“Өглөө бүхэн “шилэн данс”-ны хууль байгааг надад сануулж бай гээд өөрийнхөө туслахад хэлэх хэрэгтэй” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрийн илтгэлдээ онцолж байсан цаг саяхан. Өглөө бүхэн сануулах хэрэгтэй “Шилэн данс”-ны хууль хэрэгжиж эхлээд дөрөв дэх сарынхаа нүүрийг үзэж гэж байна. Тэгвэл www.24tsag.mn Шилэн дансны хууль хэрхэн хэрэгжиж буйг шинжилснээ “Шинжээч 24” булангаараа хүргэж байна.

Хамгийн түрүүнд байгууллага тус бүрийн цахим хаяг гэхээсээ илүү шилэн дансыг нэгтгэсэн www.shilendans.gov.mn хаягаар зочиллоо. Тус сайтын хамгийн дээд хэсэгт нэгдсэн төсвийн жил дуусахад хоног, цаг, минут, секунд хэр их үлдсэнийг тооцоолоон анхааруулж байна. Төсвийн жил дуусахад 282 хоног үлджээ. Өөрөөр хэлбэл төсөв зарцуулсан 83 хоногийн мэдээлэл Монголын ард түмэн ил тод болсон байх ёстой юм. 2015 оны гуравдугаар сарын тайланг гаргаж амжаагүй хэмээн төсөөлөхөд энэ оны эхний өдрөөс мөрдөгдөж эхэлсэн хууль ёсоор нэг, хоёрдугаар сарын шилэн данс тунгалгаар гэрэлтэж байх учиртай билээ.
Ингээд төсвийн зарцуулалтын ил тод байдлыг бий болгох замаар улсын төсөв, хөрөнгийг үр ашигтай захиран зарцуулах, түүнд олон нийт хяналт тавих боломж бүхий мэдээллийн тогтолцоо бүрдүүлэх зорилготой хууль хэрхэн хэрэгжиж буйг үзэхээр дээрх сайтад орсон байгууллага бүрийн шилэн дансаар харлаа. Шилэн дансны хуулийг

  • Ерөнхийлөгч-3+2
  • Улсын их хурал -8
  • Засгийн газар -16 яам
  • Шүүх, прокурор -3+2
  • Агентлаг – 29
  • Орон нутаг -21 аймаг
  • ТӨҮГ, ТӨК -244 буюу наад зах нь нийт 328 байгууллага хэрэгжүүлэх ёстой билээ.

Эдгээр байгууллагууд

  • Төсөв гүйцэтгэл
  • Хөрөнгө оруулалт
  • Тендер, худалдан авалт
  • Үнэт цаас
  • Байгууллага гэсэн таван үндсэн цэсэнд мэдээллээ байршуулах ёстой юм. Гэтэл Энэ таван цэсэнд шаардлагатай мэдээллийг оруулсан нэг ч байгууллага алга. Тэр бүү хэл уг хуулийг санаачилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хамгийн их хамааралтай Ерөнхийлөгчийн тамгын газар хүртэл Шилэн дансны хуулиа бүрэн хэрэгжүүлэхгүй байна.

Шилэнд дансны цахим хуудсанд хамааралтай байгууллагууд бүгд Төсөв гүйцэтгэл цэсэнд мэдээллээ байршуулсан байна. Бүгд энэ жилийн төсвийн ерөнхий задаргааг байршуулсан боловч бусад шаардлагатай мэдээллүүд болох гүйцэтгэлийн kpi, төсвийн зарлагын хэмнэлт, эрх бүхий байгууллагаас баталсан жилийн төсвийн мэдээллийг огтхон оруулаагүй байна. Харин ихэнхи нь уг цэсэнд багтсан таван саяаас дээш үнийн дүн бүхий орлого, зарлагын мөнгөн гүйлгээни мэдээллийг оруулжээ. Үүнээс гадна хөрөнгө оруулалтын тухай цэснээс зөвхөн төсвийн орлого хэсгийг зарим байгууллагууд бөглөжээ. Гэхдээ шилэн дансны багахан гэрэлтэх энэ хэсэгт нэгдүгээр сарын мэдээллээ оруулаагүй газрууд дийлэнх нь байна.


Ингэхээр 5, 10 саяас дээш үнэ бүхий худалдан авалт, тендүрийн шалгаруулалт, концессын мэдээллийн маягт, засгийн газрын дотоод, гадаад өрийн мэдээлэл, Засгийн газрын зээл тусламжийн ашиглалтын мэдээлэл, нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж төлбөр авч буй эрх бүхий этгээдийн жагсаалт, байгууллагын өмч хөрөнгөтэй холбоотой шийдвэрийн жагсаалт, хандив, тусламж, түүний зарцуулалт, орон нутгийн хөгжлийн сангийн гүйцэтгэл, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн их хэмжээний хэлцлийн талаарх мэдээллүүд хэнийх нь ч дансны цонхоор харагдахгүй үлдэж байгаа юм.


Үүнээс гадна Нээлттэй нийгэм форумаас Шилэн дансны хуулийг орон нутагт хэрхэн хэрэгжиж байгаа тухай судалжээ. Мониторингод Монгол улсын бүх аймаг, аймгийн төвийн сумд, нийслэл, дүүргийн Засаг даргын тамгын газрууд хамрагдсан байна. Тус байгууллага Шилэн дансны хуулийн дагуу нийтэд ил тод байх ёстой нийт 28 төрлийн мэдээллээс 5 төрлийн буюу 5 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй худалдан авалт, орлого, зарлагын гүйлгээ, тэрчлэн өмч хөрөнгө, өр авлага үүсгэсэн, мөнгө зарцуулсан шийдвэр, төсвийн гүйцэтгэлийн сарын мэдээ болон 10 сая төгрөгөөс дээш худалдан авалтын талаарх мэдээллийн ил тод байдалд хяналт тавьж ажилласан байна.

Судалгааны дүнгээр 1-р сард орон нутагт дээр дурдсан 5 чиглэлээр аливаа мэдээлэл олон нийтэд хүрээгүй байна.  Энэ нь 1 дүгээр сард төсвийн тодотгол хийгдсэний улмаас цалингаас бусад гүйлгээ хийгдээгүйтэй холбоотой байж болох юм. Харин 2-р сард 2015 оны төсвийн зарцуулалт эхэлсэн хэдий ч олон нийтэд мэдээлсэн гүйлгээний тоо  цөөн хэвээр хэмээн дүгнэжээ.
Ерөнхийлөгчийн өргөн барьсан энэхүү төслийн танилцуулгыг хийхдээ зөвлөх Ч.Өнөрбаяр нь шилэн стакан бариад “төсөв, байгууллагын үйл ажиллагаа яг үүн шиг тунгалаг байх ёстой” хэмээн ярьж байсан юм. Гэвч төсөв зарцуулагчид “Өглөө бүхэн “шилэн данс”-ны хууль байгааг надад сануулж бай гэж туслахууддаа хэлдэггүй нь төсөв, байгууллагын үйл ажиллагаа гэрэлтэхгүй байгаагаас харагдаж байна.


Хууль хэрэгжиж эхлээд гурван сар болоход Шилэн дансны хууль ширмэн дансны хууль болжээ.

Д.Үжин