Дэлхийн кино урлагийн шилдгүүдийг тодруулдаг “Оскар”-ын 87 дахь удаагийн наадам улаан хивсний ёслол боллоо. Оскарын наадам шагнал гардуулах ёслолын ажиллагаа АНУ-ын Калифорни мужийн Лос-Анжелес хотын “Долби” театрт улаан хивсний ёслолоор ийнхүү эхэлсэн бөгөөд удахгүй шилдгүүдээ тодруулах гэж байна.

Америкийн Кино академийн дээд шагнал болох 87 дахь удаагийн Оскарын шагналд нэр дэвшсэн шилдэг бүтээл, уран бүтээлчдийг энэ сарын 15-нд Беверли Хилсс дэх “Самуэл Голдвин” театрт зарласан.

Энэ удаагийн наадамд нийт 323 кино өрсөлдсөнөөс “Оскар”-ын шилдэг кино номинацид “Хүн шувуу”, “Америкийн мэргэн бууч”, “Хүүхэд нас”, “Хуурмаг тоглоом”, “Гранд будапешт зочид буудал”, “Сэлма”, “Бүхнийг нэгтгэх онол”, “Гоёо” зэрэг шилдэг найман кино өрсөлдөх юм.

Энэ удаагийн наадамд нийт 17 кино 24 номинацид нэр дэвшжээ. Үзэгч олныг хөгжөөдөг нэгэн гол хүн бол хөтлөгч. Өнөө жил Нейл Патрик Харрис ёслолын ажиллагааг анх удаагаа хөтлөн явуулахаар болсон тухай Кино урлаг, шинжлэх ухааны академиас албан ёсоор мэдэгдсэн.