Нурууны төрөлхийн өвчтэй 8 настай О.Ундрал охины хагалгааны мөнгийг цуглуулах “Гэрэлт зүрх” хандивын тоглолтын үзэгчид Тусгаар тогтнолын ордны их танхимыг дүүргэж, нулимстай, уяралтайгаар нэгэн оройг үджээ. “Шүүдэр” продакшны зохион байгуулсан уг тоглолт морин хуурын татлагаар эхэлж, НҮБ-ын хүүхдийн элч, МУГЖ Т.Ариунаагийн “Нарны хаан хүүхэд”-ээр нүргэлсээр АЖ Ш.ЧИмэдцэеэ, “Увертура” хамтлагийн “Тэнгэр ээж минь өршөө”, МУГЖ Г.Эрдэнэбатын “Орчлонгийн сайхан хүүхнүүд”, МУСТА Д.Бурмаа, МУСТА Л.Банзрагч нарын “ Миний ардын сэтгэл цагаан”, Х.Мөнгөнцэцэгийн “Бүүвэй аялгуун”-д уярч СГЗ Ц.Хулангийн “Ганцхан ээждээ унших шүлэг”-ээр өрнөж Глинкийн наадмын гран при шагналт МУГЖ С.Мөнгөнцэцэгийн “Хүний заяа”, МУГЖ Э.Бүрнээбаяр, МУГЖ Д.Энхзулын “Хүний сайхан сэтгэл”, “Амьдралаа би чамд хайртай”-гаар уярааж, МУГЖ Д.Жагдагийн уншсан “Хүмүүссээ бие биедээ урам хайрла”-аар өндөрлөсөн урлагийн оддын нэгдсэн тоглолтоор бяцхан О.Ундрал охины эмчилгээний зардлыг цуглуулж, охин ням гаригт ээжтэйгээ Сөүлийг зорин нисжээ.

 

Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн санаачилсан “Гэрэлт зүрх” сайн үйлсийн аян хоёр сар үргэлжилж 3 охинтой, өрх толгойлсон ээжид бяцхан охиных нь нэг удаагийн хагалгааны зардлыг бүрэн цуглуулж чадсан байна. Төрөлхийн цээж нь цөмөрхий, нурууны муруйлттай 8 настай О.Ундрал охины ээж нь төрөхийн хүндрэлээр хорвоог орхиход одоогийн ээж М.Алдармаа ой есөн сартай эгчийнх нь хамт өргөж авчээ. О.Ундралд 5 настайд нь цээжний цөмөрхийг татах мэс заслыг 6.5 саяар “Гурван гал” эмнэлэгт, 7-тойд нь төмрийг авах хагалгааг Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд, 7 настайд нь нурууг нь тэгшилж суулгах хагалгааг Солонгост 65 сая төгрөгөөр хийхэд төлбөрийг ээж нь гаргаж байсан аж. Охин өдрөөс өдөрт өсч байгаа тул нурууны тулгуур төмрийг сунгах хагалгааг 23 сая төгрөгөөр жилд 2 удаа Солонгосын Канхи Дүгийн АУИС-ийн эмнэлэгт хийх ёстой юм байна. Охины өсөлтөөс хамааран төмөр сунгах цуврал хагалгааг 8-9 удаа хийх аж.

Хандивын цэнгүүнд “Увертура” хамтлаг ая дуугаа өргөснөөс гадна Мартын 8-ны үеэр хийсэн тоглолтынхоо орлогоос нэг сая төгрөгийг О.Ундрал охины ээжид гардуулж, хүүхдийн элч МУГЖ Т.Ариунаа хөл нь өвчтэй ч ирж ая дуугаа өргөн урлаг соёлын одод үлгэр жишээ үзүүлэв.

“Гэрэлт зүрх” аянд Сэр-Одын нэрэмжит шагналт Б.Төгсжаргал тэргүүтэй “Шинэ мянган” нэгдлийн Б.Чулуунцэцэг, Н.Минжинсайхан, Э.Гантулга, С.Нэргүй нарын яруу найрагчид, Ардын уран зохиолч Ш.Дулмаа, СГЗ С.Оюун, Ц.Хулан, болон М.Уянсүх, Р.Эмүжин, Америкт байгаа орчуулагч, зохиолч Ж.Овунцэцэг, Х.Тэргэл, Бямбын Сарантуяа нарын уран зохиолын ертөнцийнхөн Б.Шүүдэрцэцэгийн санаачилгаар нэгдэж, аялгуу сайхан шүлэг, бичсэн номоороо хандив өргөснөөрөө бусад аянаас онцлог болсон юм. Тэд зөвхөн О.Ундрал охинд зориулсан шүлэг бичиж, “Гэрэлт зүрх” пэйжид тавих бүрдээ хандивын данс, тусгай дугаарыг зарлаж байсан юм. Түүнчлэн МУЭХ-ны шагналт зураач С.Төгс-Оюун, зураач П.Байгаль нар уран зургаа хандивласныг нь хандивын үдэшлэг дээр дуудлагаар худалдан охины эмчилгээнд хувь нэмэр оруулсан байна. Мөн “Ритус” ХХК, “Монголика” зоогийн газар, “Монгол шар хайраг”, “Монгол wool”, “Бутангууд” ХХК-иуд болон сэтгүүлч “Б.Алтанцэцэг бяцхан охинд сэтгэлийн хандиваа өргөсөн юм. “Гэрэлт зүрх” хандивын тоглолтонд МАН-ы зүгээс дэмжлэг үзүүлж, тайзны түрээснээс зуун хувь чөлөөлж, урлаг соёлыг ивээгч Bentton Mongolia брэнд дэмжигчээр оролцжээ. Нурууны хүнд өвчнөө ялж, загвар зохион бүтээгч болохыг хүсдэг бяцхан хөөрхөн Ундралдаа тусалцгаая! Хандивын данс: Валютын: Худалдаа хөгжлийн банк 452 583 421 М. Алдармаа Төгрөгийн :"Голомт" 2015 101282 О.Ундрал , Хаан 5134022211 М.Алдармаа, "ХАС" 5001302368 О.Ундрал, мессеж илгээх тусгай дугаар:151689.