БНСУ-ын иргэн И К С гэгч нь Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийг дагаж мөрдөөгүйн улмаас цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ажээ. Тодруулбал тэрбээр сөжүг их хэмжээгээр татваргүйгээр манай улсад оруулж ирдэг гэх бөгөөд үүнийгээ хямд үнээр нууцаар манай улсад борлуулдаг байна. Иргэдээс ирүүлсэн энэ мэдээллийн дагуу цагдаагийн байгууллага шалгалт хийж байгаа бөгөөд Солонгос улсын иргэн И К С-ы агуулахаас 8 000 шил сөжүг хураагаад байгаа гэнэ. 
Уг хэргийг шалгах явцад тэрбээр өөрийн хүнсний дэлгүүрт худалдаалж байснаа хүлээн зөвшөөрсөн байна. Хэргийг шалгаж байгаа болохоор одоогоор дэлгэрэнгүй мэдээлэлийг эх сурвалж өгөх боломжгүй гэдгийг хэлж байлаа.
 

Архи бол онцгой албан татвартай бараа. Манай улсад Солонгос архи буюу сөжү нэг шил 15 000 – 20 000 төгрөгийн үнэтэй худалдаалагддаг. Харин  Солонгос улсын иргэн  И К С-ы дэлгүүр 5000 төгрөгөөр нууцаар худалдаалагддаг байна.  Тэрбээр  каргогоор  архиа нууцаар оруулж ирдэг бөгөөд ингэхдээ архины татвараас “бултдаг” давтан үйлдэлтэй  гэдгийг эх сурвалж хэлж байсан юм. Энэ удаад цагдаад баригдаад шалгагдаж байгаа нь л энэ гэнэ. 

Үүнээс гадна Солонгос улсын иргэн  И К С гэгч нь ажилчидтайгаа хөдөлмөрийн гэрээ хийдэггүй, өттэй будаа худалдаалдаг зэрэг мэдээлэл байгаа бөгөөд  энэ бүхнийг  өнөөдөр  цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.  

А.Баярмаа