Улстөрчдөд “Ноён” уулыг хамгаалахаас Тавантолгойг гацаах нь ашигтай
2015/02/03
“Сентерра гоулд”-ын олборлолтын талбайгаас 200 метрт түүхэн дурсгал бий
Манай улсын ДНБ-ий таван хувьтай тэнцэх хэмжээний буюу 50-70 тонн алт Сэлэнгэ, Төв аймгийн нутгийг дамнан орших “Ноён” уул орчимд байгаа нь тодорхой болсон. Эрх баригчид, шийдвэр гаргагчид дуу алдаад л ... “Бороо гоулд” компанид 40 тонн алт хэрхэн алдсанаа мартчихсан дүр эсгээд. УИХ эдийн засгаа сэргээхийн тулд Засгийн газраас Гацууртын ордыг Стратегийн ордод оруулах санал ирүүлсэнийг дэмжсэн. Гацууртын ордыг ашиглах эрхийг “Сентерра гоулд” компанид өгчихсөн гэсэн үг. Ард түмэн эсэргүүцээд байгаа учраас сүр болгож зарлахгүй байгаа бололтой юм. Нэг л өдөр “Сентерра гоулд” компани алт олборлоод эхэлнэ. “Ноён” уул орчимд Сэлэнгийн бүс нутагт хүрэл зэвсгийн, төмөр зэвсгийн Хүннүгийн, Их Монголын гэсэн дөрвөн үеийн түүхэн дурсгал бийг мэргэжлийн байгууллагынхан баталдаг, нотолдог. “Сентерра гоулд” компанийн олборлолт явуулах хэсэгт ямар нэгэн түүхийн дурсгал байхгүй гэдэгт олон нийт итгэхгүй байгаа. Аргагүй. Археологийн хүрээлэнгийн судлаачид “Сентерра гоулд”-ын талбайд хайгуул хийх үед хөрс нь эвдэгдэж, сүйтгэгдсэн, зарим газарт 10 метр шахам гүн нүх гарсан байсныг судалгаанд оролцсон судлаач хэлсэн. Хүннүгийн үеийн дурсгал гарч ирээд мэдэгдээгүй алга болгосон байхыг үгүйсгэхгүй. “Сентерра гоулд”-ын ашиглалтын талбайгаас 200 метрээс хоёр км зайд түүхийн таван дурсгал байгаа нь тогтоогдсон. Тэгэхээр “Сентерра гоулд”-ын талбайд Хүннүгийн үеийн булш, түүхэн дурсгал байхгүй гэдэг бол ард түмэнд, Ноён уулаа хамгаалсан, жагссан иргэдэд зориула, зохиосон “Сентерра гоулд”-ын үлгэр юм.
“Буу”-тай эсэргүүцлээс “Бөө”-тэй жагссан иргэдийн буруу юу?
Хүннүчүүд одоогийн Монгол Улсын төв хэсэгт гол соёл иргэншил нь, хүн амын олонх нь суурьшиж байсныг түүхч, судлаачид нотолдог. Ноён уулын түүхийн дурсгалууд дээр археологичид ч хоёр хуваагдсан. “Сентерра гоулд”-ын талбайд түүхэн дурсгалууд байгаа, байхгүй гэж. Нутгийн иргэд, түүхийн хосгүй дурсгалуудаа хадгалж үлдэх гэсэн иргэний нийгмийн байгууллагынхан жагсаад ч тусыг эс олж байна. Уг нь, “Урт нэр”-тэй хуулийн хүрээнд Гацууртын орд хамрагдаж байсныг Засгийн газар “Стратегийн ордод оруулна” гэсэн “үнэгэн заль” зохиосон хэрэг. УИХ-аар хэлэлцүүлж Гацууртын ордыг Стратегийн ордод хамруулчихсан. “Урт нэр”-тэй хууль Гацууртын ордод үйлчлэхгүй, “Сентерра гоулд” дураараа дургина. Нэгэнт алт олборлоод эхэлбэл, тийшээ нутгийн иргэн ч алхах эрхгүй болно. Аргаа барсан иргэд “Ноён уул”-аа аврахын тулд Чингисийн талбай дээр “бөө”-тэй жагсч, тахил үйлдэж байх билээ. Аргаа барсан даа,энэ. Тэдний үгийг тоож сонсч байгаа төрийн түшээ гэж алга. Байгаль орчноо хамгаалахын төлөө “буу”-тай эсэргүүцээд буруутаж, төрийн цээрлэл хүлээсэн Мөнхбаяр нараас хойш “Ноён уул”-аа аврах хөдөлгөөнийхөн гарч ирэв. Тэдний үгийг Төв аймгаас, Сэлэнгэ аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүд нь ядаж сонсох болов уу гэтэл тэгсэнгүй. Сэлэнгээс сонгогдсон С.Баярцогт ЗГХЭГ-ын дарга, Ж.Эрдэнэбат Сангийн сайд, Төв аймгаас сонгогдсон М.Энхболд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга, Су.Батболд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар томилогдсон. Тэд албан тушаалд хүрсэн. Хүннүгийн үеийн Монголчуудын өвөг дээдсийн шарилыг, түүхэн дурсгалыг онгичиж, байгаль орчин сүйтгэж, алт олборлох тэдэнд падгүй бололтой. Хүний урманд “Ноён” уулыг хамгаалах талаар ганц үг унагаасангүй.
УИХ-ын гишүүдэд “Гацуурт”-ыг бус Тавантолгойг гацаах нь ашигтай
УИХ-ын гишүүд байгалийн баялгаа ашиглахад Ноён уул, Гацууртын ордыг бусдад зүгээр өгдөг шигээ дуугай суудаг юм уу гэхээр бас үгүй. Таван жил гацсан Тавантолгойн төсөл хөдөлгөөнд орж, хөрөнгө оруулагчидтай хэлэлцээ хийж, ард түмэнд, улс орны эдийн засагт ашигтай шийдвэр гарах магадлалтай болоод эхэлмэгц УИХ-ын гишүүд бужигнаад эхэллээ. Гацууртын ордыг “Сентерра гоулд”-д өгөхөд нүдээ аниад товчлуураа дарсан эрхэм гишүүд Тавантолгойн төсөлд ямар их санаа зовнино вэ. Монгол Улсын сайд М.Энхсайханд УИХ-ын нэр бүхий 16 гишүүн асуулга хүргүүлсэн. УИХ-ын дарга нь Тавантолгойн төслийг явуулахгүй шүү гэсэн анхааруулгыг М.Энхсайханд өгсний дараа шүү. Давхцал нь сонин. Төмөр замаар л гол гаргалгаагаа хийжээ. М.Энхсайханы ахалсан ажлын хэсгийнхэн хөрөнгө оруулагчдаар төмөр зам бариулаад 30 жилийн дараа Монголын талд 51 хувийг үнэ төлбөргүй шилжүүлэх гэсэн дээр тоглолт хийхээр болчихлоо. Монголын төрийн мэдэлд төмөр зам 100 хувь байх ёстой гэдэг байр суурь илэрхийлж байна. Эндээс л Тавантолгойн төлөө “алалцаан” эхэлнэ. Үүний цаана УИХ-ын гишүүдийн хувийн ашиг сонирхол байгаа учраас идэвхтэй байгаа юм. Ард түмэнд наалдах зүйл байхгүй. МАН-ынхан “манай Засгийн газрын үед ард түмэндээ өгсөн 1072 хувьцааг амь оруул” гэж матрын нулимс унагаж байна. Худлаа л даа. “Ноён” уулын Хүннүгийн үеийн булштай гурван ам Төв аймгийн нутагт байдаг юм гэсэн. Түүнийг хамгаалахын төлөө ганц үг унагаагүй, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Су.Батболд л гэхэд Тавантолгойн төслийн талаар М.Энхсайханд асуулга хүргүүлсэн 16 гишүүнд багтсан байсан. Энэ бол нэг л жишээ.
“Тавантолгой”-гоо ашиглаж, “Ноён” уулыг цогцолбор болгоё?
“Ноён” уулаа хамгаалъя гэж хашгирах нэгэнт оройтжээ. Гэвч, итгэл, найдвар хамгийн сүүлд бөхдөг гэдэг шүү дээ. “Сентерра гоулд”-ын олборлолт арай эхлээгүй байна. Тэдэнд алт л олборлож байвал байгаль орчин сүйтгэх, Хүннүгийн үеийн дурсгалыг устгах бол юу ч биш. “Ноён” уулын бүс нутагт Хүрэл зэвсгийн, төмөр зэвсгийн, Хүннү, Их Монгол Улсын үеийн 374 түүхэн дурсгал илрээд байгаа. Эрдэм шинжилгээний байгууллагуудад олдсон нь энэ. Цаана нь хэд байгааг хэн ч хэлж мэдэхгүй. Сүүлийн үед аялал жуулчлал хөгжүүлье гэж амтай бүхэн нь ярих болсон. “Ноён” уулын түүхэн дурсгалыг хамгаалж, цогболбор болгон тохижуулж, аялал жуулчлал татах бүс нутаг болгох боломж баймаар санагдана. Сэлэнгэ бол авто зам, төмөр замтай дэд бүтэц харьцангуй хөгжсөн аймаг. “Ноён” уулын түүхэн дурсгалуудыг ЮНЕСКО-д бүртгүүлэхээр ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн албан ёсоор хандаж, холбогдох материалуудыг хүргүүлж, нааштай хариулт сонссон юм билээ. “Ноён” уул Монголоос хальж, олон улсын анхааралд орсоны баталгаа. Гэтэл, манай эрх мэдэлтнүүд алтанд нь шунаж дайраад байдаг. Гацууртын ордыг ашиглах талаар телевизээр гарсан шууд нэвтрүүлэгт оролцсон “Сентерра гоулд”-ын төлөөлөл тэсэлгээ, дэлбэрэлтээс үүссэн доргилт, чичирхийлэлтийг “Ноён” уулын Хүннүгийн үеийн булш байгаа хэсэг рүү биш нөгөө тийш нь явуулах боломжтой. Технологи ийм гайхалтай хөгжсөн гэх ухааны зүйл ярьсан. Мэдэхгүй юм. Түүний оронд Тавантолгойн ордоо эдийн засгийн эргэлтэд оруулъя. Монголын гурван сая хүнийг 100 жил өмсөх, зүүхтэй байлгах баялагтай орд гэдэг. УИХ-ын гишүүд улстөржилгүй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулбал, ард түмнийхээ өмнө байгуулсан хамгийн том гавьяа болно.
Зочин · 2015/02/04
mongolchuud uursduu xedxen xonogt 50 altaa avchixaj chadnaa
Зочин · 2015/02/04
Археологийн хүрээлэн нь мөгөө авчихсан. Яахав дээ ******сайн ядуу эрдэм шинжилгээний ажилчид 50 саяд амаа таглуулчихна. Гол нь олдвортоо биш, алтны татвар 2,5 % болсон байгаа энэ үед Монголд үлдэх ашиг нь бага байх энэ хувилбарыг яарч хийсэн нь буруу. УИХ Монголын ард түмний төлөө хэзээ ч ажиллахгүй гэдэг нь тодорхой болоод байна дөө, аль хэдийн шийдээд явуулчихсан улс. Зориг гаргаад ухуулахгүй гээд тэнд хэвтэх Монголчууд цөөхөн л байна байх даа
Зочин · 2015/02/04
Археологийн хүрээлэн нь мөгөө авчихсан. Яахав дээ ******сайн ядуу эрдэм шинжилгээний ажилчид 50 саяд амаа таглуулчихна. Гол нь олдвортоо биш, алтны татвар 2,5 % болсон байгаа энэ үед Монголд үлдэх ашиг нь бага байх энэ хувилбарыг яарч хийсэн нь буруу. УИХ Монголын ард түмний төлөө хэзээ ч ажиллахгүй гэдэг нь тодорхой болоод байна дөө, аль хэдийн шийдээд явуулчихсан улс. Зориг гаргаад ухуулахгүй гээд тэнд хэвтэх Монголчууд цөөхөн л байна байх даа
fyfds · 2015/02/04
15-35 насныханд зориулсан ӨНДӨР БОЛГОХ НУУЦ номыг ИНТЕРНОМ, МИР, МАЖЕСТИК, АЗ ХУР, АЛТАНТӨГРӨГ, ГОЛДЭН БҮҮК номын дэлгүүрээс худалдан аваарай. Үнэ: 22 000₮