Ер нь нийтийн тээврийн хэрэгслийн жолооч нарын хариуцлага, ур чадвар, ёсзүйн хувьд хариуцлага тооцох, түүнд сургах цаг болжээ. Замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор авто машинуудад  дугаарын хязгаарлалт хийж, нийтийн тээврийн унаа тодорхой чиглэлд зөвхөн 1-р замаар явах журмыг Нийслэлийн засаг дарга авто замын газартай хэлэлцэн батлан хэрэгжүүлээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. 

Эхэн үедээ мэдэгдэхүйц байсан бол одоо бас л хуучин хэвээрээ бөглөрч хэдэн цагаар зогссоор л байна. Энд онцлох нэг зүйл бол автобусны жолооч нар арай л хэтэрлээ. Бид л зөвхөн хурдан явна, дархан эрхтэй гэсэн шиг хурдтай гэгч нь давхиж, хүн суулгаж яваа гэдгээ умартсан юм шиг савчуулан, донслон давхидаг.

Нийслэл хотын 1,5 сая хүний 60 хувь нь өдөр тутам нийтийн тээврийн хэрэгслээр тогтмол үйлчлүүлдэг байна. Гэтэл энэ олон хүний амь нас, эрүүл мэнд зөвхөн автобусны жолоочийн гарт л яваа. Харин зарим автобусны жолоочид энэ үүргээ тийм ч сайн ухамсарлахгүй яваа нь дэндүү эрсдэлтэй байна.

Том оврын автобус өдөрт өчнөөн осол, аваар хийж байна. Ялангуяа сүүлийн үед автобус 1-р замаар зорчих болсноос хойш ихэссэн байна. Учир нь тэд хоорондоо уралдаж, хүнээ булаацалдан хойно урдаа ээлжлэн давхиж, хурд хэтрүүлэн давхиж, хажуугийн машиныг шүргэх, мөргөх, хойно урдуураа яваа явган зорчигдыг харалгүй дайрах гээд болгоомжгүй хэргүүд маш ихээр гарч байна.

Өнгөрсөн жилийн нэг жишээ дурьдахад Сонгино-Хайрхан дүүргийн 5-р хорооны нутагт “Сутайн буянт” компаний аютобусны жолооч явган зорчигчийг дайран амь насыг нь хохироосон байна. Мөн энэ хэрэг болоод хэдхэн цагын дараа таван шарын автобусны буудлын хажууд “Тэнүүн огоо” компаний автобусны жолооч хүчтэй ухрахдаа 50 орчим насны эмэгтэйг дайрсан хэрэг гарсан. Автобусанд дайруулсан  хохирогчид газар дээрээ амиа алдсан золгүй хэрэг өдөртөө хэд дахин гарч байна. Үүн дээр ямар арга хэмжээ авсан нь дараа огт яригддаггүй, тиймээс ч энэ байдал одоог хүртэл үргэлжилж олон арван хэрэг гарсаар байна.

Мөн саяхан 2 хоногийн өмнө гэхэд л ТЭЦ4-ийн замд том оврын автобус урсгал сөрж шавар зуурагч машинтай мөргөлдсөн хэрэг гарчээ.

Энэ мэтчилэн автобусны жолоочид анхаарал болгоомжгүй, бас яарч сандран, уралдан, цагаасаа хоцорлоо гэх мэтчилэн давхиж, осол аваар гаргасаар л байх уу. Тиймээс жолооч нарын хариуцлагатай холбоотой асуудлыг эргэн харах хэрэгтэй болжээ. Тэдэнд зориулсан сургалт, хүмүүжлийн талаар арга хэмжээ зохион байгуулсан ч болох биз дээ.

Энэ жил гэхэд л нийслэлийн хэмжээнд 38 мянган тээврийн хэрэгсэл шинээр нэмэгдсэн байна. Үүний тоогоор мөн л жолоочид байгаа гэсэн үг. Тиймээс бид амь насаа гарт нь атгуулчихаад, хэзээ жолооч нар  дүрэм журмаараа явж, соёлтой үйлчилж, тав тухтай санаа амар явах бол гэж хүлээж суух гэж үү.

Харин ч бид нар хариуцлагаа ухамсарлахгүй байгаа жолооч нарт сануулж, анхааруулж, нэг ч гэсэн хэрэг гарахаас сэргийлэх ёстой. Тиймээс холбогдох газрууд нь шаардлагаа тавьж, хууль дүрмээрээ олон нийтдээ үйлчлэх, гэмгүй нэгнийг анхаарал болгоомжгүй үйлдлээсээ болж хохироохгүй байх хэрэгтэй байна. Өдөр болгон гарч байгаа осол, аваарийг гаргахгүй байх нэг тал нь өнөөдрийн хувьд автобусны жолооч нар болчихоод байна. Энэ дураараа давхиж, ёс суртахуунгүй харьцаж, 1-р замаар хоорондоо уралдан давхих автобусны жолоочдод холбогдох байгууллагууд нь хариуцлага тооцон, дүрэм журмаараа байлгахад анхаарлаа хандуулах цаг болчихжээ. Үүн шигээ үргэлжилсээр байвал ахиад хэдэн ч хэрэг өдрөөс өдөрт нэмэгдсээр байж, хэдэн хүн хохирохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.

Я.Соёлоо