Н.Энхбаяр МАН-ын хуучин удирдлагуудад гомдов уу
МАХН-ын дарга Н.Энхбаяр саяхан өмнөхөн эх орондоо ирээд буцсан. Тэгвэл сар шинийн үеэр түүнтэй С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж нараас бусад МАН-ын бүх удирдлага очиж золгосон гэнэ. Харин С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж нарыг ирж уулзаагүйд нь ихэд эгдүүцэж байгаа сурагтай. Учир нь тэд бүгд Н.Энхбаярын ачаар албан тушаалд очиж өдий хэмжээнд хүрсэн аж. Тиймдээ ч хүн чанар, Монголын ёсыг бодоод цагаан сарын баяраар ирж золгоогүй талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байна. 

Тодруулбал тэрбээр “Эд бүгд Н.Энхбаяр даргаас албан тушаал авч өнөөдрийг хүртэл ажил албатай, мөнгөтэй, хөрөнгөтэй болоо биз дээ. Заавал улс төр ярихгүйгээр “Бие чинь сайн байна уу” гээд цагаан сараар хадаг барин ирж золгочих ёс зүй энэ хүмүүст алга. Зарим хүмүүсийг ирээсэй гэж би бодож байсан. Ц.Нямдорж тэргүүтэй хүмүүс бол улс төрд хатаагдсан хүмүүс. Ёс зүйгээ бодож ирээд уулзчих ёстой байсан л даа. Н.Энхбаяр дарга ч ирж уулзаасай гэж хүсч байсан. Н.Энхбаяр дарга битүүний өдөр онгоцноос буугаад шууд Бөхийн өргөөнд ирж үзэгчдийн суудалд суухад нэг хүн явуулаад Н.Энхбаяр даргыг дуудаад ардаа суулгачих байсан юм. Хоорондоо хөөрөг зөрүүлээд суусан бол хүмүүсийн дотор нэг сайхан онгойх байсан биз. Манай Элбэгээ түүн дээр алдсан” гэв. 

Үүнээс харахад С.Баяр, Сү.Батболд, Ц.Нямдорж нарын хүмүүсийг ирж золгоогүйд Н.Энхбаяр гомдсон бололтой. 

 
П.ТУУЛ