Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 94 жилийн ойн баярыг тохиолдуулан МАХН-ын дэргэдэх Ардчилал, шударга ёс, монголын залуучуудын холбоо /АШЁМЗХ/-оос үе үеийн генерал, хурандаа нарыг хүлээж авч хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээний үеэр АШЁМЗХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Тэмүүлэнтэй ярилцлаа.

-Монгол цэргийн өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээг хэд дэх жилдээ зохион байгуулж байна вэ?

-Манай АШЁМЗХ Монгол цэргийн өдөр болон Зэвсэгт хүчний ойн баярын өдрийг тохиолдуулан ахмад дайчид, хурандаа, генералуудыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Цаашид уламжлал болгон жил бүр зохион байгуулна. Энэ удаагийн арга хэмжээнд МАХН-ын дэд дарга, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон манай АШЁМЗХ-ны тэргүүн О.Буяннэмэх нар оролцож 30 гаруй хурандаа, генералууддаа хүндэтгэл үзүүллээ.

-Арга хэмжээний үеэр Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон олон сайхан мэдээ дуулгах шиг боллоо?

-Тиймээ. Батлах хамгаалахын сайд маань энэ өдөрт ач холбогдол өгч, олон сайхан арга хэмжээг зохион байгуулж байна. Үүний нэг нь өнөөдөр болсон арга хэмжээнд хүрэлцэн ирж хурандаа генералууддаа хүндэтгэл үзүүллээ. Мөн батлан хамгаалах салбарт олон өөрчлөлт шинэчлэлт явагдаж байгаа талаар сайхан мэдээ дуулгалаа. Батлан хамгаалахын салбар алба хаагчдын нийгмийн асуудалд анхаарч ажиллаж байгааг мөн салбарын сайд Ц.Цолмон ярилаа. Мөн Хүний амьдралын тулгамдсан асуудал болоод байгаа орон сууцны асуудлыг шийдэж байгаа нь нүдээ олсон шийдвэр болжээ гэж бид талархаж хүлээн авч байна.

-Цаашдаа энэхүү хүндэтгэлийн арга хэмжээ илүү өргөн цар хүрээг хамрах болов уу гэж харагдаж байна?

-Тэгэлгүй яахав. Бид залуу хүмүүс. Цаашид хийж хэрэгжүүлэх олон ажил байна. Мөн одоо хийж эхлээд байгаа эдгээр ажлуудаа улам бүр өргөжүүлж цар хүрээг нь тэлсээр байх болно. Ер нь манай холбооны залуучууд нийгмийн бүхий л давхарга, ахмад, эмэгтэйчүүд, хүүхдүүд гээд хаана асуудал байна тэнд хүрч ажиллахыг зорьдог. Тэр утгаараа санаачилж, хийж хэрэгжүүлж эхлээд байгаа ажлууд ч олон байна. Өнөөдөр манай улсад 900 гаруй хурандаа цолтонгууд байдаг юм байна. Тэднээс 600 орчим хурандаа нь өнөөдөр энх саруул, албан үүргээ гүйцэтгэж байна. Эдгээр хурандаа нарыг төлөөлүүлж өнөөдөр 30 хурандааг хүндэтгэлийн арга хэмжээндээ оролцууллаа. Дараагийн жилүүдэд илүү олон хурандаа, генералиудыг хамруулна гэж зорьж байгаа.  Монголын төдийгүй дэлхийн хөгжлийн түүхийг бичилцсэн эдгээр хүмүүст бид хүндэтгэл үзүүлж, сургаалийг нь сонсох нь зүйн хэрэг.