СӨХ-ны дээд зөвлөл гэгч дийлддэггүй байгууллагыг  “дарж авах” үүрэг Т.Аюурсайханд оногдлоо
Оршин суугчид СӨХ-нд сар бүр мөнгө төлдөг ч  орцны цэвэрлэгээ муу, жижүүр нь тогтохгүй гэх зэрэг гомдол байнга л гардаг. Түүнчлэн энэ байгууллагыг хариуцдаг ШӨХТГ-ын нэг байцаагчид жилд дунджаар СӨХ-той холбоотой 10-15 санал, гомдол ирдэг байна. Тухайлбал, дээрх гомдлуудын ихэнх нь байр, орон сууцны халаалт муу, илүү мөнгө авдаг, хураасан мөнгөө юунд зарцуулдаг нь тодорхойгүй зэрэг гомдол байдаг аж. Манай улсад 600 гаруй СӨХ үйл ажиллагаа явуулдаг. Тэдний толгой байгууллага нь Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл юм.  Дээрх байгууллага  үйл ажиллагаагаа эхлүүлсэн цагаас хойш хууль бусаар авчээ гэсэн мэдээллийг өмнө нь ШӨХТГ-ын дарга асан О.Магнай олон нийтэд дэлгэж байсан. 

Тэрбээр “СӨХ хэдхэн хүнийг тэжээдэг саалийн үнээ байж болохгүй. Энэ асуудлыг өнөөдрийг хүртэл хэн ч хөндөхгүй яваад байсныг би ойлгохгүй байна. Монгол Улсад хуулийн хүрээнд бүх асуудал шийдэгдэх ёстой. Төрийн бус байгууллага ч иргэдээс татвар авах ёсгүй. СӨХ-ны дээд зөвлөлийн хариуцаж буй СӨХ-дын үйл ажиллагаа дампуурчихсан байна. 15 жилийн дотор ийм л бантан хутгаад хаячихаж. Одоо үүнийг цэгцлэх цаг болсон. Манай байгууллагын зүгээс ирэх оны нэгдүгээр улиралд багтаагаад СӨХ-той хамааралтай гомдол, санал шүүмжлэлийг шийднэ гэсэн зорилготой байна” хэмээсэн байдаг. 

Ийнхүү ШӨХТГ-ын дарга асан  О.Магнай тус газрыг 2013 онд  шүүхэд өгч байв. Тухайн үед  О.Магнай “Сууц өмчлөгчдийн холбоо гэдэг байгуулага байсаар атал дээд зөвлөл гэж бас нэг байгууллага байх ёсгүй. Энэхүү байгууллагын үйл ажиллагаатай сайтар танилцахгүйгээр УИХ-ын гишүүн ДЛ.Арвиныг энэ байгууллагыг удирдах болсонд харамсаж байна. Ямартай ч ШӨХТГ энэхүү хууль бус үйл ажиллагаатай дээд зөвлөл гэх байгуулагыг татан буулгахаар шүүхэд өгөөд байгаа. Шүүхийн үнэн зөв шийдвэр гаргана гэдэгт найдаж байна” хэмээн мэдэгдэж байсан. УИХ-ын гишүүн Д.Арвин хувьд  2013 онд СӨХ-ны  дээд зөвлөлийн даргаар томилогдсон юм. 

Улмаар шүүхэд дуудагдсан СӨХ-ны дээд зөвлөл гэх байгууллагаас ШӨХТГ-тай эвлэрлийн гэрээ байгуулснаар асуудал намжсан. Өөрөөр хэлбэл “Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл” ТББ цаашид “СӨХ-нуудаас татвар авдаг явдлыг зогсооно” хэмээн мэдэгдэж, 2013 оны долоодугаар сарын 3-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж,  нэхэмжлэлээсээ бүрэн татгалзсаны дагуу зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Чингэлтэй дүүргийн шүүхийн 2013 оны долоодугаар сарын 4-ний өдрийн 978 дугаар тогтоол гаргаж байсан юм. 

Гэвч өнгөрөгч хугацаанд СӨХ-ны дээд зөвлөл татвар авсаар байсан тул ШӨХТГ-аас эвлэрлийг гэрээгээ зөрчсөн хэмээн үзэж 2014 оны 12 дугаар сарын 11-нд дахин шүүхэд өгсөн байна. Ингэснээр СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгах асуудал дахин яригдаж эхэлсэн  юм.  Эвлэрлийн гэрээгээр "Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл" ТББ нь хууль тогтоомжид зааснаас бусад үндэслэлээр СӨХ-дын үйл ажиллагаанд хяналт тавихгүй байх, торгууль ногдуулахгүй, хураамж төлбөр авахгүй байх үүрэг хүлээжээ. Гэвч "Монголын сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл"  ТББ-ын гишүүн сууц өмчлөгчдийн холбооны сууц өмчлөгч өрх тус бүрээс сард 50 мянган төгрөг, жилд 600 төгрөг гишүүнчлэлийн татвараас авч, эвлэрлийн гэрээг зөрчсөн болох нь тогтоогдсон байна. Ийн дахин шүүхэд хандсан ч ШӨХТГ-ын дарга О.Магнай ажлаа өгснөөр энэ асуудал хэсэг намжсан юм. 

Тэгвэл ШӨХТГ-ын даргаар томилогдоод удаагүй байгаа Т.Аюурсайхан дээрх асуудлыг хөндөж СӨХ-ны дээд зөвлөлийг татан буулгаж, хууль бусаар авсан 568.8 сая төгрөгийг гаргуулах талаар ажиллаж эхэлсэн байна. Гэтэл УИХ-ын гишүүн Д.Арвин ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайхан руу залгаж “Чи яагаад байгаа юм. Чиний ард хэн байгааг мэдэж байна.  Чамайг шүүхэд өгч нэр төрөө сэргээлгэнэ. Цаашид юу болохыг хараарай. Чи байх уу, би байх уу гэдгээ үзнэ ээ” гэхчлэн дарамталсан гэнэ. Дээрх  568.5 сая төгрөгийн учрыг тодруулахад,  УИХ-ын гишүүн Д.Арвин, Нийслэлийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Баттулга нар нь Сууц өмчлөгчдийн дээд зөвлөл нэртэй ТББ-ыг байгуулж оршин суугчдаас мөнгө татдагаас үүдэлтэй аж. Уг нь хуульд ямар ч ТББ үнэ, ханш тогтоох ёсгүй гэж заасан байдаг.  Ийнхүү СӨХ-ны дээд зөвлөл гэгч дийлддэггүй байгууллагыг  “дарж авах” үүрэг Т.Аюурсайханд оногдоод байна. Тэгэхээр эрхэм гишүүн Д.Арвин дийлж мөнгөтэйгөө үлдэх үү, ШӨХТГ-ын дарга Т.Аюурсайханы зөв болж дээрх мөнгийг хураах уу гэдгийг харах л үлдлээ. 
  

 

 П.ТУУЛ