Хэд хоногийн өмнөөс авто засварын вьетнам ажилчид монгол охидтой зугаацаж буй бичлэг, фото зураг, фэйсбүүк болон твиттер хуудаст дэлгэсэн нь монголчуудын дургүйцэл, бухимдлыг төрүүлээд байгаа. Мөн авто засварын газартаа морь оруулан нядалж, хоол хүнсээ бэлтгэж байгаа зураг цахим сайтаар гарах болсон.

Эл байдлыг эсэргүүцсэн монголчууд фэйсбүүк хуудаст “Вьетнамчуудын эсрэг тэмцье” гэх групл байгуулжээ.

Тус группт элссэн гишүүд “Вьетнамчууд хэний нутагт ирж, хэн болчихоод монголчуудын шүтээн болсон, төрийн сүлдэнд мөнхөрсөн морийг хотын төвд нядлах эрхтэй юм. Идэх махаа худалдаад авч чадахгүй юм бол тэднийг эх орондоо байлгах хэрэг байна уу. Охидыг садар самуунд уруу татаж, биеийг нь үнэлүүлж байна. Цагдаагийн    байгууллага яаралтай шалгалт хийх хэрэгтэй” гэсэн утгатай олон сэтгэгдэл бичсэн байна лээ. Зарим нь вьетнамчуудтай зугаацаж, согтууруулах ундаа    хэрэглэж байгаа охидыг шүүмжилж байгаа юм.

Энэ талаар болон Монгол Улсад ажиллаж, амьдарч буй вьетнамчууд гэмт хэрэгт холбогдсон эсэхийг Улаанбаатар хотын цагдаагийн газрын урьдчилан сэргийлэх    хэлтсийн Хэвлэл, мэдээллийн хэлтсийн мэргэжилтэн цагдаагийн ахлах дэслэгч Б.Саруултуяагаас тодрууллаа.

Тэрбээр “Вьетнам засварын газар машинаа засуулсан чинь дутуу засч, залилаа гэх гомдол иргэдээс цагдаагийн байгууллагад ирдэг. Цагдаагийн байгууллага хуулийнхаа хүрээнд шалгана. Иргэд вьетнамчуудын талаарх зураг, видеог фэйсбүүк, твиттер хуудаст тавьж байна. Мэдээллийг цахим ертөнцөд тавьсан тохиолдолд бид шалгалт хийдэг. Энэ онд вьетнам иргэдтэй холбоотой гэмт хэргийн мэдээлэл манайд бүртгэгдээгүй. Харин өнгөрсөн    онд Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт тагтаа, цацагт хяруул, нохойг гэр хорооллын айлуудаас хулгайлж “Нарантуул" зах дээр худалдаалдаг. Худалдаж авсан хүн нь вьетнамчуудад зардаг гэсэн мэдээллийн дагуу хэргийг    шалгаж байна” гэв.

Вьетнам иргэдийн хамт авахуулсан зураг нь цахим сүлжээгээр олон нийтэд тарснаас охидын нэг нь амиа хорлох гэж оролдсоноор эмнэлэгт хүргэгджээ. Эмнэлгийнхэн тусламжийг яаралтай үзүүлсэн учир охины биеийн байдал дээрдсэнийг эх сурвалж хэлж байна. Түүнчлэн цагдаагийн байгууллагаас дээрх хэрэгтэй холбоотой баримтыг цуглуулж, шалгалтыг эхлүүлснийг ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэн хэлсэн юм.

Дээрх хэрэггэй холбогдуулан БНСВУ-ын Элчин сайдын яамны гуравдугаар нарийн бичгийн дарга До Динь Дыгээс цөөн асуултад хариулт авлаа.

-Монгол Улсад вьетнам хэчнээн иргэн амьдарч байна вэ?

-Юуны өмнө Монголын ард түмэнд энэ өдрийн мэндийг хүргэе.Аз жаргал сайн сайхныг хүсэн ерөөе. Монгол, Вьетнам улс олон жилийн найрсаг харилцаатай явж ирсэн. Монгол Улсад ажиллаж, амьдарч, суралцдаг 700 вьетнам иргэн бий. Эдгээрийн ихэнх нь ажил хийдэг.

-Бүгд Монгол Улсад амьдрах эрхтэй хүмүүс үү. Ямар төрлийн ажлыг голчлон хийж байна вэ?

-Энд байгаа вьетнам иргэд бүгдээрээ визтэй. Монгол Улсад ажиллаж, амьдрах эртхэй хүмүүс. Монгол Улсын хууль дүрмийг дагаж амьдардаг. 600 орчим иргэн ажиллаж байна. Монголд байгаа вьетнамчуудын дийлэнх нь вьетнам засварын газар ажилладаг. Зарим нь бизнес хийдэг. Хүмүүнлэгийн ажил хийдэг хүмүүс ч бий.

-Вьетнамчууд Монголд автомашины засварын газар ажиллуулаад олон жил болж байгаа. Засварын газар ажиллуулах эрхтэй хэчнээн хүн байдаг бол?

-Монгол эзэнтэй автомашины засварын газарт л вьетнамчууд ажилладаг.

-Та вьетнам иргэдтэйгээ уулздаг уу. Гэмт хэрэг хийж, хууль хяналтын байгууллагаар шалгуулсан иргэн хэр олон байдаг вэ?

-Вьетнам иргэдтэйгээ гурван сард нэг удаа уулздаг. Монгол Улсын хуулийг чандлан сахиж ажиллаж, амьдраарай гэсэн зөвлөгөө өгч, санал бодлоо солилцдог. Визийн хугацаа дууссан, гэмт хэрэгт холбогдсон гэх албан мэдээлэл авч байлаа. Хууль зөрчих тохиолдол цөөнгүй гардаг. Архи ууж хүн зодсон хэрэг ч гарч байсан.

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр засварын газрын вьетнам иргэдтэй холбоотой мэдээлэл, зураг, видео бичлэг гарах болсон. Үүнд та ямар байр суурьтай байна?

-Би албан бус мэдээлэл сонссон. Албан бичиг хүлээн аваагүй. Гэхдээ зураг, бичлэгийн талаар сонслоо. Энд амьдарч байгаа иргэддээ Монгол Улсын хууль дүрмийг мөрдөж ажиллахыг захина.

-Засварынхаа газар насанд хүрээгүй охидыг садар самуунд уруу татдаг гэх эх сурвалжийн мэдээлэл байна. Элчин сайдын яамны зүгээс иргэдийнхээ ажиллаж байгаа ажлын байранд хяналт шалгалт хийдэг үү?

-Энэ хэргийг сайн шалгах болно гэдгийг хэлье. Үнэн бодит байдлыг тогтооно. Хэрвээ үнэн байвал манай яам маш хатуу арга хэмжээ авах буюу шууд нутаг буцаах хүсэлт гаргана.

-Монгол Улсын иргэнтэй гэрлэсэн хэчнээн вьетнам хүн байдаг вэ?

-Гэр бүл болсон хүмүүс байдаг. Тоог нь тодорхой хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан олон бий.

-Вьетнам засварчид тогтсон үнэ тарифгүй автомашин засдаг нь НМХГ-ын шалгалтаар баталсан. Мөн манай улсад татвар төлдөггүй. Үүнийг та юу гэж бодож байгаа бэ?

-Ийм мэдээлэл өмнө нь сонсч байсангүй. Таниас сая л сонслоо гэв.

Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 150 гаруй вьетнам засварын газар үйл ажиллагаа явуулдаг байна. Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард вьетнам засварын 55 газарт хяналт шалгалт хийсэн байдаг. Тэдгээр газрын дийлэнх нь хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангадаггүй, харьяа дүүргийнхээ үйлдвэр үйлчилгээний хэлтэстэй гэрээ хийдэггүй, тогтсон үнийн тарифгүй, үйлчилгээндээ баталгаа гаргаж өгдөггүй, ажлын байрны гадаад болон дотоод орчинг хамгаалж камержуулаагүй зөрчил илэрсэн.

Мөн үйлчилгээний үнэ төлбөр өндөр ч Монгол Улсад татвар төлдөггүйг нь тогтоосон гэдгийг НМХГ-ын улсын ахлах байцаагч Х.Саранцэцэг хэлсэн юм. Албан ёсны судалгаанаас үзэхэд Монголын гурван иргэний нэг нь машинтай. Замын хөдөлгөөний дүрмийг чандлан мөрддөггүйгээс зам, тээврийн осол сүүлийн жилүүдэд ихэссэн. Үүнтэй холбоотойгоор автомашинаа засуулах иргэд вьетнам засварын газрыг зорьдог болоод нэлээд хэдэн жилийн нүүрийг үзэж буй.

Бодит байдал дээр арван алхын цаадах монгол, вьеьтнам авто засварын үнэ тэнгэр, газар шиг ялгаатай. Монгол нь гуперийн засварыг 200 мянгаар засдаг бол вьетнамчууд 400 мянгаар засвар үйлчилгээ хийнэ гэнэ. Гэвч манай жолооч нар монголчуудаараа үйлчлүүлэхээс илүү үнэтэй ч байсан вьетнамчуудаар үйлчлүүлсээр ирсэн.

Тэд үнэтэй үйлчилгээ үзүүлдэг ч, үйлчилгээндээ ямар ч баталгаа өгдөггүй. Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлчилгээ явуулж буй байгууллага орлогынхоо тодорхой хувийг Татварын ерөнхий газарт тушаах ёстой. Гэтэл вьетнам засварын газар ажиллуулж буй хүмүүс ямар ч татвар төлдөгтүй байна. Үүнд холбогдох байгууллагууд хяналт тавьж, анхаарал хандуулж ажиллах шаардлагатай. Мөн ШӨХТГ үнэ тарифыг нь албан ёсоор тогтоож өгөх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

 

 

 

 

 



С.Ичинхорлоо