Монгол хүнийг омоглон улс гэдэг. Тийм дээ ч хаа таарсан болгонтойгоо яриа нийлэхгүй бол гар зөрүүлчихдэг гүдэггүй зантай. Хоромхон зуурын уур бухимдлаа барьж чадалгүй хэдийнээ л зодоон цохионоо урьтал болгочихдог. Ийм дүр зурагтай бид өдөр болгон таардаг юм. Наад захын нэгэн жишээг дурьдая, Замын хөдөлгөөнд автомашинтайгаа оролцож яваад нэгэн жолооч урьд явсан автомашинаа мөргөчихлөө. Гэтэл хоёр машины жолооч "хөөе чи миний машиныг яаж байгаа юм. Цагдаа дуудна" гээд л тэрхүү хоёрын яриа эхэлнэ. Замын цагдаа ирэх хооронд өнөөх хоёр нөхөр аль хэдийнээ заамдалдан "чи, би дээрээ тулчихсан" зогсоно. Энэхүү дүр төрхийг өдөр болгон монгол улсад л ганцхан харж болно. 

Ийнхүү дөрвөн дугуйтай холбоотой хэрэг өдөр өнжилгүй гарна. Улсын хэмжээнд 2013 онд 423, 2014 онд 503, 2015 оны нэгдүгээр сард 34 хүн зөвхөн зам тээврийн ослын улмаас амь насаа алджээ.

Амь насаа алдаад зогсохгүй зам тээврийн осол, хэрэгт өртөн жил бүр хэдэн мянган хүн гэмтэж бэртэн, эрүүл мэндээрээ хохирсон харамсмаар тоо баримтыг өмнө нь нэлээдгүй удаа дурьдсан. Гэрээсээ инээгээд гарсан хүн хэн нэгний анхаарал болгоомжгүй, хайхрамжгүй, хариуцлагагүй үйлдлээс болж осолд өртөж, амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор, хэзээ ч эргэж ирэхгүй хорвоог орхисоор...

Зам тээврийн ослын гаралтад нөлөөлж буй нэгэн хүчин зүйл бол хатуу хучилттай зам ихээр баригдсантай холбоотой гэв. Манай улсын хувьд 2011 онд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 2875 бүртгэгдэж, зам тээврийн ослын шалтгаанаар 362 хүн нас барж байсан бол 2014 онд 2143 гэмт хэрэг бүртгэгдэж 654 хүн нас барсан нь гэмт хэргийн гаралт буурсан хэдий боловч нас барсан хүний тоо 2 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байгаа нь орон нутагт хатуу хучилттай зам ихээр баригдах болсонтой холбоотой ажээ. 

Судалгаанаас харахад хатуу хучилттай зам шинээр тавигдсан аймгуудад нас баралтын тоо 50 хувиас 2 дахин нэмэгддэг байна. Цаашид бүх аймгуудын төвийг хатуу хучилттай авто замаар холбох ажлын хүрээнд хяналт шалгалтад ажиллах алба хаагч, техник хэрэгслийг нэмэгдүүлэхгүй, шинэ техник технологийг нэвтрүүлэхгүй, одоогийн байгаа түвшиндээ байсан тохиолдолд 2016-2017 онуудад нас баралт 1000 орчим болох төлөвтэй байгаа гэдгийг албаныхан онцлов.  Өөрөөр хэлбэл 2011 онд өдөрт нэг хүн зам тээврийн ослоор нас барж байсан бол 2014 онд өдөрт хоёр хүн болж, цаашид өдөрт гурван хүн зам тээврийн ослын шалтгаанаар хорвоог орхино гэсэн үг юм. 2013 онд 38, 2014 онд 48 хүүхэд зам тээврийн ослын шалтгаанаар амиа алджээ.

Зам тээврийн нийт ослын 10 гаруй хувь нь орон нутагт гарсан зам тээврийн осол эзэлж байгаа боловч түүнээс шалтгаалсан ослын улмаас нас барсан хүний тоо 75 хувь, гэмтсэн хүний 50 хувийг орон нутагт гарсан зам тээврийн осол эзэлж байгаа юм. Орон нутагт гарсан ослын тоо нийслэлээс 9 дахин бага боловч учирч буй хохирол их байна.  Тодруулбал, нас барсан 3 хүн тутмын 2, гэмтсэн 2 хүн тутмын 1 нь орон нутагт гарсан зам тээврийн осол, хэргийн улмаас нас баржээ гэсэн судалгаа гарчээ.

Тэгвэл Нэгдсэн үндэстний байгууллагын Ерөнхий ассамблейгаас 2011-2020 онд зам тээврийн ослын улмаас нас баралтыг 50 хүртэл хувиар бууруулах уриалгыг гаргаж, улс үндэстнүүд зам тээврийн ослын улмаас нас барсан хүний тоог бууруулах, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой ажлуудыг зохион байгуулж байгаа аянд манай улс нэгдсэн байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас манай улсад зам тээврийн ослын улмаас учрах хохиролыг бууруулахын тулд, 

1. Хурд хэтрүүлэх зөрчилтэй тэмцэх, 

2. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчилтэй тэмцэх 

3. Хамгаалах малгай, хамгаалах бүсийг хэрэглэж хэвшүүлэх 

4. Хүүхдийн суудлын хэрэглээг дэмжих ажлуудыг зохион байгуулах нь зүйтэй болохыг зөвлөжээ. Гэсэн хэдий боловч эрх бүхий байгууллагаас хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах асуудлаас илүүтэй замын түгжрэлийг бууруулах, хатуу хучилттай авто замыг нэмж барих, утааг бууруулах бодлогыг түлхүү хэрэглэж байгаа бөгөөд замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажлыг дан ганц цагдаагийн байгууллагын үүрэг мэтээр ойлгож ирсэн зэрэг төрийн алдаатай бодлого байгааг онцлоё.

Аархсан залуус жолооны ард хурд хэтрүүлэхгүй, төр засаг нь зам бариулахдаа сайтар хяналт шалгалт хийж  жолооч нарын хариуцлага соёлыг дээшлүүлэхгүй бол зам тээврийн ослын улмаас бидний ирээдүй болсон хүүхдүүд аюулд өртөн цаашлаад амь насаа алдахгүй гэдгийг илүүтэй анхаарах цаг нь иржээ. 

Х.Даваа