургаж байгаа вэ?
-Орост сурч байгаа.
-Нэлээд хэдэн жилийн өмнө би нэг сэтгүүлээс Одгэрэлийн нэг өдөр өглөө финессээр эхэлж, өдөр ресторанд түүхий загас зооглож, тамирын дасгал, гоо сайхнаар дуусдаг тухай уншиж байсан юм. Энэ таны нэг өдрийн дэглэм мөн үү?
- Долоо найман жилийн өмнө би нэг сонинд ярилцлага өгсөн байна лээ. Заримдаа огт хариулаагүй үгийг минь хариулт болгож бичээд нөгөөхөө асуугаад инээв гээд биччихсэн байдаг юм. Тэдний нэг л байна л даа. Түүнээс биш миний амьдрал бусдын л адил. Жишээлбэл кино зураг авалтын үеэр надад жаахан цаг байвал сайхан амрахыг бодож байна. Үгүй бол гялс бассейнд сэлээд сэргээд гараад ирэхийг бодох жишээтэй. 
-Загварын тайз хатуу. Гоо үзэсгэлэнгээ хадгалахын тулд мэдээж тодорхой дэг барих, түүнээс хатуу дэглэм барихыг шаарддаг байх. Таны нэг өдөр яаж өнгөрдөг вэ. Мөнхийн залуу байх увидас?
-Миний амьдрал төлөвлөгөөний дагуу өрнөдөг үү гэвэл тийм биш. Би өдрийнхөө ажлыг огт төлөвлөдөггүй. Гэхээ төлбөр төлөөд цаг авсан багш дээрээ хожимдолгүй очихын тулд төлөвлөгөөнд оролцоно л доо. Хүний л амьдрал болохоор аз жаргалтай өдөр байхад уйтгар гунигтай өдөр байна. Санаандгүй учрал, гэнэтийн явдал тохиолдоно. Ер нь эрэгтэ,й эмэгтэй хэн ч бай амьдралд хайртай байхад бүх юм болно гэж боддог юм. Жижигхэн гэлтгүй өөрт тохиолдсон сайхан зүйлсийг сайхан гэж хүлээж авч чаддаг байх хамгаас чухал. Аливаад учир холбогдол өгч учиртай юм, энэ бол учрал тохиол гэж хандах нь чухал гэж би хувьдаа боддог. Байгаа юмаасаа жижиг гэлтгүй кайф авдаг
-Та өөрийнхөө амьдралдаа хайртай юу?
-Хайртай байлгүй яахав. Олон хүнд байдаг юм заримдаа надад байдаггүй  л дээ. Гэхдээ би байгаадаа сэтгэл ханамжтай  байдаг.  Би амьдралд огт гомдоллодоггүй. Хэрэв би хүссэн бол жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч, хүүдүүдээ халамжилж, нөхрөө хайрлаад амьдарч болох байсан. Сонголтоо өөрийнхөөрөө хийсэн.
-Нэг үеийг бодоход Монголчуудын амьдрал их өөрчлөгдсөн. 20 жилийн өмнөхтэй харьцуулахад мөнгөтэй, хөрөнгөтэй болсон байна. Энэ өөрчлөлтийг дагаад үе дамжсан баячууд, өв залгамжлагчид төрөн гарч байна. Топ модель Одгэрэлийн охиндоо өвлүүлэх өв гээд сонирхвол юу байх бол?
-Охин минь бага байхын л миний ээж хамгаас хөөрхөн гэдэг байсан. Энэ нь надад хэмжээлшгүй аз жаргалыг бэлэглэдэг. Санаж сарвайх ганц үр минь шүү гэж бодохоор сэтгэл өмрөөд л явчихдаг юм. Ямар ч үед сэтгэл нь урваж хувирахгүй ганц охиндоо үргэлж сайн ээж байх хүсэл, ээж минь миний төлөө бүхнээ зориулсан шүү гэх  үл балрах  дурсамжаа үлдээх нь миний охиндоо үлдээж байгаа өв юм даа. Өв хөрөнгө гэдэг харьцангуй ойлголт л доо. Чи яг ямар өв хөрөнгийн тухай асууж байна?
-Би материаллаг өв хөрөнгийн тухай яриад байна л даа?
- Чадах хэмжээндээ л хийнэ шдээ. Гэхдээ өнөөдөр миний чадаж байгаа зүйл гэвэл охиныхоо боловсролд л анхаарч байна. Бусад хүмүүсийг бодоход би тийм ч их олон юм үлдээж чадах болов уу үгүй болов уу мэдэхгүй байна. Өнөөдрийн миний охиндоо өвлүүлж байгаа өв гэх зүйл хожим хойно охин маань нас биед хүрч, нийгмийн харилцаанд оролцох тэр үед ямар ч үнэ цэнэгүй зүйл болон хувирах ч юм бил үү.  
-Охин чинь таныг огт дуурайгаагүй аавтайгаа илүү адилхан төрхтэй?
-Тийм шүү. Чи охины минь аавыг таньдаг юм уу?
-Их дээхнээс таньдаг байсан. Харамсалтай нь саяхан талийгаач болсон талаар таагүй мэдээ сонссон. Та мэдээж энэ мэдээг сонссон байх л даа?
Тийм ээ. Сонссон.
-Бурхан танд гоо үзэсгэлэн, өөгүй бие цогцос, алдар, амжилт бүгдийг өгсөн. Хүний хувь заяа тэгш байдаггүй болохоор хувийн амьдралд тань өгөөмөр ханддаггүй юм шиг санагддаг. Танд “тийм ээ энэ шударга биш байна” гэж харамсах үе тохиолддог л байх? Хүнд байдаг олон юм танд байдаггүйтэй адил танд байдаг олон юм бусдад байдаггүй. 
-Үгүй ээ. Огт харамсаж, гомдоллох сэтгэл төрдөггүй. Энэ чинь миний сонголт. Би хүсээд надаас амьдрал шаардаад би жирийн эзэгтэйн амьдралаар амьдарч хүүдүүдээ халамжилж, нөхрөө хайрлаад амьдарч болох байсан уу гэвэл тийм. Гэхдээ би үүнийг хүсээгүй. Би өөрийн бий болгосон зөв гэж бодсон ертөнцдөө амьдарч байгаа нь хэн нэгний биш зөвхөн миний л сонголт. Мэдээж хүнд амьдрал олон боломжийг өгдөг. Надад ч өгсөн. Санаснаас их ч байж магадгүй. Маш олныг өгсөн шүү. Би өөрийнхөө сонголтыг хийж өөрийн зөв гэж сонгосон замаараа л амьдарч яваа. 
-Зураг төөрөг байдаг гэдэгт та итгэдэг үү?
-Мэдээж хэрэг зурсан зураг төөрөг гээд бодох юм бол их олон юм бодох байх л даа. Одоо тэгээд ч бидний нас хэн юу хийж байна, яаж байна, хэн намайг юу гэж хэлж байна гэдгийг сонирхохоос илүү би юу бодож байна. Юу сонирхож байна. Надад юу чухал байна. Би ер нь яах гэж энэ ертөнцөд төрсөн юм бэ гэдгийг л сонирхдог үе. Тэгээд ч би охинтой. Бас нэг муур бий. Цор ганцаараа биш. 

-40 насанд амьдрал эхэлдэг гэдэг. Таныг олны танил нэг эрхэмтэй хамт амьдарч байгаа гэж сонссон?
-Намайг олон хүнтэй суулгана салгана. Ээлжит сенсааци л байх
-Таныг шүтдэг хайрладаг тэр нь он жил, амьдралын шүүлтүүрээр шалгарч, ялгарч үлдсэн хүн байдаг уу?
-Би эцэг эхээс зургуулаа. Би айлын хамгийн бага нь. Аав маань намайг 2 настай байхад бурхан болсон. Ээж минь ч гэсэн миний дэргэд алга байна. Үлдсэн бид хэд бүгд л амьд сэрүүн, сайн сайхан амьдарцгааж байна. Нэг үе амьдралын төлөө чичрээд тэмцэж байсан тэр үеийг бодоход бид өнөөдөр харьцангуй төлөвшиж өөрийн гэсэн орон гэрээ босгож үр хүүхдээ өсгөж, ажил төрөлдөө ч өөрийн гэсэн байр суурийг эзэлцгээсэн. Хүүхдүүд томорч, ахуй амьдралын наад захын проблемоос салсан тэр үед ах дүү найз нөхөд элгэн саднаа гэсэн сэтгэл нь дахин сэргэдэг юм байна. Ийм учраас би хэзээ ч ганцаардлыг мэдэрч байгаагүй. 
-Үгүй ээ би хайр сэтгэлийн холбоотой хүний тань тухай асуугаад байна л даа?
-Эрэгтэй хүний хувьд намайг хайрладаг хүн байхад л энэ хангалттай.