Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчилсөн нь хууль зөрчсөн гэж үзлээ
2015/01/29
НИТХ-ын Монгол Ардын намын бүлэг “Талбайн нэр өөрчлөн нэрлэх тухай” Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2013 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 79 дүгээр тогтоолыг хүчингүйд тооцуулахаар Захиргааны хэргийн анхан шатны 20-р шүүхэд нэхэмжлэл гаргалаа.
Тэргүүлэгчдийн хурлаас батласан уг тогтоол Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг ноцтой зөрчсөн бөгөөд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.12-д“ гудамж талбайд нэр өгөх, нэрэмжит болгох...” эрхийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн бүрэн эрхэд хамааруулж хуульчилсан байдаг хэдий ч Монгол Улсын Жагсаал, цуглаан хийх журмын тухай хууль, Засгийн газрын шийдвэрээр хуульчлагдан нэрлэгдсэн нэрийг өөрчлөх эрхийг олгоогүй гэж НИТХ-ын МАН-ын бүлэг үзэж байгаа аж.
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид 1946 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Сайд нарын зөвлөлийн тогтоолоор Д.Сүхбаатарын хөшөөг байгуулж байршуулснаас хойш нэршсэн, Монгол Улсын хууль, Засгийн Газрын тогтоолоор давхар хуульчлагдан баталгаажсан Д.Сүхбаатарын талбайн нэрийг өөрчлөх талаар хуулиар олгогдоогүй эрхийг эдэлж. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-д заасан хуралдаанд асуудал оруулах тухай журмыг зөрчин уг асуудлыг хэлэлцэж хууль бусаар шийдвэр гаргасан нь иргэдийн төлөөлөл болсон бидний хийгээд төлөөллийн эрх олгосон олон нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн үйлдэл болсон гэж тэд нэхэмжлэлийн шаардлагадаа дурьджээ.
Хоёр он дамнан иргэд, хотын удирдлагуудын дунд маргаан үүсгэж байгаа энэ шийдвэрийг МАН эсэргүүцэж 2013 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 05/50 дугаар албан шаардлагыг Хурлын дарга Д.Баттулгад хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл асуудал хуулийн дагуу шийдэгдээгүй бөгөөд иргэд, олон нийт ч АН-аас гаргасан энэ шийдвэр ардын хувьсгалыг үгүйсгээд зогсохгүй бодит түүхийг баллуурдах гэсэн явуургүй арга гэсэн байр суурийг олон нийтийн мэдээллийн сүлжээгээр илэрхийлсээр байгаа билээ.
Монголын төр, цэргийн нэрт зүтгэлтэн, ардчилал шинэчлэлийг тууштай баримтлагч нэрээр түүхэнд мөнхөрсөн Д.Сүхбаатарын ач, гуч өвөг эцгийнхээ нэр хүндийг сэргээж, төв талбайн нэршлийг хэвээр үлдээх хүсэлтэй байгаагаа илэрхийлж , шүүхэд хандана гэдгээ мэдэгдсэн юм.
НИТХ-ын дарга Д.Баттулга энэ удаад хууль зөрчин батласан тогтоолоо цуцалж, асуудалд улс төрч өнцгөөс бус хуулиа ягштал даган мөрдөх учиртай Нийслэлийн хурал даргалагчийн байр сууринаас хандана гэдэгт итгэж байгаа талаарааД.Сүхбаатар жанжны ар гэрийнхэн хэвлэлийн бага хурлын үеэр илэрхийллээ.