Анх урлагт "Шуранхай" хамтлагийн уртын дуучин Гантөгсийн Эрдэнэчимэг хэмээн хөл тавьж олны танил болсон. Анх 2008 оны хоёрдугаар сард тэд "Шуранхай" хэмээх бие даасан тоглолтоо хийж байсан бөгөөд дараа жил нь "Ивэлсэн сүү" нэртэй хоёр дахь бие даасан тайлан тоглолтоо хийж байсан билээ. "Шуранхай" хамтлаг байгуулагдсан цагаасаа хойш гурван цомог гаргаж хоёр тоглолт хийсэн түүхтэй. Тэрбээр МУГЖ С.Жавхлантай ханилан дууч хосууд өдгөө Үжингүнж, Өдрийнцолмон нэртэй хоёр хөөрхөн охинтой болсон оны өмнөхөн нуган үрээ өлгийдөн авсан. Оюутан байхдаа Филиппин улсад зохиогдсон “Олон улсын мисс, мистер” тэмцээнд оролцон уянгат сайхан уртын дуу, Монгол бүжгээрээ харь гүрнийхнийг алмайруулах “Авъяаслаг мисс”-ийн шагналыг эх орондоо авчирч байсан сайхан бүсгүйчүүдийн нэг.

Сүүлийн үед "Монголоороо" төвөө нээгээд тун завгүй яваа. Тэрбээр сар шинийн энэ өдрүүдэд дээл урлан суугаа зургаа цахим хуудаснаа байршуулж олноос магтаалын үгийг харамгүй сонсож байгаа бололтой. Түүнийг олон түмэн монголжингоо төрхтэй сайхан монгол эмэгтэй хэмээн магтдаг. Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэ гэж үг бий, хийж бүтээж байгаа нэгэндээ урмын үгээр мялаана гэдэг сайхан.

Д.Ана