Монгол төр хэт данхайсан, дээр нь эдийн засаг хямарсан үед төрийн байгууллагуудын дарга нарын орлогч, дэд дарга нарын ихэнхийг цомхотголд хамруулах боллоо гэсэн. Энэ юу болсон тухай Засгийн газар олон нийтэд хүргэх цаг болжээ. 

Энэ хугацаанд хэдэн орлогч, дэдүүд халагдсан тухай тоо баримтаа ил тод болгох цаг болжээ. Зарим учир мэдэх хүн энэхүү халах асуудал нам зогссон хэмээж байна. 

Учир нь Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл гэхэд халагдах ёстой дөрвөн орогчоо цалингүй ажилуулж байгаа. Тэдгээр орлогч нар нь одоо ч ажлаа хийгээд явж байна. 

Гэхдээ цомхотгох тухай тогтоолд орчихсон нөхдүүд цалингүй, төсөл, хөтөлбөрөөс цалинжаад ажиллаад явна гэлцсэн. Энэ нь нэг хэсэг шуугиан тарьсан ч тэгэсгээд мартагдсан. 

Тэгвэл түүнээс хойш дэдүүд болон орлогч нарын халаа солионы асуудал яригдахаа байсан нь ямар учиртай бол. 

Э.Бат-Үүл даргаас дутахгүй олон орлогч нартай /2-4/ аймаг, дүүргийн засаг дарга орлогч нараа яагаа бол. 

Энэ тухайд сураг дуулах нээ, “хэрвээ манай тэрийг орлогчоос халбал чи өөрөө бас яваарай” гэсэн тулгалт шаардлага эрх баригч АН-ын фракцийн дарга нар тэр байтугай дарга нарынх нь зүгээс нэлээд сонсогдсон гэнэ. 

Ингээд л орлогч нарыг үгүй болгох Засгийн газрын шийдвэр хүч алдсан бололтой. Манайхан хийж чадахаа л хийнэ гэж амладаггүй, энийг ч тэгнэ, тэрийг ч ингэнэ гээд цээжний бангаар аваад хаячихдаг нь ийн биелэгдэхгүйд хүрдэг хэрэг. 

Ийнхүү орлогч болон дэдүүдийг халах тухай асуудал үлгэр байсан нь ойлгомжтой хэрэг болж мартагдсан нь энэ.

Г.Самбаа