Монгол улс энэ жилээс “Авьяаслаг Монголчууд”-аа тодруулахаар шалгаруулалт эхлээд байгаа. “Монгол HD” телевиз Их Британиас ийм нэвтрүүлэг хийх эрхийг авч гэрээгээ хийгээд ажлаа эхлээд явж байна. 

Тэгвэл олны дунд манай дээдсүүд дээгүүрээ бүхнийг хуваадаг юм чинь “Авьяаслаг Монголчууд” уралдаанд ч манай хэд л түрүүлэх байх гэлцэж байна. 

Ер нь манайхны хошин шогийн мэдрэмж асар өндрийг бодолцоод үзэхэд ч энэ зэргийн яриа гарахаас ч аргагүй юм. 

Дээхэн Монгол улсад ДОХ өвчин хурдацтай тархаж эхэллээ гэж яригдаж байх үед хөдөөгийн нэг малчин өвгөн “Хотод ДОХ гээч гарсан юм байх. Гэхдээ тэр ч бидэнд хүртээлтэй юм биш дээ. Манай дээдсүүд дээгүүрээ хуваагаад цохичих биз” гэсэн гэдэг. Яг үүн шиг сүүлийн үед манай дээдчүүлийн авьяас чадвар илэрсээр буй. 

Аягүй бол нөхдүүд “Авьяаслаг Монголчууд”-ын сургаар ч ийн ашилж байж мэдэх аж. Энэ удаа авьяаслаг Монголчуудад Л.Эрдэнэчимэг гишүүнийг биелгээгээр, Г.Уянгыг дуулаачаар оруулах нь нэн тэргүүний зорилт болж ч болох. 

Мөн нэгэнт л авьяас үзэж байгаа юм чинь С.Баярцогт сайдаар 20 мянган хувьсагчтай тоо бодуулж, Рио Тинтог шаг мад болговол таарна хэмээх яриа ч хүчтэй байна. Тэгэхгүй бол Монгол улс улам л хэцүүдэх нь. 

Ийм хэцүү цагт шагналын сан ч өндөртэй юм энэ уралдаанд “мөнгөгүй” ядарч буй дээдсээ оролцуулья. Нээрээ ч Монгол улсад өмнө нь авьяастнуудыг тодруулж ирсэн тэмцээнүүдийн шагналын сан энэ удаагийн “Авьяаслаг Монголчууд” шоуны ялагчид олгох 100 000 000 саяын дэргэд бутархай мөнгө байсан билээ. 

Тэгэхээр УИХ, Засгийн газар дахь авьяаслаг дээдсээ уг уралдаанд урилгаар оролцуулья. Тэд ч бас заримдаа гадаадад очоод ичиж эмээхээрээ “Хятадын Монгол” энэ тэр гээд хальтарчихдаг болохоос “биднийхээ л төлөө” яваа нь ойлгогддог. 

Ийм сайхан хүмүүстээ л энэ сайхан уралдааныхаа шагналыг олгохгүй бол болохгүй байх. Авьяас аа гэж. Наргиа байлаа гэж, "Авьяаслаг Монголчууд" маань арай уурлаагүй биз.

Г.Самбаа