Ертөнц дээр хачин жигтэй үзэгдэл, сонин содон нэр томъёо байхыг алийг тэр гэх вэ. Канадад л гэхэд мэргэжлийн бөхчүүдээс бүрдсэн“Хүчит барилдааны нам” гээчийг1999 онд байгуулсан тухай хаа нэгтээгээс уншиж байснаа санав.

Тус намын дарга сонгох үйл явц бүр ч содон. Нас биед хүрсэн мэргэжлийн 11 бөх хоорондоо барилдаж, босоо үлдсэн нэг нь улс төрийн тус намын дарга болдог байх юм. Хэдий тийм ч тэд байгаль орчин, эдийн засгийн асуудлууд, НАТО-д эзлэх Канадын байр суурь гэхчилэн ул суурьтай хийгээд санаанд оромгүй үзэл баримтлалыг дэвшүүлдэг нь дэлхий нийтийн анхаарлыг татдаг байх юм. Үүнээс гадна бидний оршин тогтнож байгаа“цэнхэр бөмбөг” тойроод хошин нэртэй нам цөөнгүй байдаг байж. Тэгвэл Дээд шүүхэд бүртгүүлж тамга, тэмдэг аваагүй ч манай улсад ийм төрлийн нам үүсээд цөөнгүй жилийг ардаа орхижээ. Тэр нь“Хурдан морь, зугаа цэнгэлийн нам” билээ. Тус нам Сангийн сайд асан Ч.Улаанаас эхлээд“Ажнай” Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Г.Батхүү, гишүүн асан Ц.Цэнгэл гэх мэт удирдах зөвлөлийн гишүүнтэй. Мөн УИХ-д суудалгүй ч гишүүн олон бий. Гэхдээ арай ч дарга сонгох үйл явцаа“Дүнжингарав” уралдаанаар шийддэггүй. Харин жил бүрийн тэргүүн сард уламжлал болгон явуулдаг тус уралдааныг“Намын гишүүдийн их чуулган” гэж нэрлэж болох юм. Канад бөхчүүдийн нам байгаль экологид ихээхэн анхаарал тавьдаг бол манай улсын“Хурдан морь, зугаа цэнгэлийн нам” ч мөн ялгаагүй. Тэд харин малын бэлчээрийг хамгаалахаар морьдоо зуу зуугаар нь барьж, хоолыг нь сойдгоороо бусдаас ялгаатай. Орчин үеийн нэршлээр бол “Адууны зөв хооллолтын клуб”, “Морьдын фитнесс” ажиллуулж, бэлчээр хамгаалдаг гэх үү дээ. Тэдний хийдэг бас нэг гол ажил нь шинэ зууны боловсролын салбарт ихээхэн анхаарч, анги дүүргэлтэд ихэвчлэн санаа тавьдаг. Хэрэв хурдан морины хүүхэд хичээлээ таслахгүй, ангийнхнаасаа хоцрохгүй байвал Ерөнхий боловсролын сургууль барих мөнгөгүй манай улсад том“дарамт” болно гэдгийг тэд аль эртнээс гадарладаг байсан. Гэтэл тус намын гол бодлогыг ойлгоогүй байж, хүүхдийн төлөө гэсэн нэртэй хийх“юм”-гүй байгууллагууд “Хурдан морины хүүхэд хичээлээсээ хоцорч, тасалдаг учир сурлагаараа бусад хүүхдүүдээс илүү хоцрогдолд ордог нь тогтоогдсон” гэсэн мэдээлэл цацаж л байдаг... Үүнээс гадна тус нам бага насны хүүхдүүдийн ясны бүтэц, болоод бусад бие мах бодийн бат бөх эсэхийг хялбархан шалгаж чаддагаараа цэнхэр гариг дээр орших бүх намаас“давуу” талтай. Тийм ч учраас тус намынхан хурдан морины хүүхдээ“Унаач” гэж нэрлэдэг. Унаач гэдэг нь маш хурдтай давхиж явахад нь мориноосоо унаад амьд үлдэх гэсэн ойлголт бололтой юм. Үнэхээр ч сүүлийн жилүүдэд болсон уралдаанд мориноосоо унаач хүүхдийн тоо эрс олширсон статистик бий. “Монголын хүүхдийн язгуур эрхийг хамгаалах холбоо”-ноос өнгөрсөн жил гаргасан судалгааг авч үзвэл сүүлийн гурван жилд 700 гаруй хүүхэд хурдны замд чөлөөт уналт хийжээ. Мөн тэдний “Унаач” гэдэг нэрэнд тохироогүй, тус намын бодлогын шалгуурыг даагаагүй20 гаруй хүүхэд харамсалтайгаар амиа алджээ. Тус төрийн бус байгууллагын зүгээс эрүүл мэндийн яамнаас гаргасан судалгааг авч ашигласан тул эргэлзэх зүйлгүй гэнэ. Тэгвэл тун саяхан л гэхэд телевиз, олон нийтийн цахим сүлжээгээр “Дүнжингарав” уралдааны үеэр5-6 морь нэгнийгээ дайрч унагаад нэг хүүхэд босч ирээгүй аймшигт бичлэг нийтийн дунд түгэв. Энэ бичлэгийг үзсэн олон хүний айдас төржээ. Яг хэзээний бичлэг болох нь үнэхээр ойлгомжгүй. Саяхан болсон“Дүнжингарав”уралдааныг зохион байгуулагчдын зүгээс хуучин дүрс ашиглаж, мэдээлэл цацлаа гэсэн бухимдалтай. Харин олон нийт өнгөрсөн амралтын өдөр уралдаан мөн гэдэгт бат итгэжээ. Мөн Сүхбаатар аймагт саяхан болсон уралдааны дээд гурван насанд27 хүүхэд“Унаач” гэсэн нэрээ хамгаалж, тал хувь нь бэртжээ. Тэгвэл цагдаагийн байгууллагын өгсөн мэдээгээр, ГССЗТ-д яг одоогийн байдлаар 11 унаач хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бол “Дүнжингарав” гэх их хурлын шийдвэрээр долоон хүүхэд мориноосоо унажээ. Харин ММСУХ-ноос“11 хүүхэд мориноос ойчсон албан ёсны мэдээлэл гарснаас нэг нь зөөлөн эдийн гэмтэлтэй, 10 хүүхэд ямар нэг гэмтэл, бэртэл аваагүй” гэсэн мэдэгдэл гаргасны сацуу буруу мэдээлэл тараасан хувь хүн, албан байгууллагатай шүүхийн өмнө уулзах тухай агуулга ч бас илгээв. Намын дотоод ажилд нь хөндлөнгөөс хошуу дүрэхээр арга ч үгүй байх л даа. Тиймээс яг энэ үеэр ард түмэн“Хурдан морь, зугаа цэнгэлийн нам”-ын өвөл зохион байгуулдаг“Дүнжингарав” болоод бусад“чуулган”-ыг эсэргүүцэж, өөр өөрийн хэмжээнд шаардлага тавих болов. Тэдний шаардлага уг нь маш энгийн аж. Товчхондоо морин уралдааныг шинэ шатанд гаргах тухай л яриа, хөөрөө юм. Тэдэн дунд өвлийн уралдааныг зогсоох нь зүйтэй гэсэн цөөнхийн бүлэгч бас бийг дурдах нь зүйтэй. Харин“Хурдан морь, зугаа цэнгэлийн нам”-ынхан буюу Монголын морин спорт уяачдын холбооноос тэдний шаардлагын хариуд “Өвөл зохион байгуулдаг уралдаан гэж хаа ч байхгүй. Харвын тэргүүн сар гараад гурав хонож байна” гэсэн тайлбар өгөв. Нээрээ ч тэдний буруу биш. Наадмын маргааш намар, Битүүний маргааш хавар шүү дээ. Харин энэ мэт аар саархан мэт боловч агуулгаараа асар том тус тэмцэлд Хүүхдийн төлөө үндэсний төв болоод хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын байр суурь тодорхой бус. Тэд хэдхэн жилийн өмнөөс хамгаалах хувцас, даатгал зэргийг ярьж, үүнийгээ ажил хэрэг болгосон тухай сайрхаж байв. Үнэндээ нэг хэсэг шаардлага хүртэл хүргүүлж явсан л даа. Гэвч хийсэн ажлынх нь араас“Унаач” хүүхдүүд хатуу шалгуур даахгүй хорвоог орхих нь цөөрөхгүй гунигт мэдээ хөвөрсөөр л байна.

 

Засгийн газрын шийдвэр ба зөөлөн эд

 

“Хурдан морь, зугаа цэнгэлийн нам”-аас Засгийн газрын тогтоолын дагуу зохион байгуулдаг“Дүнжингарав” чуулганд нэг хүүхэд зөөлөн эдийн гэмтэл авсан тухай зохион байгуулагчдын мэдээллийг дээр дурдсан. Үнэндээ Засгийн газрын шийдвэр юм хойно зөөлөн эд ч яамай. Тэртэй тэргүй хурдан морины хүүхэд өөрөө“Унаач” юм хойно тэр зэргийн зүйл байх. Ийм ойлголтыг ч үнэндээ тус намын удирдах зөвлөлөөс биш төв хорооноос ард түмэнд хүчээр төрүүлэхийг хүсдэг. Гэвч тухайн хүүхдийн зөөлөн эдийн гэмтэлд Засгийн газраас гадна ММСУХ-ны Зохион байгуулах комисс, Хүүхдийн төлөө газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төв, Төв аймгийн ЗДТГ, Аргалант сумын нутгийн удирдлагын байгууллагууд зохион байгуулалтад оролцсонооро буруутай. Энэ ч яах вэ, хийсэн ажлын үр дүнг буруу ойлгосон мулгуу иргэдийн туйлшрал хэмээн ойлгож болох. Харин өмнөх гурван жилийн хугацаанд бэртсэн800 орчим хүүхэд болоод20 гаруй балчир хүүхэд Засгийн газрын шийдвэрээр хорвоог орхисон гэдэгт итгэхэд үнэхээр бэрх. Үнэндээ ийм зүйл байх ч боломжгүй. Тэгвэл үүний нөгөө талд Засгийн газар тогтоол гаргаагүй, “Хурдан морь, зугаа цэнгэл”-ийн намаас зөвшөөрөл аваагүй уралдааныг яах вэ. Тус уралдаанаас бэртсэн, гэмтсэн хүүхдүүд хуулийн дагуу яг ямар“ялалт” өөрийн талдаа авсан бэ гэдэгт ичмээр тоо гарах нь дамжиггүй. Тиймээс“Хурдан морь, зугаа цэнгэлийн нам”-ын одоо хэрэгжүүлж буй хөтөлбөрийг богино настай байгаасаа гэж найдъя.

 

“Намын их хурал”-ын ашиг

 

Төв аймгийн Аргалант сумын нутаг дэвсгэр Цагаан хөтөлд зохион байгуулсан Дүнжингарав “чуулган”-д албан мэдээгээр 21 аймаг, нийслэлийн 200 гаруй сум, есөн дүүргийн400 орчим уяач 600 гаруй хурдан хүлэг морьдоо уяж оролцжээ. Мөн 8000 тээврийн хэрэгсэл, 45 000 гаруй үзэгч сонирхож, давхардсан тоогоор600 орчим хүүхэд хурдан морь унаж уралдсан байна. Албан бус эх сурвалжийн мэдээгээр, тус уралдаанд нэг мориноос 100 мянган төгрөгийн хураамж авдаг байна. Зөвхөн бүртгэлийн ашиг нь ойролцоогоор60 сая төгрөг болж байна. Үүнээс гадна морь дагаж давхидаг данагар жийп тус бүр 1.5 сая төгрөг төлж“давуу эрхийн хувьцаа” авдаг ажээ. Нэг насыг багаар бодоход 50 машин дагадаг. Үүнд мэдээж, хүн эмнэлэг, мал эмнэлэг, “чуулган”-ыг зохион байгуулах комисс, “нам”-ын удирдлагууд, сэтгүүлчдийн автомашин багтана. Бүр ихээр бодоход тэд “төмөр” цувааны тал хувийг эзэлнэ гэж тооцьё. Тэгвэл үлдсэн 25-ыг гурван насны морьдын цуваанд шилжүүлэхээр тоо бодож сууснаас тоосго өрөх нь хялбар гэж үздэг болсон бидний үеийнхний толгой лав эргэж гүйцнэ.

 

Д.Ганбаатар