Өчигдөр НИТХ-аар нийслэлийн зарим өмч болон “Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар”-ыг (ОНӨААТҮГ) хувьчлах, төсвийн тодотгол болон бусад асуудал хэлэлцэв.

Тэдгээрээсиргэдийн нэрлэж заншсанаар “Гэрлэх ёслолын ордон”, “Усан спорт сургалтын төв” “Автобус-3” Нийслэлийн өмчит үйлдвэрийн газрын (НӨҮГ) хувьчлалхамгийн том маргааныг өдөөв. МАН, “Шударга ёс” бүлгийнхэн тус байгууллагууд нь социализмын материал техникийн баазын хүрээнд баригдсан. Дээрх барилгуудыг хэн нэгэнд өгснөөр гэрлэлт зогсож, усанд орогчдын тоо буурна гэх маягийн юм ярьж эсэргүүцнэ. Харин АН-ынхан эмнэлэг, сургууль хүрэлцэхгүй, өчнөөн иргэн үр хүүхэд, өвгөд хөгшдөө алдаж байхад хэдэн минут зургаа даруулах гэж ордог гэрлэх ёслолын, хэдхэн хүн шумбадаг газар хэрэгтэй юу, эмнэлэг, сургууль хэрэгтэй юу хэмээн сөргүүлнэ. Сонирхолтой нь эрх баригч АН-аас оруулсан “Автобус-3” компанийг хувьчлах тухай асуудлыг тус компанийн захирал, НИТХ-ын төлөөлөгч Одонтунгалаг хуралд орж ирээд мэдсэн бололтой юм. Тэрээр “Би ажилчдадаа юу хэлэхээ мэдэхгүй байна” гэв. Хариуд нь нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Энэ компани ажилчдынхаа нийгмийн асуудлыг ч шийдэж чадахгүй, үйлчилгээ нь ч сайжрахгүй, хэсэг бүлэг хүмүүс ах, дүү, намынхнаа шахаж, идэх уухын үүр болсон. Нарийн юм энд яриад яахав” гэснээр энэ асуудал дахиж сөхөгдсөнгүй. Мөн хурлын албаны ажилтан гэх эмэгтэй чанга яригчаар яриагүй төлөөлөгчдийн яриаг сонсох гэж ойртсон сэтгүүлчийг “холд, цаашил” хэмээн дарга нартаа зусардав. Тус хуралдааныг UBS телевизээр шууд нэвтрүүлсэн боловч дээрх асуудлыг хэлэлцэх үеэр тасалдсан юм. Нийслэлийн мэдээллийн ажилтан Т.Баярмаа энэ бүхнийг “Бид таслаагүй телевиз нь өөрөө сумо бөх дамжуулах гээд тасалсан” хэмээн цайруулав. Өмч хувьчлалын хэлэлцүүлэг нь эхний хэлэлцүүлэг юм байна. Хоёр дахь хэлэлцүүлгээр доорхи аж ахуйн нэгж, барилгуудыг хувьчлах асуудлаар хэлэлцэнэ.

1.“Гэрлэх ёслолын ордон” ОНӨААТҮГ

2.“Усан спорт сургалтын төв” ОНӨААТҮГ

3.Баянгол дүүргийн 17 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

4.Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ионсей найрамдал” эмнэлгийн барилга

5.Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, “Автобус-3” НӨҮГ-ын барилга байгууламж

6.Хандгайтын “Цэнгэг агаар” сувилан

7.Сүхбаатар дүүргийн 16 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

8.Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Жаргалант тосгоны агуулахын барилга

9.Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

10.Шүд, эрүү, нүүрний эмгэг судлалын төвийн барилга

11.Нийслэлийн ЗДТГ-ын спорт заалны барилга

12.Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

13.Чингэлтэй дүүргийн 8 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

14.Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

15.Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

16.Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Дүүргийн Засаг даргын Тамгын газрын хуучин барилга

17.Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

18.Хан-Уул дүүргийн 6 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

19.Хан-Уул дүүргийн 7 дугаар хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

20.Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны Өрхийн эрүүл мэндийн төвийн хуучин барилга

21.Хан-Уул дүүргийн Өлзийт тосгоны дэд станц, Уурын зуухны дутуу барилга

Х.БАТТӨГС