Монгoл Улс удахгүй хоёр казинотой болох нь. Учир нь Засгийн газраас Казиногийн тухай хуулийн төсел боловсруулж УИХ-д өргөн барихаар болжээ.

Казино барьснаар зөвхөн уул уурхайгаас хамааралтай эдийн засагтай байх бус аялал жуулчлал зэрэг бусад салбар хөгжинө гэж үзжээ. Сонирхуулахад, Монгол Улс аялал жуулчлалын өрсөлдөх чадвараар дэлхийн 140 орноос 99-д, Ази Номхон далайн бүсийн 25 орноос сүүлээсээ тавд ордог аж. 2013 оны мэдээгээр манай улсад 417 мянга гаруй жуулчин аялж, аялал жуулчлалын салбарын орлого 263 сая ам.доллар байжээ. Энэ нь ДНБ-ий тав орчим хувийг бүрдүүлсэн гэсэн үг.

Харин энэ салбарын хөгжилд сөрөг нөлөө үзүүлдэг асуудлыг шийдвэрлэж, олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлснээр 2020 онд гэхэд ДНБ-ий 14 орчим хувийг бүрдүүлэх зорилтыг тавьж байна. Хөгжлийг эрчимжүүлэх, валютын урсгалыг нэмэгдүүлэхэд казиногийн үйл ажиллагаа явуулж, цаашид хөгжүүлэх шаардлага бий гэж Засгийн газар үзсэн байна. Тиймээс олон улсын стандартад нийцсэн казино тоглоомын үйл ажиллагааг эрхлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах, зохих ёсны хязгаарлалттайгаар зөвшөөрөх, төрийн зүгээс тавих хяналтын тогтолцоо, арга механизмыг хуулийн төсөлд тодорхой заажээ.

Мөн Монгол Улсын нутаг дэвсгэр дээр казиногийн үйл ажиллагаа эрхлэх болзол, казино болон тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд хориглох болон бусад үйл ажиллагаатай холбоотой төрийн зохицуулалт, бүрэх эрх, хяналтын тогтолцоог бий болгохтой холбогдсон харилцааг тусгасан гэж Ерөнхий сайдын зөвлөх Ц.Мөнхтөр өчигдөр мэдээллээ. Түүний хэлснээр хоёр казино барих
байршлыг Засгийн газар тодорхойлох гэнэ. Казиног ажиллуулах эрхийг хоёр аж ахуйн нэгжид олгох бөгөөд гадаадын иргэдээс гадна жилд 20-40 сая төгрөгийн татвар улсын төсөвт төлдөг 25-аас дээш настай монгол хүн үйлчлүүлэх эрхтэй байхаар тусгажээ. Түүнчлэн хоёроос илүү байх нь зохимжгүй гэж үзжээ.

Мөн даваа гаригт хуралдсан Засгийн газрын хуралдаанаар үйлдвэржилтийг дэмжих тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг баталж, хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбатад даалгажээ. Хөрөнгө оруулалтын үр өгөөж өндөртэй, үнэ цэн шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэхийн тулд төрөөс дэмжлэг үзүүлэхээр төсөлд тусгах ажээ. Үүнд, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийхээ 60-аас дээш хувийг экспортод гаргаж байгаа үндэсний үйлдвэрт технологийн шинэчлэл хийсэн хөрөнгө оруулалтынх нь 50 хувьтай тэнцэх хэмжээний зээлийг арван жилийн хугацаатай хүүгүй, нэг удаа олгоно. Мөн өндөр ашиг бүхий шинэ технологи болон өндөр технологи нэвтрүүлж нутагшуулсан, импортыг орлох болон экспортын үйлдвэрийн эхний бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүртлэх хугацаанд судалгаа, хөгжилд зарцуулсан зардлын 75 хувь хүртлэх хэмжээтэй тэнцэх дэмжлэгийг улсын төсвөөс нэг удаа үйлдвэрт буцааж олгохоор тусгажээ.

Сүүлийн жилүүдэд мал сүргийн тоо толгой нэмэгдэж 51 саяд хүрсэн, харин малчдын тоо буурч байгаа талаар Засгийн газрын хурал дээр хөндсөн гэнэ. Гэхдээ сар шинийн өмнө Улсын сайн малчин, фермерийг тодруулдаг уламжлал ёсоор шалгаруулалт явагджээ. Болзол хангасан 115 хүнээс 500-2800 малтай 71 малчныг "Улсын сайн малчин"-аар шалгаруулсан юм байна.

М.АЛТАНЦЭЦЭГ