Манай улсын нэн түрүүнд шийдвэрлэвэл зохих тулгамдсан асуудлын нэг болсон эмнэлгийн хүрэлцээний асуудал хэмээн жил бүр ярьсаар ирсэн. Гэтэл энэ гачигдлыг мэдсээр атал эмнэлгийг эрүүлжүүлэх болгосны цаад учир нь даан ч ойлгомжгүй юм. Ялангуяа хүүхдийн гэх тодотголтой нэг ч эмнэлэггүй манайх шиг улсад тасарсан зугаацагсдын тав тухыг хангах байр дутлаа гэж үү.

 

Согтуугаар эмнэлэгт хүргүүлэгсдийн хоногийн тоо өөр өөр аж. Баяр ёслолын үед согтуучуудын тоо эрс өсдөг бол жирийн үед өдөрт дунджаар 10-аад хүн ирдэг байна. Онцлог нь тэд хордлогод ороогүй, зүгээр л ухаанаа алдтал архи, согтууруулах ундаа хэрэглэж зугаацсан хүмүүс. Тэд өмдөндөө бие засах, өнхөрч унаснаас нүүр, гараа халцлах, цаашлаад агсам тавих зэргээр ааш аяг нь дийлдэшгүй, төвөгтэй байдаг гэнэ. Тэр бүү хэл, өөрт нь санаа тавьсан эмч нарт агсамнаж, биед нь гар хүрч, гэмтэл учруулсан хүртэл тохиолдол мэр сэр дуулдсаар байгаа.

 

 

Уг нь салбарын сайд нь согтуу иргэдэд зориулсан тусгай өрөө бий болгох тушаал гаргажээ. Ийм өрөөг яг хаана гаргуулах гээд байгааг хэн ч ойлгохгүй байгаа юм. Өвчтэй хүмүүс нь эмнэлэгтээ багталцахгүй, аргаа барахдаа хонгилын шалан дээр хэвтэж, эмчийн царай харж өнөө маргаашаа аргацаалж байхад, ухаангүй “шоучдад” хүндэтгэлтэй хандахыг сайд нар хүсжээ. Ямар их эмгэнэл гэгч энэ вэ. Ямартай ч “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай” хуульд өөрчлөлт оруулснаар 2014 оны аравдугаар сараас эхлэн Эрүүл мэндийн салбарт уг хуулийг хариуцан хэрэгжүүлэх чиг үүргийг өгснөөр эрүүлжүүлэх байрууд эмнэлгийн харьяанд шилжсэн.

 

Улмаар тус салбар согтуу хөлчүү хүмүүсийг эмнэлгийн байрандаа хүлээн авдаг болсноор иргэдээс ихээхэн шүүмж хүлээгээд зогсохгүй эмнэлгийн ажилтнуудад хүндрэл учраад эхэлсэн юм. Энэ хугацаанд согтуу иргэд эмнэлгийн тусламж үзүүлэхээр очсон эмч нарт биеэ үзүүлэхгүй агсам тавих, зодох, цохих зэрэг зүй бус авир гаргаж, эмч, эмнэлгийн ажилчдын биед гэмтэл учруулсан тохиолдол үргэлж гардаг байна. Мөн архины хордлого тайлах эмчилгээ хийлгэхээр эмнэлэгт ирсэн согтуу иргэдийг эмчлэх явцад эмнэлгийн багаж төхөөрөмж, эд хогшлыг эвдэх, танхайрах, тухайн орчноо нус, шүлс, бөөлжис гээд биеийн өтгөн шингэнээр бохирдуулах, эмч, эмнэлгийн ажилчдыг доромжлох, заналхийлэх бусад хэвтэн эмчлүүлэгчдийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг байна.

 

 

Иймээс эмнэлэг эрүүлжүүлэх хоёрыг нэгтгэснээр согтуу иргэдийг эрүүлжүүлэх үйлчилгээ сайжрахгүй болохыг өнгөрсөн хугацаанд бүхий л дүүргийн эмнэлгүүд бодитоор нь харуулсан. Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулиа эргэн харах цаг болсныг дээр дооргүй хэлэх болсон. Тэгвэл Эл хуульд өөрчлөлт оруулж шинэчлэхээр Эрүүл мэндийн яамнаас ажлын хэсэг гарч хуулийн төсөл боловсруулаад эхэлсэн байна. Уг хуулийн төслийг хууль зүйн яам ч дэмжиж байгаа юм байна. Хэрэв УИХ-ын хаврын чуулганы хугацаанд уг хуулийн төсөл боловсруулагдаад дуусах юм бол ирэх хаврын чуулганаар өргөн баригдах гэнэ. Өвчин гэдэг хэлж бус хийсэж ирдэг. Харин мансуурал бол сайн дурын зугаа гэдгийг ялгаж салгаж, хэмжээгээ мэдэхгүй сархад хүртэгсдийг хурдан сэргээгч шидтэй хүйтэн, зэврүүн хуучин өрөөнд нь буцааж залсан нь дээр гэдэгт маргах энгийн ард магад олон байгаа биз.

 

Г.Мягмарсүх