Дөрөвхөн настай охин төрсөн эцэг болон хойд эхийнхээ гарт хэрцгийгээр амиа алдсан хэрэг олныг цочирдууллаа. Энэ хэргийн талаар талийгаач охины ээжийнх нь найз өөрийн фэйсбүүкт мэдээлснээр ил болсон юм.

Охин таван өдрийн турш сэхээнд байж байгаад энэ сарын 17-ны өдөр амиа алдсан байна. Тэгвэл уг хэргийн талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн ажилтан, цагдаагийн ахмад Ё.Лхагвасүрэнгээс тодрууллаа.

-Хэрэгт сэжиглэгдэж байгаа хүмүүсийг саатуулсан уу. Хэрэг хаана шалгагдаж байна вэ? 

-Уг хэрэгт хоёр хүнийг сэжиглэн ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулан шалгаж байна. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж эхэлсэн. 

-Эрүүгийн хэрэг үүсгэсэн үү? 

-Үүсгэсэн. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна. Охины нас барсан шалтгааныг тогтоолгохоор цогцсыг нь Шүүх шинжилгээний хүрээлэнд хүлээлгэн өгөөд байна. 

-Урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан уу? 

-Гарсан. Гэхдээ хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа. Мөн прокурор хянаж байгаа. Тиймээс үүнээс илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна.

Б.Анир