Өнгөрсөн оны сүүлээс эхлэн Дорноговь аймгийн Улаанбадрах суманд уран олборлолтоос болж үхэр мал үхсэн тухай түгшүүрт мэдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээр тарж эхэлсэн.

Тус суманд Францын “Арева”-гийн “Кожеговь” гэгч охин компани уран олборлохоор зэхэж байгаа бөгөөд одоогийн байдлаар 2000 тонн ураны хүдэр туршилтын журмаар олборлосон аж. Үүнээс болж үхэр үхсэн талаарх мэдээг анх Цөмийн энергийн газар / ЦЭГ/-т дуулгахад хэдэн байцаагч очиж хэмжилт хийгээд “Тайван амгалан байцгаа, үхэр уранаас болж үхээгүй” хэмээгээд буцсан байдаг. Гэтэл Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн үхэр сүргээс эмнэлзүйн тодорхой шинж тэмдэггүйгээр 19 тугал бэлчээртээ үхсэн тухай мэдээлэл төдөлгүй тарсан. Харин Мал эмнэлэг үржлийн газар /МЭҮГ/-аас эдгээр тугалын эд, эрхтнээс эмгэг бие бүтцийн үлэмж ба бичил шинжилгээ хийхэд цацрагийн болон хүнд металлын ужиг явцтай хордлого мөн гэсэн эцсийн онош, дүгнэлтийг хийсэн. Улмаар энэ дүгнэлтийг нягтлахаар Засгийн газраас ажлын хэсэг гарсан ч зөвхөн Д.Норсүрэнгийн хотонд очин шинжилгээ хийгээд “Уранаас болоогүй” гэсэн дүгнэлт гаргасан юм. Үүнийг орон нутгийн малчид эсэргүүцэн холбогдох бүх л байгууллага, албан тушаалтанд удаа дараа нарийн шалгаж, уран олборлох үйл ажиллагааг зогсоох хүсэлт тавиад байгаа ажээ. Энэ талаар өчигдөр тус сумын малчдын төлөөлөл нийслэлд ирж “Гал үндэстэн” холбоотой хамтран мэдээлэл хийлээ. Тэд ураны хор уршгаас болж зөвхөн малчин Д.Норсүрэнгийн мал үхээгүй, гурван багийн иргэдийн нийт 1000 гаруй мал учир битүүлгээр үрэгдсэн гэдгийг онцолж байв. Энэ удаа тэд 319 айл өрхийн 1500 хүний гарын үсэгтэй захидал авчирсан байна. Энэхүү захидлуудыг төрийн гурван өндөрлөгт хүргүүлэх аж. “Кожеговь” компани 2010 оны арванхоёрдугаар сараас 2011 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд туршилтын олборлолт явуулснаас хойш 21 айл өрхөд гажигтай төл гарч, зүй бусаар хоргоджээ. Тодруулбал, Аргалант багийн мал- чин Оюун-Эрдэнийд хэвтээ ботго, Баасанбатынд сохор ишиг тав, Чулуун баатарынд хоёр толгойтой тугал гарсан байна. Мөн Баянбогд багийн мал чин Балчиндоржийнд гурван хөлтэй тугал, Дэлгэрсайханыд гурван хөлтэй ишиг, Сэржмятавынд сохор ботго, Ариунболдынд уруулгүй болон урд хоёр хөлгүй ишиг, нэг нүдтэй унага, Одгэрэлийнд хүзүүгүй ишиг, Оюунчимэгийнд хөлгүй сохор ботго, Дашжамцынд толгойгүй хурга, Мөнхбаярынд дутуу эрүүтэй унага, Дашдондогийнд хоёр хөлгүй хурга, Батзоригийнд хүзүүгүй тугал төржээ. Хамгийн сүүлд гэхэд л энэ сарын 24-нд малчин Ариунболдынд өрөөсөн нүдгүй унага гарсан гэнэ. Харин өвчилсөн малын тоо богтойгоо нийлээд 20 шахаж байгаа аж. Түүнчлэн одоогоор нас гүйцсэн нийт 21 мал учир битүүлгээр хоргодоод байгаа юм байна.

МАЛЧИН П.ПАНСАЛМАА: ХОЁР ТОЛГОЙТОЙ ХҮҮХЭД ГАРАХЫГ ХАРЖ БАЙЖ ИТГЭХ ГЭЭД БАЙГАА ЮМ УУ

-Та бүхэн саяхан Ерөнхийлөгчид иргэдийн гарын үсэгтэй өргөх бичиг хүргүүлсэн санагдаж байна. Хариу өгсөн үү?
-Ямар ч хариу өгөөгүй. Засгийн газраас гаргасан ажлын хэсгийнхнийг үнэн зөв ажиллана гэж итгэж байсан. Гэтэл улайм цайм бидний эсрэг дүгнэлт гаргасан. Монголын төрд иргэд нь биш, уран чухал болж байх шиг. Манай аймагт “Кожеговь” компани үйл ажиллагаа явуулаад арваад жил боллоо. Өнөөдөр малаас хоёр толгойтой тугал гарч байгааг даруйхан анхааралдаа авч, асуудлыг шийдэж өгөх хэрэгтэй. Үгүй бол иргэдээс хоёр толгойтой хүүхэд гарахыг харж байж итгэх гээд байгаа юм уу. Манай сум дөрвөн багтайн нэг нь сумын төвийнхэн. Харин малтай гурван багт нь 119 өрх айл амьдардаг. Бүх айлд ургийн гажигтай мал төрж байна. Энэ бол “Кожеговь” компанийн үйл ажиллагаа, ураны хороос л болж байгаа. Ер нь уранд хүн, малтайгаа хордоод гамшиг болоод байна шүү дээ. Мал төхөөрөхөд уушги нь утаа тортогтой, эсвэл усжсан байх жишээтэй. Гажигтай төл олноор төрж байгаа юм чинь жирэмсэн эхчүүдээс удахгүй ургийн гажигтай хүүхэд төрөхгүй гэх баталгаа алга.

-Энэ үеэр аймаг, сумын мал эмнэлгийнхэн хэр шуурхай ажиллаж байна вэ?
-Дуудлаа гэхэд ирж үйлчилсэн мөнгө, бензин тосны өртгийг бид гаргадаг. Тиймээс малчид мал эмнэлэг бараг дууддаггүй. Учир нь өдөр бүр гажигтай төл гарч, мал үхэж байхад эмч дуудаад яах билээ дээ. Ирээд эмчлээд, асуудлыг бүрэн шийдвэрлээд өгөх биш. Харин малдаа шүлхийн эсрэг вакцин бол хийлгэсэн. Бид малын эмч хэдэн удаа дуудахав. Одоо энэ асуудлыг төр засгийн хэмжээнд анхаарч шийдвэрлэх шаардлагатай байна.

-Мал үхэх бүрт онцгой байдлын хяналтан дор устгалт хийдэг үү?
-Тийм байгууллагууд нь ирж устгал, ариутгал хийх нь бүү хэл яаж байна гэж нэг ч удаа ирээгүй. Аймгийн Засаг дарга П.Ганхуяг хүртэл сонгогдсон л бол хэрэг нь бүтэж байгаа юм шиг байна. Энэ хаваржин мал үхэж, ураны асуудал яригдаж байхад нэг ч удаа ирж малчидтай уулзаагүй.

-Сумын удирдлагууд энэ асуудалд хэрхэн анхаарч байна вэ?
-Харин манай удирдлагууд бол бидэнтэй хамтран ажиллаж, олон удаа энэ асуудлыг хөөцөлдөж явсан. Тэд аймаг уруу хүсэлт явуулахад цаанаас нь авч хэлэлцдэггүй юм билээ. Энэ мэтчилэн дээд шатандаа хүлээж авахгүй болохоор хэчнээн их сэтгэл байгаад тэдний эрх мэдэл хаа ч хүрэхгүй байна.

-“Кожеговь” компанид ажилладаг, удахгүй хүүхэд төрүүлэх гэж байгаа залуу гэр бүлүүд байдаг гэв үү?
-Ер нь энэ компанид ажилладаг гэлтгүй ойр орчинд олон залуу гэр бүл шинэ хүүхдээ хүлээж байгаа. Тэд ямар хүүхэд төрөх бол хэмээн айдас дүүрэн амьдарч байна. Үнэнийг хэлэхэд манай гэр бүлд ч энэ асуудал тулгараад байгаа. Манайх нэг хүүхэдтэй, залуу гэр бүл. Дахиад хүүхэд төрүүлэх хүсэл их бий. Гэтэл өнөөдөр малаас олон толгойтой, эсвэл сохор төл гараад байхад хүүхэд төрүүлэхээс айх юм. Энэ ураны асуудал ингэж л залуу гэр бүлийн аз жаргал, хүсэл мөрөөдөлд саад учруулж, ирээдүйд маань заналхийлж байна.

-Хүний биед бас нөлөөлж байгаа гэсэн. Өвчин ямар хэлбэрээр илэрч байна вэ?
-Маш их ханиалгуулна, хамар, ам битүүрнэ. Хаа сайгүй л ханиалгаж, шуухитнасан хүмүүс явах болсон. Энэ нь тоосжилтоос шалтгаалж байгаа юм. “Кожеговь” компани хүхрийн хүчлийн хөх шавартайгаа газрын гүн рүү өрөмдлөгө хийж шахаж уранаа баяжуулж авдаг юм байна. Тэгээд гаргасан хөх шавраа задгай асгачихдаг. Гэтэл энэ шавар нь борооны усанд урсан газарт тархаад, агаарт дэгдээд байгаа юм. Ер нь ураны хор агаар, ус, ургамал гурваар дамжиж байгаа нь тогтоогдсон.

-Малаас гадна зэрлэг амьтдад нөлөөлдөг болов уу?
-Нөлөөлөлгүй яахав. Одоо бор туулай маш олноор үхэж байгаа. Учир нь туулай үндэс иддэг шүү дээ. Энэ мэтчилэн зэрлэг амьтад үхсэн байхтай малчид таарснаа ярьдаг.

-Одоо цаашид та нар ямар арга хэмжээ авах бодолтой байгаа вэ?
-Дотоодын шинжээчид мэддэггүй, эсвэл худал дагд- чихсан байдаг юм бол бид хөндлөнгийн буюу гаднаас шинжээчид авчрахыг хүсч байна. Энэ тухай хүсэлтээ Ж.Батзандан гишүүнд хүргүүлсэн. Гэтэл бидний хүсэлтийг намрын чуулганд өргөн барина гэсэн хариу өгсөн.

 


М.НАРАНБОЛД

 

Сохор хурга


Хойд хөлгүй ботго


Урд хөлгүй ишиг


Уушги нь харлаж, усжсан байдал