Монголын сайтын холбоо өнгөрсөн сард ээлжит II чуулганаа амжилттай зохион байгуулж, бүтэц бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулан үйл ажиллагаагаа шинэчилсэн юм. Ингэхдээ таван хороодоор дамжуулан үйл ажиллагаа явуулахаар болсон билээ.

Энэхүү хороо тус бүрийг Дэд ерөнхийлөгч нар удирдан ажиллахаар болсон. Монголын сайтын холбооны II чуулганаар Монголын сайтын холбооны Удирдах зөвлөлийг шинээр сонгож, УЗ-өөс холбооны удирдлагуудыг сонгосон юм. Холбооны Ерөнхийлөгчийг сэтгүүлч, эдийн засагч Хархүүгийн Мандахбаяр /zone.mn/, Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Б.Мөнхдөл /Bolod.mn/, Ерөнхий Нарийн бичгийн даргаар Ц.Мөнхбаатар /ugluu.mn/ нарыг сонгогдсон. 

Харин хууль, мэргэжлийн ёс зүйн хороо - Дэд ерөнхийлөгч Ж.Жаргалсайхан /ontslokh.mn/, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хороо - Дэд ерөнхийлөгч Э.Болортулга /mnb.mn/, Сургалт, гишүүнчлэлийн хороо - Дэд ерөнхийлөгч Х.Уянга /emegteichuud.mn/, Мэдээллийн технологи, аюулгүй байдлын хороо - Дэд ерөнхийлөгч Ариунгэрэл /shuurhai.mn/, Бизнес хөгжил, төслийн хороог Дэд ерөнхийлөгч Э.Батхүү /Dorgio.mn/ нар тус тус удирдан ажиллах ажээ.

Монголын сайтын холбоо нь Монголын вэб сайтууд /ААН болон бусад хуулийн этгээд, иргэн/ болон вэб сайт эрхлэгчдийг эгнээндээ нэгтгэж, гишүүдийнхээ бизнесийн боломж, хамтын ажиллагааг хөгжүүлэх, нийтлэг эрх ашгийг хамгаалах, хөгжлийг дэмжих, нийгмийн хөгжилд бодиттой хувь нэмэр оруулах, төрийн болон төрийн бус байгууллагуудтай нягт ажиллаж хууль эрх зүй, ёс зүйн стандартыг хангах, дэлхийн хөгжил, чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах түүчээ болох явдлыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.

Тус холбоо нь 140 гаруй сайтуудыг эгнээндээ нэгтгэн үйл ажиллаагаагаа явуулдаг бол өнөөдөр гишүүдийн тоо 31 сайтаар нэмэгдэж, гишүүн сайтуудынхаа тоог өргөтгөлөө.