“Эко хороолол”-ын ээдрээ буюу “Атмор”-ын дуусдаггүй хауснуудын цаана...
2015/03/17
“Эко хороолол”-ын 200 айлын амины орон сууц энэ оны II улиралд ашиглалтад орох ёстой ч одоогоор зєвхєн 24 айлын байшин барьжээ.
Одоогоос хоёр жил гаруйн өмнө Эрдэнэтэд 200 айлын хаус барих ажлаа “Атмор” компани сүр дуулиантай эхлүүлж байв. Орхон аймгийн Баян-Өндөр сумын 8А хорооллын 11 га газар барьж буй энэхүү хаусны “Эко хороолол”-ын бүтээн байгуулалт өнөө хэр дуусдаггүй, асуудал дагуулсан ажил болоодхов. Уг нь “Эко хороолол” энэ оны II улиралд ашиглалтад орох ёстой гэж байгаа. Гэтэл 200 айлын хауснаас ердөө 24 айлынх нь баригдаж, хэдхэн айл байрандаа орсон байдалтай сууж байх юм.
“Атмор” гэж халаалт, бохирын систем, цэвэр усан хангамжийн салбарт үйл ажиллагаа явуулаад нэлээд хэдэн жил болж байгаа, бас ч гэж нэр хүндтэй болсон компани гэдгийг хүмүүс мэднэ. Гэтэл энэ компани Эрдэнэт хотын “А” зэрэглэлд байрлах энэ газрыг нэлээд хэл амтай авсан байдаг. 4000-8000 айлын орон сууц барих бүрэн боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлсээр байтал 200 айлын амины орон сууц барина гэж гүрийсээр, хотын удирдлагуудаас газраа үнэгүй авч чаджээ. Ингээд шугам сүлжээний ажлыг “Атмор” консерциумын бүрэлдэхүүнд багтдаг “Монгол Дайван” компани 2.9 тэрбум төгрөгөөр гүйцэтгэсэн гэдэг. Энэ тоо бас л эргэлзээтэй. Тухайн үедээ 2.9 тэрбум гэж байсан бол өнөөдөр тав орчим тэрбумаар гүйцэтгэсэн гэх тайлбарыг өгөх болсон. Товчхондоо АИТХ-аас “Атмор” компанид үнэгүй газар өгөх шийдвэр гаргасан. Дээрээс нь Баян-Өндөр сумыг хөгжүүлэх 2.2 тэрбум төгрөгийг энэ бүтээн байгуулалтад татсан байгаа юм. Орхон аймаг, Баян-Өндөр сумын удирдлагууд ингэж л тэдний аясаар бөмбөрч, хүссэнийг нь гүйцэлдүүлжээ. Гэвч нөгөөх “Атмор” компани нь олон талын хөнгөлөлт эдэлсэн атлаа одоо 24-хөн айлын хаустай сууж байдаг. Энэ бүхний хариуцлагыг “Атмор” компани хариуцах уу, эсвэл ЗДТГ, аймгийн ИТХ хүлээх үү гэдэг асуулт зүй ёсоор тавигдаж байна.
Хоёрхон сарын дараа болох төлөвлөсөн хугацаандаа энэ олон хаусыг амжуулж барьж чадах эсэхийг тэнд ажиллаж байсан хүмүүсээс тодруулсан юм. Ажилчид нь сайхан хариулт хэлж байна. Зовлонгүй, хурдан барина гэцгээв. Тэд байшингаа эвлүүлдэг тоглоом шиг л дор нь барих юм байх. “Үлдэж байгаа хоёр давхар хаусуудыг хавтангаар барих учир иргэд байшингаа захиалаад, урьдчилгаа 30 хувиа өгөөд эхэлбэл юу юугүй бариад дуусгана” гэлээ. Хэрэв захиалга өгөхгүй бол дуусахгүй гэсэн үг болж таарав. Дуусах байтугай эхэлж ч чадахгүй бололтой. Учир нь “Атмор”-ын хауснууд хөрөнгөгүйн улмаас зогсчээ гэдгийг тэдний ярианаас ойлголоо.
Төрөөс газраа үнэгүй, төсвийн хөрөнгөөс 2.2 тэрбумыг авсан атлаа захиалга орж ирэхгүй бол хийхгүй гээд сууж байгаа нь тун ойлгомжгүй. Эхнээсээ төсөв хөрөнгөө нарийн тооцолгүйгээр аймгийн ИТХ, ЗДТГ-т хүсэлт гаргаж, нөгөөдүүл нь шууд зөвшөөрөөд шийдчихсэн нь цаанаа ямар нэг ашиг сонирхол яваад байна гэдгийг илтгэх мэт.
Хоёр жилийн өмнөхийг сөхье. “Эко хороолол” анхнаасаа л хэл амтай, бүтэлгүй эхэлсэн юм. Шинээр нэвтрүүлсэн гээд байгаа 50 см-ийн гүнд суурилагдсан “Softline” технологийн инженерийн шугам хоолой, түүний угсралтыг Монгол Улсын ямар стандартыг мөрдөж хийснийг тухайн үед мэргэжлийн байгууллага шалгасан байдаг. МХЕГ-ын Барилга, техникийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Санжмятав 2013 оны долдугаар сарын 19-нд 6/101/714 тоот дүгнэлт үйлдэж 10 зөрчил илрүүлснээ бичиж үлдээжээ. Тухайлбал, тендерт шалгарсан “Атмор” компанийн охин компани болох “Монгол Дайван” компани бичиг баримтаа шалгуулаагүй. “Жигүүр хөлөг” компанийн боловсруулсан гадна шугам сүлжээний зураг төслийг улсын экспертизийн зөвшөөрлийн эрхгүй “Эм Си Си Си” компани хийсэн... зэрэг зөрчлүүд илэрчээ. Гэвч өнөөх зөрчил нь одоо ч хэвээрээ байгаа аж. Үүнээс гадна барьж дууссан 24 хаус нь дэндүү өндөр үнэтэй гэж Эрдэнэтийнхэн шүүмжилж байна. Төрөөс газраа үнэгүй авсан атлаа м кв нь 1.2 сая төгрөгийн үнэтэй. Түүнчлэн хажууд нь дулаалга, халаалтгүй гарааш нэмж бариад долоон саяар үнэлжээ.
Дээрээс нь хаусны чанарын тал дээр Эрдэнэтийнхэн толгой сэгсэрч байна. Шинэ хаусандаа ороод анхны жил өвөлжиж байгаа ч гадаа хүйтрэх үед гэр дагаад хүйтэн байдаг. Усаа тусгай халаагуураар халаадаг учир цахилгааны мөнгө гэж сардаа дор хаяж 40-50 мянгыг төлдөг гэнэ.
Орчин үеийн шинэ технологи ашиглан хотын “А” бүсэд цэвэр агаарт баригдаж буй “Эко хороолол”-ын тухайд эрдэнэтчүүд ам муутай л байна. Ер нь Эрдэнэт хотод VII хорооллоос эхлээд хэд хэдэн бүтээн байгуулалт эхэлж байсан ч өнөөг хүртэл бүрэн дууссан нь нэг ч үгүй. Тэдний нэг нь энэхүү “Атмор”-ын “Эко хороолол” болж байх шиг. Харин аймгийн удирдлагууд тэдэнд ямар нэг шаардлага шахалт үзүүлж байгаа нь иргэдэд мэдэгддэггүй ажээ. Тиймээс нутгийн иргэд энэ асуудалтай аймгийнхаа удирдлагуудыг холбоотой хэмээн хардаж байна.
Д.ЦЭЦЭГ