Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг УИХ-ын нэгдсэн чуулганд мэдээлэл хийх үеэрээ Монгол улс дампуурлаа зарлаж мэдэх ч нөхцөл байдал үүсч мэднэ хэмээн өгүүлж байсан билээ.

Мөн БНХАУ-ын “Синхуа” агентлаг  бүр  “Монголын эдийн засаг 2017 онд дампуурна” гэж барин тавим бичиж байв.

Үүний дараа нэр бүхий УИХ-ын гишүүд ч уг дүгнэлт үнэний ортой гэж байсан нь бий. Тэгвэл УИХ-ын  Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь хэвлэлд өгсөн ярилцлагадаа:
“Нөхцөл байдал улам хүндэрч байгааг Монгол банк, Сангийн яаманд байнгын хорооны зүгээс байнга сануулж байгаа. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын дагуу Засгийн газар төлөвлөгөөгөө гарган ажиллах ёстой. Би Засгийн хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтод төлөвлөгөөгөө яаралтай баталж ирүүлэх сар бүр хийж буй ажлынхаа тайлан мэдээг цаг алдалгүй явуулж байх тухай албан бичиг хүргүүлсэн. Энэ хөтөлбөрийг хэр богино хугацаанд хэрэгжүүлж чадахаас олон зүйл шалтгаална. Монгол улс дампуурлаа зарлахад ойрхон байна. “ хэмээн албан ёсоор мэдэгдлээ.


Өөрөөр хэлбэл Монголын эрх баригчид манай улс дампуурахад ойрхон байгаа гэж дүгнээд, үүнээс гарах арга зам нь “Стэндбай” хөтөлбөр гэж дүгнэж байгаа бололтой.
Шийдлийн Засгийн газар уг хөтөлбөрт хамрагдах хүсэлтээ албан ёсоор Олон Улсын Валютын Санд хүргүүлээд буй бөгөөд уг хөтөлбөр хэрэгжвэл  манай улс өгөгдсөн зааврын дагуу олон улсын байгууллагуудын төлөөлөгчдийн хяналтын дор эдийн засгийн бодлогоо хэрэгжүүлэх юм.


Э.Мягмардорж