Гадныхны татвараас зайлсхийсэн хэрэгт заавал монгол иргэн холбогддог уу?
2015/02/24
БНХАУ-ын иргэн Вэй Хун Ван, Хан Рун Пин нарын хөрөнгө оруулалттай "Хун Лиан" компани өмнөд хөршөөс мотоцикль болон дагалдах хэрэгсэл оруулж ирэхдээ их хэмжээний татвараас зайлсхийсэн хэрэгт холбогдон анхан болон давж заалдах шатны шүүхээс ял сонсоод байгаа.
Тэгвэл уг хэрэг эцэслэн шийдэгдээгүй байтал Вэй Хун Ванд холбогдох дахин нэг эрүүгийн хэргийг хууль хяналтын байгууллага илрүүлэн шалгаж эхэлжээ. Эх сурвалжийн хэлж буйгаар тэд татвараас зайлхийсэн бололтой.
Энэ мэт гадныхан татвараас зайлхийсэн хэргүүд манай улсад байнга бүртгэгдэх боллоо. Саяхан 35 орчим тэрбум төгрөгний татвараас зайлхийсэн “Саусгоби сэндс”-ийнхэн хүртэл шүүхээс ял аваад байгаа билээ.
АТГ-т гадаадын иргэн холбогдон шалгуулсан тохиолдол сүүлийн таван жилийн статистикаар 28 байгаа. Өөрөөр хэлбэл 28 гадаад иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн үг. Тэднээс ял шийтгүүлсэн иргэд ч байгаа. Мөн энэ мэт хэрэг нь мөрдөн байцаалтын шатанд яваа хэргүүд ч буй.
Гадаадын иргэдийн хувьд хахуулийн болон татвараас зайлсхийсэн хэрэгт л ихэнхдээ холбогддог гэдгийг АТГ-аас онцлоод авсан.
Доогуураа бид Вьетнамчууд, барилга дээр ажиллаж буй хятадуудыг шүүмжлээд тэднээс хараагаа салгахгүй байгаа мэт боловч дээгүүрх гадаадын иргэд нь татвараас зайлхийсэн, хахууль өгч авсан хэрэг үйлдсээр байна. Тиймээс холбогдох байгууллагууд энэ дээр байнга хяналт тавьж ажиллах хэрэгтэй байгаа юм. Цаашлаад гадаадын татвараас зайлсхийсэн, авлигын хэрэгт заавал нэг монгол иргэн холбогдож байгаа нь яахын аргагүй асуудал болоод байна.
Тухайлбал, Вэй Хун Ван нь “Хунлиан” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа Хан Рун Пин, А.Мэндбат нартай хамтран давтан үйлдлээр 2008-2011 онуудад БНХАУ-аас өөрийн компанийн нэр дээр 3645 мотоцикль, 3251 ширхэг сэлбэг, Монгол Улсын гурван иргэний нэрээр 8177 мотоцикль буюу нийт 11822 ширхэг мотоциклийг Монгол Улсад импортоор оруулж ирээд худалдан борлуулахдаа компанийнхаа ахуйн нэгжийн орлогын албан татварын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгахгүй 485 сая 743 851 төгрөгийн буюу онц их хэмжээний албан татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн гэмт хэрэгт холбогдсон.
Үүнд Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч холбогдоод байгаа. Учир нь татварын байцаагч Д.Нанжидсүрэнг “Хунлиан” ХХК-д төлөвлөгөөт шалгалт хийхэд нь онц их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэл байсаар байхад 1 сая 500 000 төгрөгийн хээл хахууль авч, 2010 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр №241723 дугаартай акт бичсэн. Мөн “Хунлиан” ХХК-ийн ашиг сонирхлын үүднээс татварын улсын байцаагч Д.Нанжидсүрэнд албан үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй 2011 оны 1, 2, 3 дугаар сарын тайланг гаргуулж, Ч.Ууганцэцэгээр зуучлуулан 450 000 төгрөгийн хээл хахууль өгсөн байдаг. Энэ хэрэгт татварын байцаагч нь 1.6 жилийн ял авч тэнсэлсэн гэдгийг эх сурвалж мэдээлсэн.
Тэгвэл татварын байцаагчид гадаадын иргэдтэй үгсэн хуйвалдаж хээл хахууль авч, татвар тайланд нь тусалдаг энэ байдалд онцгой анхаарч, гадны иргэдийг татвараа гүйцэд бүрдүүлэхэд анхаарах хэрэгтэй байгааг олон нийт онцолж байна.