Дорнод аймгийн Чойбалсан хотод гурван настай хүү гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй тохиолдол гарсан байна. Мөн энэ сарын 15-нд тус аймагт хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд хүнд гэмтжээ. Энэ талаар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтсийн дарга А.Нансалмаагаас тодрууллаа.

-Гурван настай хүү гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн тухай мэдээлэл байна. Газар дээр нь ажиллаж байгаагийн хувьд энэ талаар тодруулахгүй юу?

-Хоёр нас 10 сартай Т гэх хүү саяхан эмнэлэгт ирээд эмчлүүлээд буцсан. Хүү манай хэлтсээр үйлчлүүлдэг зорилтот бүлгийн эмэгтэйн хүүхэд юм билээ. хараа хяналт тавьдаг байсан хамаатных нь ах, эгч хоёр нь орноос унаж бэртсэн тайлбарлаад байгаа. Тэд малчин хүмүүс бөгөөд гадна мал хардаа гарчихсан байтал гэртээ ганцаараа унтаж байгаад сэрэхээрээ орноос уначихсан. Унахдаа орны доор байсан хоёр аккумляторын дундуур хөл нь орчихсон байсан гэсэн мэдээллийг өгсөн. Бид гэрт нь очсон. Хүүхдийн биеийн байдал сайн байгаа.

-Хүүхдийн биед олон тооны гэмтэл байсан гэсэн. Орноос унах төдийд тийм их гэмтэл авах уу?

-Тийм учраас бид гэр бүлийн хүчирхийлэл байж болзошгүй гэж үзэн цагдаагийн газарт шалгуулахаар хандчихсан байна. Ах, эгчийнх нь мэдүүлснээр аккумляторт хөлөө мушгиад уначихсныг мэдэхгүйгээр гутлыг нь өмсгөсөн байгаа. Тэр үед хөлнийх нь яс гэмтчихсэн байхад чихээд өмсгөснөөс ясыг нь зөрүүлээд бороолуулчихсан юм байна. Эмч нар хагалгаа хийсэн.

-Саяхан болсон хурдан морины уралдааны үеэр унаач хүүхэд хүнд гэмтсэн гэв үү?

-Аймгийн Уяачдын холбооны нэрэмжит хурдан морины уралдааны үеэр унаач хүүгийн эрхий хуруу тасарсан харамсалтай явдал болсон. Гараанаас гарах үед дохио өгөх төмөр унахдаа хүүгийн баруун гарны эрхий хурууг дарчихсан юм билээ. Хүү эмчилгээнд орсон. Манай байгууллагын зүгээс уяач болон уралдааны комиссынхныг хариуцлагад татахаар цагдаад өгөөд байна. Хүүгийн ар гэрийнхэн нь ирэхгүй байгаа.