Үүл дарга аа, таны яриад байсан сайхан үлгэрийн төгсгөлийг үзэх гэсээр суутал гэрээ байшингаар солих мөрөөдөл сонгуулийн маргаашнаас замхрах төлөвтэй болоод явчих шиг.

Албаны хүмүүсийн чинь амнаас унаж байгаа яриа “Энэ нэг л биш шүү” гэмээр хачин сэжигтэй сонсогдоод болдоггүй ээ.

Өчигдөрхөн л дөрөвдүгээр сарын 1-нээс барилгын ажил эхэлнэ, хотын яндангуудыг хориглосон шиг хориглоод иргэдээс газраа үнэлсэн дүн мөнг өөр нь тохирч орон сууцны газраа чөлөөлүүлнэ хэмээж байсансан. Манай сонин ч удаа дараагийнхаа нийтлэлээр гэр хорооллыг барилгажуулах энэ ажлыг дэмжиж хашаа байшингаа хүртэл үнэгүй чөлөөлж өгье орон сууц бариад өг хэмээн уншигчдыг уриалж байлаа. Гэтэл цагийн байдал ороо бусгай, элстэй шанд буттай цайдмыг дагасан өнөөх хэдэн бор гэрүүд нь хашаанаасаа нүүхгүй үлдэх нь ээ.

Сонгуулийн жил ч таарав уу, сонирхлын зөрчил ч яригдав уу юутай ч гэр хорооллыг барилгажуулах ажил чимээ алдрав. Албаныхнаас сураглавал айлууд газраа чөлөөлж өгөхгүй ажил уяад байна гэх ганган ганц тайлбар өгөх юм.

Тэгвэл Үүл даргаас асуух асуулт байна. Нийслэлийн Ерөнхий архитектор Н.Нацагдорж “Улаанбаатарт барилга барих хангалттай газар бий” гэх юм. Түүний зөв байна. Нэг дор шавалдсан ганцхан төвт хот төлөвлөлтөө задалж болохгүй юу. Дэд бүтэц, дулааны шугам сүлжээ, сургууль, цэцэрлэг, цахилгаан дулааны эх үүсвэр зайлшгүй хэрэгтэй. Гэтэл энэ бүхнээ нүдний өмнө харагдахуйц байдлаар зурж түүнийхээ дагуу ажлаа эхэлж чадаагүй хотын өнгө өнөөгийнхөөс өөрчлөгдөх үү.

Түүний яриагаар бол өнөөх барилгажуулалт хотыг найман төвтэй болгохоор төлөвлөж байгаа бодлоготой уялдах хэрэгтэй болоод байна. Үүнтэй зэрэгцээд мөн л холбогдолтой бүтээн байгуулалт нь ТЭ Ц-V. Найдвартай дулаан, цахилгааны эх үүсвэртэй болсныхоо дараа бид тэр олон орон сууцыг ус, дулаанаар хангах тухай хөндөх нь хэнд ч ойлгомжтой болно. Тэгвэл өнөөдөр дулаан, цахилгааны эх үүсвэргүй, тэр нь хаана, хэзээ баригдаж, ашиглалтад орох нь эцэслэгдээгүй энэ цагт хашаа гэрийг хална гэх нь авцалдахгүй байна. Тэгэвч дөрөвдүгээр сараас гэгдэж байсан орон сууцжуулах ажил өнөөдөр эхлэв үү. Хүүхдийн баяр, Ерөнхийлөгчийн сонгууль, наадам гэсээр суутал намартай залгаж юун зам засвар, юун гэр хорооллыг орон сууцаар солих...

Энэ зуны өнгө төрх, ажлын төлөв ингэж л харагдаад байх юм аа, хотын дарга аа. Арай сонгууль угтсан шоуны “Хөгжлийн хөшүүрэг” нэртэй жүжгийн сценари байсан юм биш биз дээ. Үнэхээр л хийе, бүтээе гэж байгаа бол төрийн бодлогоор хэд хэдэн асуудлыг шийдвэрлэх гарц байна. Мэдээж манайх шиг жижигхэн зах зээлтэй улс үүнийг хийх амархан ч буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээхийн үлгэр болно.

Тэгэхээр алдаа гаргаж болохгүй долоо хэмжиж нэг огтолно гэсэн үг. Айлууд газраа үнэлээд чөлөөлж өгөхгүй байгаагийн шалтгаан нь барилгын материалын үнэ ханш өндөр байгаатай шууд холбоотой. Барилгын материалын үнэ орон сууцны эрэлтийг бий болгож байна гэж харагдаад болдоггүй ээ, Үүл дарга аа. Учир нь төр 40 мянга, 100 мянга гэх мэт орон сууцны том том хөтөлбөрийг хэрэгжүүлэх мессэж тараасан нь ёстой л барилдахаасаа таахалзах гээч болсон.

Өөрөөр хэлбэл, барилгын салбарт үнийн хөөс бий болгосон гол буруутан нь төр. Тиймгүйсэн бол та бодоод үз. 2008 оноос хойш барилгын материалын үнэ 10-15 хувиар нэмэгдсэн судалгаа гарчээ. Энэ бол өнөөх төрийн том амлалтуудын гай. Барилгын материалыг үнэд ороход нөлөөлсөн өнөөх төрийн албан хаагчдаас эхлээд ахмад дайчдаа хүртэл багтаах 100, 40 мянган айлын орон сууцууд өнөөдөр хаана байна.

Тэгэхээр гэр хорооллын барилгажуулалтын энэ хөтөлбөр дахиад л салбарын материалын үнийг хөөрөгдөөд сонгуулийн маргаашнаас л намжих юм биш биз гэсэн хардлагыг төрүүлээд болдоггүй ээ. Шигшиж шүүсээр үлдээсэн өнөөх 14 компани нь иргэдтэйгээ хэл амаа олох гэсээр хэдэн оныг барах нь мөн л тодорхой бус байна. Угтаа бол айл бүрийг хашаанаас нь салгахад эхлээд орон сууцжих таатай нөхцөлөө бүрдүүлэх хэрэгтэй юм шиг.

Тухайлбал, орон сууцны үнийг бууруулах, барилгын материалын үнийг төр хянах, барилгын компаниудын чанар болоод хариуцлагыг нэмэгдүүлэх, цахилгаан, дулааны найдвартай эх үүсвэртэй болох, дэд бүтэц, хот төлөвлөлтийн нарийн тооцоо судалгаа боловсруулах, арилжааны банкны зээлийн хүүг бууруулах, залуу гэр бүл болон дундаж орлоготой ажилтай иргэдийнхээ тоог нэмэгдүүлэх, тэдний орон сууцны зээлд хамрагдах нөхцөлийг сайжруулах, ахмад, өндөр настнуудад байрыг нь түрээслэх биш өвлөгдөж үр хүүхдэд нь үлдэх бодлогыг боловсруулах...гэх мэт амьдралын хөрсөн дэх асуудлаа цэгцлэхээс нааш бүх нийтээрээ орон сууцжих аян бүтэхгүй болж харагдаад горьгүй дэг ээ.

Үүл дарга аа, орон сууцтай болох гэсэн иргэдийн хүслийг хазаарлаж мэдэх энэ мэт хүчин зүйлүүдийг хэрхэх вэ. Өнөөдөр маргаашийг гэсээр суутал найр, наадмын улирал эхэлж ажил цалгардах вий дээ. Монгол гэрийн буурин дээр сүндэрлэх орон сууцжуулалтын сургаар барилгын салбарт ширхэг хадаас ч үнэд хүрээд байгааг анхаарна уу.

Банз, хадаасныхаа үнээс шууд хамаарсан барилгын салбарт бүтээн байгуулалтыг тушихгүй байх бодлого үгүйлэгдээд байна.

М.Мөнхтунгалаг