Үзэгчдийг өөрийн тоглосон дүрээрээ татаж чаддаг авьяаслаг жүжигчин бол МУСТА О.Долгор. Тэрбээр "Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан.

Жүжигчин О.Долгорыг хараад л үзэгчид андахгүй сайн танина. Арван жилийн сургуулиа Эрдэнэт хотод төгссөн бөгөөд 2006 онд КУДС-ийг  жүжигчин мэргэжилээр төгссөн.  Их сургуулиа төгсөөд биеийн байдлаасаа болж мэргэжлээр ажиллаж чадахгүй нэг хэсэг явсан гэдэг. Гэсэн хэдий ч тэрбээр зориг гарган өвчинтэйгээ тэмцсээр эрүүл саруул болон урлагтай амьдралаа холбосон нэгэнтээ дурсаж байсан. Тэгвэл хүсэл тэмүүлэлтээ хөтлөгдөн жүжигчний мэргэжлээрээ ажиллаж олны хайр хүндлэлийг олж авсан авьяаслаг залуу жүжигчдийн тоонд багтаж чадсан түүнд ам сайтай байдаг. 

"Үл таних эмэгтэй" кинонд Зулцэцэг гэх эмэгтэйн дүрийг анх бүтээн урлагт хөл тавьсан нь өнөөгийн оргилын шатын өөд мацахад нь тулгуур болж өгсөн биз ээ. “Өдөр өдрийн наран”, "Хоёулаа унтах уу", "Улаан пальто", "Ану хатан" киноны Мандарваа хэмээх эрэмгий, зоригтой шадар бүсгүйн дүрд тоглосон. 

Нээлтээ хийгээд удаагүй байгаа "Танхай тээгч" кинонд жүжигчин Т.Бархүүгийн гэргий Нараагийн дүрийг бүтээсэн билээ. Уг кинонд Төмөрөө, Нараа хоёр хэнээс ч дутахгүй сайхан амьдралтай залуу гэр бүл. Гэвч Нараа хүүхэд тээж төрүүлэх боломжгүй учраас тэд өөрсдийн үрийг нэгэн эмэгтэйд шилжүүлэн суулгахаар болдог. Гэрээний дагуу тээгч эх төрөн төртлөө тэднийд хамт амьдрана. Гэвч тээгч эхийг хэн гэдгийг тэдний хэн нь ч сайн мэдсэнгүй. Хүүхэдтэй болохын тулд тэр хоёр нэлээдгүй амьдралыг туулдаг. Нэг л өдөр байраа заран тээгч эхийндээ очиж амьдрах болно. Энэ үед Нараа гурил элдэж хоол хийх болоход харин тэр гурилаа түлж тээгч эгчдээ загнуулах мөч... Бусдыг та киноноос үзэх боломжтой бөгөөд үзсэн нь энэ хэсэг дээр "өө гурилаа шатаачихлаа. Одооны хүүхдүүд юу ч хийж чадахгүй. хуруу хумсаа гоёж л чадна" хэсгийг санаж буй за.

Д.Ана