ТҮМЭНБАЯРЫН РАГЧАА

/1917-2015/

            Монгол Ардын Нам, Монгол Улсын төрийн ахмад зүтгэлтэн Шар Мухлай овогт Түмэнбаярын Рагчаа 2015 оны хоёрдугаар сарын 21-ний өдөр таалал төгсч хүнд гарз тохиолоо.

            Түмэнбаярын Рагчаа 1917 оны нэгдүгээр сарын хорин хоёрны өдөр Увс аймгийн Хяргас сумын нутагт төрсөн.

            1925 онд Увс аймгийн Хяргас сумын /тэр үеийн Чандмань Уул аймгийн Баянмандал уулын хошуу/ бага сургууль, 1934 онд Нам ба Улсын төв сургууль, Москва хотод Центрсоюзын Хоршооны ажилтны дээд курс, 1958 онд МУИС-ийг төлөвлөгөө, эдийн засагчийн мэргэжлээр тус тус төгссөн.

            Тэрээр 1931 онд анх Увс аймгийн Хяргас сумын захиргаанд бие зарлага, тал бичээчээс ажлынхаа гарааг эхэлж, Увс, Хөвсгөл, Баян-Өлгий, Дорнод аймагт нягтлан бодогч, дамжлага баазын дарга, Хоршоодын төв холбооны орлогч дарга, Гадаад худалдааны яаманд хэлтсийн дарга, Улсын төлөвлөгөөний комиссын дарга, 1960-1987 онуудад БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч, нэгдүгээр орлогч даргын өндөр албан тушаалд ажилласан байна.

            Монгол Ардын Намд 1941 онд элссэн ахмад гишүүн Т.Рагчаа 1961-1988 онд МАХН-ын Төв Хорооны гишүүн, 1972-1987 онд МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны орлогч гишүүн, жинхэнэ гишүүн, 1961-1986 онд МАХН-ын 6 удаагийн Их хурлын төлөөлөгч, 1960-1988 онд БНМАУ-ын АИХ-ын депутатаар тус тус сонгогдон ажиллаж байсан, үнэнч шударга, ажлын арвин баялаг туршлагатай, нам, төрийн шилдэг удирдагчдын нэг байлаа.

            Т.Рагчаа нь Алтан гадас одонгоор 1, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Сүхбаатарын одонгоор тус бүр 3 удаа, гадаад, дотоодын 20 гаруй одон, медалиар шагнагдсан, Монгол Улсын гавьяат эдийн засагч юм.

            Монгол орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, эдийн засаг, нийгэм, соёлыг хөгжүүлэхийн төлөө Монгол Ардын Намын бодлогыг хэрэгжүүлэх үйл хэрэгт бүтээлч амьдралаа зориулсан нам, төрийн ахмад зүтгэлтэн Түмэнбаярын Рагчаагийн хөдөлмөрч, шударга, ноён нуруутай, эгэл даруу зан чанар бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.

            Талийгаачийн үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

 

МОНГОЛ АРДЫН НАМЫН УДИРДАХ ЗӨВЛӨЛ

МОНГОЛ АРДЫН НАМЫН ДЭРГЭДЭХ

АХМАДЫН ХОЛБОО

 

2015.02.23