Ноён уулыг аврах тэмцлийн цаана улс төрийн зорилго, хэн нэгний эрх ашиг байгаа юу
Тэд Сэлэнгэ аймгийн Мандал суманд орших Ноён уулын бүс дэх Гацууртын алтны ордыг стратегийн орд газар болгохыг эсэргүүцэж иргэний хөдөлгүүнүүд жагсаал зохион байгуулсан бөгөөд бөө нар ч жагсаж зан үйл хийгээд амжсан юм. Түүнчлэн  урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг эсэргүүцсэн, Ноён уулыг хамгаалалтад авахыг шаардсан иргэний хөдөлгөөнүүд Хэлмэгдэгсдийн хөшөөний  дэргэд өлсгөлөн зарлаад зургаа хонож байгаа билээ. Тэмцэл хийж өлсгөлөн зарлаж байгаа иргэний хөдөлгөөний төлөөллүүдийг иргэд дэмжиж гарын үсгээ зурж үлдээж байгаа юм. 

Тэдний зорилго Урт нэртэй хуулийн нэмэлт өөрчлөлтийг цуцалж, Ноён уулыг стратегийн ордоос гаргах гэсэн. “Урт нэртэй хууль бол ард түмний захиалгаар батлагдсан. Газар нутгаа бүрэн бүтнээр нь хойч үедээ үлдээх хүсэлтэй ард түмний захиалгыг төрийн толгойд суугаа хэдхэн хүн ашиг сонирхлоороо өөрчилж болохгүй. Хэрэв энэ хуульд нэмэлт өөрчлөлт орчихвол 300 лиценз сэргэхэд бэлэн байна” гэж “Босоо хөх Монгол” бүлгэм мэдэгдсэн.   

Гэсэн хэдий ч өчигдөр “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллага Хэлмэгдэгсдийн хөшөөг өмчилсөн, тэмцэлд нэгдэхээр очсон хүмүүсийг хөөж туусан гэх мэдээлэл гарав. Тодруулбал, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд Ноён уулаа хамгаалж эрх баригчдадын бодлогыг эсэргүүцэж байгаа "Босоо хөх Монгол" бүлгэмтэй хүч хавсрахаар очиход нь хөөж, туусан гэнэ. Түүгээр ч зогсохгүй МБОИЗ-ийн тэргүүний үзэж байгаагаар уг үйлдэл нь нэг хүсэл эрмэлзэлтэй хөдөлгөөнүүдийг хооронд нь хагаралдуулж байгаад өнөө сар шинийн үеэр "Урт нэртэй хууль"-ийг үгүй хийх гэсэн санаархал төдийгүй "Босоо хөх Монгол" бүлгэмийг хэн нэгний төлөө үйлчилж байна хэмээлээ. 

Хэдийгээр МБОИЗ-өөс “Босоо хөх Монгол” хэн нэгний төлөө үйлчилж байна гэж хардсан тус бүлгэмийнхэн эсрэг байр суурьтай байв. Тэдний зүгээс өлсгөлөн зарлаж зовж байгаа хүмүүсээр шоу хийж байна хэмээн мэдэгдээд амжсан. Үйл явдлыг тодруулахад, Монголын байгаль орчны иргэний зөвлөлийн гишүүд Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд хэвлэлийн хурал хийхээр зөвшөөрөл авч очсон аж. Гэтэл “Босоо хөх Монгол” бүлгэмийн эсэргүүцэлтэй тулгарч, ийнхүү хагаралдахад хүрсэн байна.  Дээрх байдлыг олон нийтийн зүгээс “Монголын газар шорооны төлөө л тэмцэж байгаа бол өөр хоорондоо хагаралдаж нэгнийгээ хэн нэгний гар хөл хэмээн дуудаж байх хэрэг байна уу. Шуудайнд хийсэн үхрийн эвэр шиг хэдэн тийш зүтгэж байх хооронд харь нутгийнхан, эх нутгаа худалдагсад ажлаа амжуулчих вий дээ” хэмээж байсан юм. 

Ийнхүү иргэний хөдөлгөөнийхөн хоорондоо хагаралдаж, хөлөө жийлцэж байгаа нь үнэхээр энэ “тэмцлийн” цаана өөр зорилго байна уу гэх хардлагыг нийгэмд үүсгээд байна.  Ямартай ч өлсгөлөн зарлаж байгаа найман иргэний биеийн байдлыг Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн нэгдлийн эмч нар байнга хянаж, тусламж үзүүлж байгаа аж. Харин эдгээр иргэд төр, засгаас нааштай шийдвэр хүлээн авахгүй бол өлсгөлөнгөө зогсоолгүй эцсээ үзнэ гэсэн бөгөөд хуурай өлсгөлөн зарлана хэмээн мэдэгдсэн байна. 

Түүнчлэн дээрх үйл ядлын талаар Байгаль орчны иргэний зөвлөлийн гүйцэтгэх захирал Б.Эрдэнээгийн хэлснээр  “Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс урт нэртэй хууль, Ноён уулын асуудал болон бусад байгаль орчны тулгамдсан асуудлуудаар хэвлэлийн бага хурал хийх гэсэн юм. Баяр ёслолыг тохиолдуулан далимдуулж хуулиа баталдаг луйвар хулгай хийдэг улс төрчдийн гар хурууны үзүүрийг тасалхад нэмэр болъё гэж бид ирсэн. Харамсалтай нь “Ноён уулаа аварья”, “Босоо Хөх Монгол” бүлгэмийнхэн энэ бол бидний газар, та нар энд байж болохгүй гэж хөөж байна. Уул нь бид  нэг зорилготой юм чинь дэмжье гэж ирсэн. Гэтэл энэ өлсөж байгаа хүмүүс худлаа юм байна. Яг үнэндээ Монголын газар шорооны төлөө, Монгол Улс орныхоо төлөө энэ хүмүүс өлсөж хэвтээгүй юм байна, дуу хоолой нэгтээ хүмүүсийг ирэхээр хөөдөг энэ хүмүүсийг дэмжээд хэрэггүй” гэснээр  Ноён уулыг аврах тэмцлийн цаана улс төрийн зорилго, хэн нэгний төлөө байна уу гэх асуулт хариултгүй үлдсэн юм. 

 
П.ТУУЛ 

 

Ноён уулыг аврах тэмцлийн цаана улс төрийн зорилго, хэн нэгний эрх ашиг байгаа юу
Ноён уулыг аврах тэмцлийн цаана улс төрийн зорилго, хэн нэгний эрх ашиг байгаа юу
Ноён уулыг аврах тэмцлийн цаана улс төрийн зорилго, хэн нэгний эрх ашиг байгаа юу